Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

2019-03-20 17:09:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 16-нд Бээжин дэх 798 урлагийн хотхоны Ганьтаньхао буюу Анхаарлын тэмдэг урлагийн орон зайн павильонд Өвөр Монголын зураач, барималч, дизайнер Алсын уран зургийн үзэсгэлэн нээгдэж, хөдөө нутгийн төрхийг харуулсан бүтээлүүд нь олны талархлыг хүлээлээ. Энэ тухай ХОУР-гийн сурвалжлагч Сарантуяагийн ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

Нээлтийн ёслолд үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч, Хятадын уран зургийн хүрээлэнгийн албаны хүмүүс, Өвөр Монголоос хүрэлцэн ирсэн зураачдын төлөөлөл, уран зураг сонирхогч, хэвлэл мэдээллийнхэн зэрэг олон хүн оролцжээ. Бээжин дэх 798 урлагийн хотхоны Ганьтаньхао урлагийн орон зайн павильоны захирал Жан Баохуа 20 гаруй жил уран зургийн үзэсгэлэнгийн ажил эрхэлжээ. Тэрээр Алстай хамтарч ажилласан тухайгаа танилцуулсан юм: "Хятадын эх газарт 4 сая гаруй зураач байдгаас би 10 мянгыг нь анхаарч, 200 хүнд нь маш их анхаарал хандуулдаг. Энэ 200 хүнээс хамтрагчаа сонгодог. Ерөнхийдөө 200-300 мянган зураачаас нэгийг нь сонгодог гэсэн үг л дээ. Зураачид өөрийн гэсэн уран зургийн өвөрмөц хэл, хэв намбатай байх хэрэгтэй. Энэ бол бидний үзэсгэлэн гаргах урьдач нөхцөл юм. Эртнээс морь зурсан зураач олон бий. Алсын уран зураг гол нь тосон будгаар, экспрессионизмын урсгалаар монгол хүний сүр жавхаа, хээр талын уудам, морины хийморийг харуулсан, морины тухай уран зургийн шинэ амжилт гэж би хувьдаа үзэж байна. ”

Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

4-р сарын 1 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн "Талын сүнс” сэдвийн хүрээнд монгол нутгийн үзэмж, монгол адууны сүр жавхааг харуулсан 40 гаруй уран бүтээлийг үзүүлж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцохоор Өвөр Монголоос зорьж ирсэн зураач Дээчин зураач Алсын уран бүтээлийн тухай сэтгэгдлээ хуваалцсан юм: “Алсын уран зургийн үзэсгэлэнг зорьж ирлээ. Алс сайн зурдаг юм байна. Бусад хүнийхтэй адилгүй, өөр хүмүүс дүрсэлж зурдаг бол Алс өөрийн санаа бодлоороо урлан зурсан өвөрмөц онцлогтой юм. Энэ нь хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Уран зургийн ийм хэв намба гол нь төрөлхийн авьяастай нь холбоотой. Зуран зурсаар өөрийн замаа олсон гэж бодож байна.”

Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

Өвөр Монголын Улаанхад хотын Ар хорчин хошууны Алс Өвөр Монголын Багшийн их сургуулийг уран зургийн мэргэжлээр төгсөөд Хятадын орчин үеийн нөлөө бүхий зураач, барималч, дизайнер болж, "Эр хүн", "Өндөрлөгийн бүргэд", “Үүл”, “Овоо”, “Богд Чингисийн сүр хүч”, “Гурван морь”, “Наран сахиулсан” зэрэг бүтээл нь гадаад дотоодын анталогид багтан орж, Итали, Франц, Америк, Япон, Герман, Унгар зэрэг улс орны үзэсгэлэнд оролцсон. Заримыг нь эдгээр оронд хадгалж байгаа юм. 2013 онд Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн яармагт Хөх хотын цэцэрлэгийн дизайныг бүтээж, 2010 онд Азийн аварга Хурга, Цахар гэвш Лувсанцүлтэм, Хавт хасар зэрэг алдартнуудын баримлыг орон нутагт босгосон төдийгүй эзэн богд Чингис хааны баримлыг Герман, Катар зэрэг улсад бүтээж өгчээ. Уран зургийн мэргэжлээ сайн эзэмшсэнээс гадна ахуй амьдрал, түүх соёл маань уран бүтээлийн ундармал булаг болж ирлээ хэмээн Алс ярьж байлаа: Миний бодлоор монгол морь бол талын сүнс учраас энэ удаагийн үзэсгэлэндээ адууны үйл хөдлөл, өнгө будгаар дотоод сэтгэлээ илэрхийлсэн 40 гаруй бүтээл оруулж, “Талын сүнс” хэмээн нэрлэсэн юм. Морь ер нь миний урлагийн сүнс, талын сүнс юм. Суурь мэдлэгийг их сургуульд байхдаа багшаасаа сайн сурсан учраас өнөөдөр миний бүтээлд өөрийн өвөрмөц онцлог бий. Дээр нь уран бүтээлийн хувьд амьдралтай ойртох тусмаа сайн бүтээл төрөх ёстой гэж би хичээдэг, уран бүтээлчдэдээ ч ингэж зөвлөе. Амьдралаас содон бүтээл төрдөг юм.

Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

Үзэсгэлэн үзэж явсан Ян Дүншэн бол Токиогийн Аж үйлдвэрийн их сургуулийн чип судлалын доктор юм. Хятад улс бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа энэ үед технологийн судлаачид шинэ бүтээл гаргах гол үйл явцад уран зураг зэрэг урлагийн бүтээлийн дүрслэх сэтгэхүйгээс зохион бүтээх онгод олж авах ёстой хэмээн ярьсныг үргэлжлүүлэн сонсоно уу: "Хятад улс үйлдвэрлэлийн хүчирхэг улс байгуулах зорилт тавин ажиллаж байгаа энэ үед инженер, IT салбарын судлаачид чухал үе шатны шинэ амжилт гаргах шаардлагатай байна. Бидий ердийн ажил, мэдлэг боловсрол, барилга байгуулалт амжилтад хүрэх үед уран зураг зэрэг урлагийн бүтээлийн дүрслэх сэтгэхүйгээс шинэ зүйл авах шаардлагатай. Эдгээр уран бүтээлийг сонирхох замаар бид судалгааны хүрээгээ тэлэх ёстой гэж боддог. Жишээлбэл өнөөдрийн үзэсгэлэнгийн морины зургийг олон талаас, өнцөг булан бүрээс нь харж сэтгэхэд өөр өөр утга санаа гарна. Манай ирээдүйн аж үйлдвэрийн дизайн хийх, мөн чип судлах, улс орон хөгжлийн хэлбэрээ өөрчлөх үйл явцад иймэрхүү бүх талыг хамарсан гүнзгий бодож сэтгэх загвар шаардагдаж байна.”

Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

Үндэсний уран зургийн хүрээлэнгийн Хятадын урлагийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын тодорхойлох төвийн мэргэжилтэн Жү Вэньлүн: Би Өвөр Монголд олон удаа очсон. Монгол нутгийн байгалийн үзэмж, амьдрал ахуй надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ажлын шаардлагаар олон бүтээл үздэг. Үзэсгэлэнгийн уран бүтээл, нүүдлийн соёлын гайхамшгийг дэлхий дахинд харууллаа хэмээн ярьж байлаа: "Алсын хөдөө нутгийн сэдэвт эдгээр уран бүтээлд хятад зургийн зарим арга барил, өрнийн зургийн хэв намба харагдаж байна. Энэ зурагт давхих гэж буй морины булчин шөрмөсийг амьд юм шиг дүрсэлжээ. Монгол хүний уужуу тайвуу, гэнэн цагаан араншинд би дуртай. Өнөөдөр ёстой нүд нээгдлээ. ”

Алсын уран зургийн үзэсгэлэн болж байна

Ши Жиньпин дарга Өвөр Монголын ажил байдалтай танилцахдаа: Ажил эрхэлж явахдаа тэсвэр тэвчээртэй, шаргуу хөдөлмөрч, эрч хүчтэй монгол мориноос үлгэр дууриал авахыг уриалсан. Холын замд тэсвэртэй монгол морь бол миний уран бүтээлийн мөнхийн гол дүр юм. Би уран бүтээлээрээ монгол соёл урлагийг дэлхий дахинд таниулахын төлөө хичээн зүтгэнэ хэмээн Алс ярьж байлаа. Тэрээр: "Монгол морь тэсвэр хатуужилтай, ган гачиг, зовлон бэрхшээлд тэвчээртэй. Үүгээрээ монгол морь дэлхийд илүүрхэнэ гэж боддог. Заан, арслан зэрэг бусад амьтныг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан морь бол миний сэтгэлийн хамгийн хүчирхэг амьтан. Нам төрөөс ч гэсэн монгол мориноос үлгэр авч, ажиллаж амьдраарай гэсэн оюун санааны заавар гаргаж байсан. Би хөдөө нутгаас сэдэвлэж, хөдөөгийн амьдрал ахуй, зан үйл, байгалиар гол болгосон талынхаа сүнсээр дараа дараагийн уран бүтээлийнхээ мөнхийн сэдэв болгон зурахыг хичээж байна. Мөн монгол уран зургийн шилдэг бүтээлийг ертөнцийн нүдэнд дэлгэж үзүүлэх хүсэлтэй байгаа. " гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ