Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны үр дүнг судлан ярилцах хурал болов
Казахстаны Хятад судлалын төвийн зохион байгуулсан Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын үр дүнг судлан ярилцах хурал 28-нд Казахстаны нийслэлд боллоо. БНХАУ-аас Казахстанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан Шяо, Казахстаны Гадаад харилцааны яамны олон улсын мэдээллийн комиссын дарга Т.Шаймергенов болон Казахстаны олон салбарын эрдэмтэн 100 гаруй хүн тус хуралд оролцжээ.
Жан Шяо: Бүс ба зам санаачилгыг дэвшүүлсэн 5 жил гаруйн турш, олон орон хүлээн зөвшөөрч, 150 гаруй улс орон Хятад улстай Бүс ба замыг хамтран байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Эдгээр улс орны дунд хөгжиж буй орнууд байгаа бөгөөд Итали зэрэг их долоогийн бүлгийн гишүүн орнууд байна гэжээ.
Тэрээр: Казахстан бол Бүс ба зам санаачилгыг анх дэвшүүлсэн газар бөгөөд өрнө зүгт байгуулж буй гадаадын анхны өртөө болно. Бүс бас замыг хамтдаа байгуулах нь Хятад, Казахстан хоёр орны хамтын сонголт, хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна гэжээ.
Жан Шяо: Хятад, Казахстан Бүс ба замыг хамтдаа байгуулж ихээхэн амжилтад хүрсэн юм. Хоёр тал улс төр, дэд бүтцээ холбож, худалдаа, хөрөнгө мөнгийг чөлөөтэй байлгах, ардын сэтгэлзүйг уялдуулах зэрэг талаар хүмүүсийн анхаарлыг татсан анхны амжилтад хүрсэн юм. Одоо хоёр орны хооронд нийт 27 тэрбум ам.долларын 55 хамтын ажиллагааны төсөл урагштай хэрэгжиж, ноднин 9 төсөл, энэ онд 8 төсөл ашиглалтад орж, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээх юм гэжээ.
Т.Шаймергенов: Одоо Казахстан, Хятадын хооронд иж бүрэн байнгын 5 боомт ажиллаж, үндэстэн дамнан нефть дамжуулах 5 хоолой тавигдаж, үндэстэн дамнасан 2 төмөр зам, олон улсын хилийн хамтын ажиллагааны 1 төв ажиллаж байна. Хятад, Казахстаны Лянь Юнганы ложистикийн хамтын ажиллагааны бааз, Хоргос-Зүүн хаалгын эдийн засгийн тусгай хуурай боомт, Европ-Хятад чиглэлийн хурдны авто зам, Казахстанаар дамжин өнгөрөх Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг зэрэг төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эдгээр төсөл Казахстаны транзит тээврийн хүчин чадлыг ихээр дээшлүүлсэн байна гэжээ.
Т.Шаймергенов: Бүс ба зам санаачилга бол энэ зууны хамгийн багтаамжтай олон талт санаачилга юм. Энэ санаачилгад оролцогч орнуудад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хамтдаа хөгжих боломж нээсэн байна. Холбогдох орнууд одоогийн байгаа олон улсын хэм хэмжээг баримталж, олон орны холбогдох бодлогыг хүндэтгэн хамтдаа хөгжиж худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй байдлыг ахиулах хэрэгтэй гэжээ.