​Дэвшилтэт технологиор чансаатай хөгжлийг дэмжиж байна

2019-04-11 10:40:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг хурдтай өсөлтөөсөө чансаатай хөгжлийн шатанд шилжиж байна. Өвөрмөц онцлог нь гэвэл тоон өсөлтөөс чанарын хөгжлийг илүү чухалчилж, технологийн шаардлага, нэмүү өртөг багатай бүтээгдэхүүнээр гол болгож байснаас дэвшилтэт технологи, нэмүү өртөг өндөр бүтээгдэхүүний тогтолцоогоор гол болгосон, бүдүүлэг хөгжлийн хэлбэрээс байгаль орчинд ээлтэй хөгжлийн хэлбэрт шилжиж байгаа юм. Бээжин хотын хувьд чансаатай хөгжил нь орчин үеийн хотын хөгжлийн өвөрмөц онцлог болж, шинжлэх ухаан технологийн инновац Бээжин хотын чансаатай хөгжлийг дэмжих суурь болж байна.

Дэвшилтэт технологиор чансаатай хөгжлийг дэмжиж байна

Бээжингийн Жүнгуаньцүнь хотхон дахь дэвшилтэт технологийн Куанши компани 2011 онд байгуулагдаж 2018 онд компьютерын харааны хиймэл оюун ухааны дэлхийн арван том компанийн нэг болсон. Гол технологи нь харааны болон мэдрэмжийн технологитой холбоотой хиймэл оюун ухааны тооцоолох арга буюу хүний нүүр, биеийг уншуулах, гарын хөдөлгөөн, үнэмлэх, зураг дүрсийг уншуулах зэргийг тооцоолох явдал юм. Тус компанийн дэд захирал Ше Инань: Компаниа үүсгэн байгуулах үед өөрийн өвөрмөц онцлогоо харуулахын тулд компанийн хаалгаар орохоос эхлэн дэвшилтэт технологиор зэвсэглэхийг хичээсэн юм гэжээ. "Дэвшилтэт технологийн компанийн хувьд манай компанийн хаалгаар ороход бусад компани шиг карт уншуулахгүй гэдэгт бид санал нэгдсэн. Тэгээд нүүрээ уншуулж нэвтрэх бүтээгдэхүүн гаргасан. Одоо өргөн хүрээнд ашиглаж байна. Жишээлбэл Жүнгүөзүнь, Рүнкэ В блок, Олон улсын кино театр, олон банкууд энэ технологийг ашигладаг болсон. Хаалгаар орох нь зүйлсийн сүлжээний багасгасан үзэгдэл гэж хэлж болно.”

Интернет ашиглан тусгаар зүйлсийг холбож, хараа, яриаг уншуулах зэрэг хиймэл оюун ухааныг нэгтгэсэн өөрчлөлт нь зах зээлд эрс тэс хувьсгал гаргасан юм. Хэрэглэгчдэд ухаалаг дизайн нийлүүлэхээс гадна Куанши компани ухаалаг тоног төхөөрөмжүүд зохион бүтээж, уламжлалт үйлдвэрлэлтэй уялдуулан, хиймэл оюун ухааны шийдвэрлэх аргыг санал болгож байна. Ше Инань жижиг дэлгүүрээр жишээ татан, тус компанийн ухаалаг камер, ухаалаг хайрцгийг хэрэглэвэл уламжлалт дэлгүүрт хийж чаддагүй тоо баримтыг олж, ухаалаг судалгаа хийн, жижиг дэлгүүрийн хүн хүчний өртгийг бууруулах замаар ашиг орлогыг нэмэгдүүлж болно гэж тайлбарлажээ: "300-400 ам дөрвөлжин метр талбайтай дэлгүүрт нэг л төхөөрөмж суулгавал дижитал дэлгүүр болгож, өдөр бүр ямар бараа авсан, хүмүүсийн сонирхсон хугацаа, бараа бүтээгдэхүүн бүрийн цэвэр ашиг, ажилтан бүрийн бүтээсэн ашиг зэргийг системээр тодорхой тооцоолдог. Таобаогийн олон дэлгүүрийг ажиллуулахад яагаад хялбар болж байна вэ гэвэл Таобаогийн Шяо-Э булан бүрийг уншсан тоо, хүн нэг бүр хэр удаан уншсан зэргийг оновчтой бүртгэдэг. Гэвч жижиглэн худалдааны дэлгүүрийн ажилтнууд туршлагадаа үндэслэн бараагаа байршлуулдаг."

Дэвшилтэт технологиор чансаатай хөгжлийг дэмжиж байна

Хиймэл оюун ухаан хүнийг орлох биш, харин баяжуулан сайжруулдаг. Эцсийн эцэст бусад технологийн хувьсгалтай адил ажил амьдралд улам тус болж, үр ашгийг нэмэгдүүлэн, хүн төрөлхтний нийгэмд үр өгөөжөө өгнө гэж Куанши компанийхан үздэг юм. Одоо Ше Инаний яриаг үргэлжлүүлэн сонсоно уу: "Бид харааны мэдрэмжтэй холбоотой зүйлсээс хэрэглэж болохуйц бүтцийн тоо баримтыг гаргаж, үйлдвэрлэлд дахин ашиглах замаар үр ашгийг нэмэгдүүлнэ. Тиймээс бидний бүтээлч ажил бол ажил төрлийг сайжруулж, өртгийг бууруулах үйл явц юм."

Бээжингийн Жүнгуаньцүньд дэвшилтэт технологийн иймэрхүү компани олон бий. 2018 онд тус бүс дэх дэвшилтэд технологийн компани 22 мянгад хүрч, нийт орлого нь 5.8 их наяд юаньд хүрсэн нь 2017 оныхоос 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 1990-ээд оноос эхлэн Жүнгуаньцүнь "Электрон барааны хотхон"-оос Хятадын Цахиуртын хөндий болж хөгжжээ. Одоо Жүнгуаньцүн үндэсний бие даасан инновацын жишиг бүс болж, ноднин тэндхийн аж ахуйн нэгжүүдийн шинээр бүртгүүлсэн патент 86 мянга буюу 2017 оныхоос 17 хувиар нэмэгджээ. Одоо Хятадын хиймэл оюун ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын 50 хувь, үндэсний зэрэглэлийн 10 гаруй лаборатори, 400 гаруй аж ахуйн нэгж Жүнгуаньцүньд төвлөрч, суурь онол, тооцоолох арга, өндөр зэрэглэлийн чип, хэрэглээний программ, тус салбарын асуудлыг шийдвэрлэх төсөл зэргийг хамруулсан хиймэл оюун ухааны салбарын экологийн тогтолцоог бүрдүүлсэн байна. СВ Insights-аас 2018 онд гаргасан дэлхийн хиймэл оюун ухаан топ 100 компанийн жагсаалтад орсон Хятадын аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь Жүнгуаньцүньд байгаа учраас дэлхий дахинд нөлөөлөх хүчин бүхий анхан шатны хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийн инновацын төв болсон юм.

Дэвшилтэт технологиор чансаатай хөгжлийг дэмжиж байна

Жүнгуаньцүний шинжлэх ухаан техникийн Дүншэн паркт Жюцифан их өгөгдлийн мэдээллийн компани "Тоо баримтын хөрөнгийн ажил төрөл"-ийн төлөө олон жилийн турш хичээн зүтгэж байна. Тоо баримтыг хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болгох нь тус компанийн хүсэл зорилт юм. Одоогоор их өгөгдлийн хэрэглээний байдлын дизайны хувьд Жюцифан их өгөгдөл Хятадын орон нутгийн 80 гаруй захиргаатай хамтран хөрөнгө оруулж, хотын их өгөгдлийн хэрэглээ, тоо баримтын хөрөнгийн ажил төрлийн удирдах компани байгуулж, нутгийн захиргааны тоо баримтын хэрэглээний 4000 гаруй дизайныг зохион бүтээсэн байна. Компанийн дэд захирлын Лан Пэйпэй ингэж ярьсан юм. "Ноднин манай компанийн орлого 700 сая, ашиг 300 саяд хүрч, Бээжин хотод 70 саяын татвар төлсөн юм. 2000 гаруй ажилтан маань гол нь судлаачид, компьютрийн программын оюун өмчийн эрх, патент нийт 200 гаруй байгаа бөгөөд Хятадын олон нутгийн захиргаатай их өгөгдлийн 500 индэр, ажил төрөл эрхэлж байна."

Захиргааны олон тоо баримтыг цуглуулж, нэгтгэн, ашиглавал Хятадын нийгмийн засаглалыг сайжруулж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн, эдийн засгийн чансаатай хөгжлийг эрчимтэй дэмжиж чадна гэж их өгөгдлийн Жюцифан компани үздэг юм.

Дэвшилтэт технологиор чансаатай хөгжлийг дэмжиж байна

2018 онд Бээжин хотод үндэсний зэрэглэлийн дэвшилтэт технологийн аж ахуйн нэгж 25 мянга, инновац ажил төрлийн компани өдөрт 199-өөр, технологийн гэрээ байгуулсан хэмжээ 10.5 хувиар нэмэгджээ. 2018 оны эцсээр Бээжин хотын 10 мянган хүн тутамд 111.2 патент оногдож байсан бөгөөд патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээ, эрх авсан хэмжээ 13.6 ба 15.47 хувиар тус тус нэмэгджээ. "Шинийг бүтээгчид урагшилж, хүчирхэгжин, амжилтад хүрнэ" гэж Бээжин хотын зүгээс бүтээлч хөгжил, эдийн засгаа чансаатай хөгжүүлэхийн чухал арга зам болгож, дэвшилтэт технологийн хөгжилд эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, хөгжлийн индэр гаргаж өгч байна. Үүнд үйлдвэрлэлийн судалгааны бааз зэргийг байгуулан холбогдох иж бүрэн үйлчилгээ үзүүлж, технологи шинэчлэлийн бүх үйл явцыг уялдуулахыг дэмжиж байна. Засгийн газаас үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгжүүд зах зээлийн удирдах үүргээ гүйцэтгэн, энэ хоёрыг уялдуулах замаар Бээжин хотын чансаатай хөгжлийг баталгаажуулж байгаа юм. Энэ тухай Бээжин хотын дэд дарга Линь Кэчин танилцууллаа. "Дүүргүүдийн гол үйлдвэрлэлийн чиглэлийн төлөвлөгөө гаргаж, зориуд бэлтгэн, дүүрэг, паркууд гол ажилдаа хүчээ төвлөрүүлж, өвөрмөц талаа хөгжүүлэхийг дэмжиж байна. Санхүү, газар, боловсон хүчний бодлогын дэмжлэг үзүүлж, газрыг уян хатан шилжүүлэхийг дэмжин, Жүнгуаньцүний олон улсын боловсон хүчнийн тухай 20 зүйлт шинэ бодлого хэрэгжүүлж, 2300 гаруй боловсон хүчинд Бээжин хотын иргэний харьяалал өгч, дэвшилтэт тэргүүний технологийн гол гол төслийг уялдаатай хөгжүүлэх механизм байгуулан, Бензийн шинэ эрчим хүчний автомашин, нарийвчилсан техниктэй дэлгэц, нэгдсэн цахилгаан хэлхээний үйлдвэрлэл зэрэг томоохон төслийг хэрэгжүүлж байна.” Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ