​Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж

2019-05-30 15:28:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1930-40-өөд оны үед жүүдүүд дайны хөлөөс зайлж, ЗХУ болон Европоос Хятадад очиж, Харбинь, Тяньжинь, Шанхай зэрэг хотод амьдарч байжээ. 1948 онд Израиль улс байгуулагдсаны дараа тэд Израиль руу буцсан боловч Хятадад байсан дурсамжаа санан, байнга уулзаж, холбоо байгуулан хамт хятад хэл сурч байжээ. Израиль дахь Хятадад амьдарч байсан жүүдүүдийн холбоо саяхан Тел Авивт цуглан, бичсэн дуртгал, хуучин гэрэл зургуудаа гарган, дурсамжаа хуваалцсан юм. Энэ тухай ХОУР-гаас Иерусалимд суугаа сэтгүүлч Сүнь Линли мэдээлж байна.

Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж

Хятад, Израилийн найрамдлын холбоо буюу Хятад улсад амьдарч байсан жүүдүүдийн холбооны албан тасалгаа тийм том биш, хэдэн буурал тойрч суун, тус тусын гэрэл зураг, дуртгал тэмдэглэл, Хятад улсад төрсний гэрчилгээ, бага сургуулийн шалгалтын оноо зэргээ сэтгүүлчид гарган үзүүлж байлаа.

92 настай Самуел Муллер 1928 онд Тяньжиньд төрж 18 настайдаа Хятад улсаас явжээ. Хятад, Израиль дипломат харилцаа тогтоосны дараа тэрээр хоёр орны хооронд ургамлын тос оруулах, далайн ус цэвэршүүлэх зэрэг төслөөр бизнес эрхэлж байсан юм. Хятад улс миний хоёр дахь эх орон, багадаа хоёр хятад хүүтэй хөл бөмбөг тоглож, хамт хооллож, найзалж явсан. Одоо ч гэсэн Европ хоолноос илүү хятад хоол идэх дуртай хэмээн ярьж байлаа: "Би хоёр гэртэй, нэг нь Израильд, нэг нь Хятадад бий. Хятад бол миний төрсөн нутаг, тэнд би 20 шахам жил амьдарсан. Би олон Хятад хүн танина. Миний хятад найзууд хятад хоол л иддэг. Би багадаа европ хоол идэж байгаагүй, хятад хоол л иддэг байсан болохоор одоо ч гэсэн Европ хоол идэх дургүй, хятад хоолонд дуртай. ”

Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж

1940 онд Харбиньд төрсөн Жудис Сандел 1950 онд Хятадаас буцжээ. Таван настай байхад нь хөрш айлынх хүн 8, 9 настай охиноо заримдаа загнаж, унтуулахгүй гэхэд Жудисийн эмээгийн сэтгэл зовж, сэмхэн хаалгаа нээж оруулаад гэртээ хонуулдаг байсан гэж багын дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм:"Тэр хятад охин шийтгүүлж байгааг хараад эмээ минь өрөвдөж, гэртээ оруулаад бидэнтэй унтуулдаг байсан. Би хятад хэлгүй, зөвхөн оросоор ярьдаг учраас бид дохиогоор учраа олдог байлаа. Бидний хэл тэр л байсан юм. ”

Жудисийн аав 1945 онд өвчнөөр нас барахад Харбинд нутаглуулжээ. 1994 оноос хойш тэрээр 4 удаа Харбинд очиж, аавынхаа булшинд тахил өргөсөн байна: "Би юуны өмнө аавынхаа булшин дээр очиж, тахил өргөдөг. Булш нь эвдэрч хуучирсныг хараад өөрийн эрхгүй дуу тавин уйлсан. Тэдгээр булшны дундуур алхахдаа би тэдний нэрийг санасан. Өөрөө тэнд амьдарч байснаа мэдэрсэн. Энэ бол зүүд биш, би тэднийг сайн танина. Миний аав тэнд мөнх нойрссон. Аавыг минь Израилиас алс хол Хятад улсад нутаглуулсан. Би Хятад улстай ерөөл барилдлагатай хүн.”

Рүйчел Хиллелийн эцэг эх нь 1939 онд Германаас Шанхайд иржээ. Рүйчел Хиллел Шанхайд төрөөд 6 настайдаа буюу 1949 онд Израильд буцсан юм. Нацистууд Жүүдүүдийг хомроглон устгаж байсан тэр үед зөвхөн Хятад улс жүүдүүдэд хаалгаа нээж байсан гэж тэрээр ярьж байлаа. Хятад, Израиль дипломат харилцаа тогтоосны дараа Рүйчел Хиллел Хятад улсад нэг удаа аялсан, гэвч үр ач нар нь Хятад улсад очиж үзээгүй байгаа ажээ. "Тэр үед жүүдүүдийн амьдрал ахуй маш хүнд байсан. Бид Итали буюу Европын бусад оронд очихыг хүссэн боловч тэд бүгд татгалзсан. Хятад улс л жүүдүүдэд хаалгаа нээсэн. Иймээс бид Хятад улсад хайртай байдаг. Би ач нараа дагуулж Шанхайд нэг очих төлөвлөгөөтэй байгаа. Миний хоёр ач хүү надтай адилхан Рананад сууж байна. Бага ач маань ирэх сард 14 хүрнэ. Хятад улсын түүхийг ярихад их сонирхдог. Дахин дахин яриулах дуртай. Интернетээр олон мэдээлэл авсан гэсэн. Хятадын тухай нэлээд сайн мэддэг юм.”

Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж

Эдийн засгийн зөвлөх Арей-Я хэлэхдээ: Аав мань 90 гарсан. Шанхайд 23 жил амьдраад 1947 онд Хятадаас буцаж, одоо Израильд суугаа боловч Хятад улсыг огт мартдаггүй. Гэрийнх нь тавилга, хивс, гэрлийн бүрхүүл, ялангуяа урлагийн бүтээл нь бүгд Хятадынх гэжээ. Одоо түүний ярианд анхаарлаа хандуулна уу: "Аав маань Хятад улстай маш нягт холбоотой. Насаараа Хятадын тухай ярьж, хятад хоол идсэн. Хятадад болсон үйл хэргийг их сонирхдог. Урьд нь Хятадын Өдрийн сониныг захиалдаг байсан. Агаарын шуудангаар илгээдэг учраас Израильд дөрөв хоногийн дараа ирдэг боловч урамтай уншдаг. Хятадад юу болж буйг мэдэхийг хүсдэг. Компьютертой болсноос хойш интернетээр уншдаг болсон ч сонин нь чухал хэвээр. Хятад улстай холбогдсон сэжим нь юм”

Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж

Хятадад сууж байсан Израиль иргэдийн холбооны дарга Ёсси Клейн 1938 онд Харбиньд төрж, 1950 онд Израильд буцсан бөгөөд 1994 оноос хойш Хятад улсад 6 удаа очжээ. Заримдаа гэр бүлийнхнийгээ дагуулж очдог байна. Багадаа Сунгари мөрөнд сэлж байсан зэрэг маш олон сайхан дурсамж бий гэж тэрээр ярьж байлаа. Хятад, Израилийн найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгаа ч Израиль залуучууд жүүдүүдийн Хятад улсад байсан энэ түүхийг сайн мэдэхгүй байна. Хятад улс Тел Авивт Хятадын соёлын төвийг байгуулсан нь Израиль залуучууд Хятад улс болон Хятад, Израилийн найрсаг хэлхээ холбооны түүхийг ойлгоход нь тустай юм гэж тэрээр ярьж байлаа: "БНХАУ-ын Элчин сайдын яам Хятадын соёлын төв байгуулж, олон арга хэмжээ зохион байгуулж байна. Хятадад аялах Израильчууд ч улам нэмэгдэж байгаа боловч Харбиньд очих нь цөөн, аяллын багийн хөтөлбөрт байхгүй. Хятад Израилийн харилцаа маш чухал гэдгийг Израилийн засгийн газар сайн ойлгоно гэдэгт итгэлтэй байна.” Сарантуяа

Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж

Хятадад амьдарч байсан Израильчуудын дурсамж


Их уншсан

холбоотой мэдээ