​Монгол улсын үндэсний их баяр наадам эхэлж БНХАУ-ын дэд дарга Ван чишань урилаар нээлтийн ёслолд оролцов

2019-07-11 17:15:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

МУ-ын Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 7-р сарын 11-ны өдөр есөн хөлт их цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор ёслол төгөлдөр эхлэв.

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ийн дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх зэрэг МУ-ын төрийн түшээд, БНХАУ, МУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд МУ-д найрсаг айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Ван Чишань тэргүүтэй хөрш орнуудын хүндэт зочид төлөөлөгчид урилгаар 10000 гаруй наадамчны хамт наадмын нээлтийн ёслолд оролцлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга их баяр наадмын ажиллагааг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: “Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.

Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, ‘Дэлхийн соёлын өв’ хэмээн тодорхойлсон юм” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэж, есөн хөлт их цагаан туганд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлснээр Монгол төрийн их наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм.

“Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг ‘Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл’ нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулж байна” хэмээн наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий продюсероор МУСТА Б.Отгонбат хэллээ.

Энэ жил хүчит 512 бөх зодоглож, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг эрийн гурван наадам уламжлал ёсоор зохиогдох болно.

Үүнээс гадна, наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, Үндэсний соёл амралтын хүрээлэн болон нийслэлийн музейдэд урлаг соёл, сан хөмрөгийн үзэсгэлэн, шоу тоглолтууд тусгай хөтөлбөрийн дагуу зохиогдож байна.

Үндэсний их баяр наадам 3 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 7-р сарын 12-ны өдөр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол болох юм.

/Сурвалжлагч О.Дарамбазар, Г.Мөнхтунгалаг, Г.Сүрэн нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ