​Хааны ордон Вашингтонд үзэсгэлэн гаргаж байна

2019-04-11 15:19:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 30-нд Хятадын Чин гүрний хааны ордны эмэгтэйчүүдийн амьдралаас сэдэвлэсэн "Хориотой хотод бүжих гарди: Чин гүрний хааны хатны урлаг ба амьдрал" үзэсгэлэн АНУ-ын нийслэл Вашингтон хотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Хятадын Хааны ордны музей, урлагийн Фрейр галерей, Артур М.Саклер галерей, Бостоны Пийбоди Эссекс музей хамтран зохион байгуулж, хааны ордны 165 дурсгалт зүйлсийг үзүүлж байна.

Хааны ордон Вашингтонд үзэсгэлэн гаргаж байна

30-нд тус үзэсгэлэн Вашингтоны тусгаар тогтнолын өргөн чөлөөний урлагийн Фрейр галерей, Артур М.Саклер галерейд албан ёсоор нээгджээ. Үзэсгэлэн үзэхээр ирсэн хүмүүс дурсгалт зүйлсийг ихэд гайхан сонирхож, сэтгэгдлээ хуваалцсан юм:

"Дээлүүд нь гоё юм аа. Хааны ордонд л шар өнгө хэрэглэдэг байж. Хааны ордны сүр жавхланг төсөөллөө. Энэ үзэсгэлэн ёстой сайхан бэлэг байлаа. Би энэ насандаа Хятад улсад очих боломжгүй байх аа. ”

"Үзэсгэлэн сайхан болсон, ёстой их таалагдлаа. Хятадын эртний түүхэн дэх эмэгтэйчүүд, хааны хатны урлагийн бүтээлүүдийг тэмдэглэсэн нь сайхан байна. Ховор нандин зүйлс л дээ."

"Хятадын эртний түүхэн дэх хааны хатдын тухай муухан мэддэг байсан. Энэ үзэсгэлэнг үзээд тэдний олон ёс заншлыг ойлголоо.”

"Хятад эмэгтэйчүүд ийм чухал байр суурьтайг урьд мэдээгүй байлаа. Амьдрал ахуйдаа маш олон ёс журамтай юм байна.”

Хааны ордон Вашингтонд үзэсгэлэн гаргаж байна

Энэ үзэсгэлэнг Хятадын Хааны ордны музей АНУ-ын Азийн урлагийн бүтээлийг хадгалдаг хамгийн том хоёр төвтэй хамтран зохион байгуулж, 200 орчим дурсгалт зүйлсийг үзүүлж байна. Үүнээс 165-ыг нь Бээжин дэх Хааны ордноос авчирсан нь хамгийн өргөн хүрээтэй тохиолдол боллоо. Үзэсгэлэнг гэрлэлт, төрийн үйл хэрэг, гэр бүл, ахуй амьдрал, оюун ухааны ертөнц, хааны ордны түүх гэсэн зургаан хэсэгт ангилж, гол нь Тэнгэр тэтгэгч хааны эх, хатан, Цыши хатан зэрэг Чин гүрний хааны ордны чухал байр суурьтай гурван эмэгтэйн түүх намтар, улс төр, урлаг, нийгэм, шашин шүтлэгийн байдлыг харуулсан юм.

Үзэсгэлэнг хааны ордны маягаар байрлуулж, эрдэнийн шигтгээт малгай, торгон хатгамалтай дээл, хаш эдлэл, хатгамалтай шар гутал зэрэг нь Чин гүрний хааны удмын эмэгтэйчүүдийн амьдрал ахуй, үзэл бодол, хайр сэтгэлийг үнэн мөнөөр нь харуулсан юм. Фрейр, Саклер музейн Хятадын урлагийн хэлтсийн дарга Жан Стуарт сэтгэгдлээ хуваалцаж байна. "Бид эрдэм шинжилгээ болон бүх нөөцөө ашиглан, хааны хатанд зориулж бүтээсэн, тэдний хэрэглэж байсан буюу тэдэнд үйлчилж байсан, тэдний өөрсдөө бүтээсэн бага хэмжээний урлагийн бүтээлийг судлан, амьдрал ахуй, түүх намтрыг дахин дэлгэх хүсэлтэй ажиллаж байна.”

Хааны ордон Вашингтонд үзэсгэлэн гаргаж байна

Хааны ордны музейн дэд захирал Жү Хүнвэнь: Энэ үзэсгэлэнд оролцсон эд зүйлс бүхэн сонирхолтой түүхтэй. АНУ-ын ерөнхийлөгч Трамп БНХАУ-д айлчлахдаа үзсэн Тэнгэр тэтгэгч хааны эхдээ зориулж хийсэн алтан суварга энэ үзэсгэлэнд бий. Мөн Фрейр, Саклер музей дэх Цыши хатны тосон будгийн бүх зургийг АНУ-ын зураач Касрин Карл зурсан юм. Зураач энэ зургаа АНУ-ын ерөнхийлөгч агсан Теодор Рузвельтэд бэлэглэсэн бөгөөд Рузвельт дараа нь Фрейр, Саклер музейд өгсөн. Энэ удаагийн үзэсгэлэн Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүмүүнлэгийн солилцооны чухал төсөл юм. 40 жилийн туршид Хааны ордон, Америкийн байгууллагуудтай олон агуулга, хөтөлбөрөөр хамтран ажилласаар ирлээ гэжээ. Одоо түүний яриаг үргэлжлүүлэн сонсоно уу: "1980-аад оноос хойш Хааны ордон Америкийн музей хооронд түүхэн дурсгалт зүйлсээ харилцан солилцож 20 удаа үзэсгэлэн гаргаж байна. Үүнээс гол нь Хааны ордон Америкт үзэсгэлэн зохиосон, Америкийн тал ч Хааны ордонд үзэсгэлэн зохиож байлаа. Хоёр орны эрдэмтэн судлаачид харилцан айлчилж, Яле их сургуулийн оюутнууд сүүлийн жилүүдэд Хааны ордонд ирж дадлага хийж байна. Мөн Хятад, Америк хамтран эртний барилгыг сэргээн засварлах, тухайлбал Хааны ордон, Америкийн дэлхийн барилгын өвийг хамгаалах сан хамтран Хааны ордны Тэнгэр тэтгэгчийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээн зассан юм.”

Хааны ордон Вашингтонд үзэсгэлэн гаргаж байна

Жү Хүнвэнь: Үзэсгэлэн зохион байгуулах талаар хамтран ажиллах төдийгүй ирээдүйд Хааны ордон дижитал технологи, соёлын бүтээгдэхүүн, түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах талаар хамтран судалгаа хийх зэрэг арга хэлбэрээр Хааны ордныг Америкийн иргэдэд танилцуулна гэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг 2018 оны 8-р сараас эхэлж Бостонд 6 сар гаргасан бөгөөд "Бостоны олон улсын сонин" тус үзэсгэлэнг 2018 оны урлагийн музейн түүхэн сэдэвт хамгийн сайхан үзэсгэлэнгээр шалгаруулжээ. Фрейр, Саклер музейд гаргаж буй тус үзэсгэлэн энэ оны 6-р сарын 23 хүртэл үргэлжилнэ. Сарантуяа

Хааны ордон Вашингтонд үзэсгэлэн гаргаж байна


Их уншсан

холбоотой мэдээ