“Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” ушу болон тайжи тулааны урлагийн тоглолт УБ-д боллоо

2019-08-09 15:51:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв 8-р сарын 8-ны орой МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Соёлын төв өргөөнд Хятадын Хэнань мужийн Шяолиний ушу болон тайжи тулааны урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчингийн зөвлөх Ян Чиндүн, Хятадын Соёл, Аялал Жуучлалын Яамны газрын дарга Жан Шилүн, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэд захирал Н.Хасбагана, МУ-ын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан зэрэг Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, соёл, аялал жуулчлалын салбарынхан, зочид төлөөлөгчид, үзэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 500 гаруй хүн энэхүү арга хэмжээнд оролцож, тоглолтыг үзэж сонирхсон байна.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин тоглолтыг нээж үг хэллээ. Тэрээр юуны өмнө БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаа зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр орон бол сайн найз, сайн хөрш, сайн түнш юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон өндөржүүлсэн билээ. 5 жилийн турш, хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, “Бүс ба зам” санаачилга болон МУ-ын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн стратегийн холболт улам гүнзгийрч, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, хүмүүнлэгийн салбарын харилцаа, солилцоо идэвхжин, хятад хэлний хичээл сургалт хүмүүсийн сайшаалыг өргөнөөр хүлээж, соёл, урлагийн салбарын харилцан туршлага солилцох, харилцан суралцах арга хэмжээ байнга зохиогдож, хил дамнан аялан жуулчлагчдын тоо жил дараалан нэмэгдсээр байна. Хятад, Монгол хоёр орны соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа сайн сайхан үндэс суурь, өргөн уудам хэтийн төлөвтэй юм гэж тэмдэглэжээ.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож, Хятадын соёл, аялал жуулчлалын хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг Монголын ард түмэнд хүргэж, чухал түүхэн цаг мөчийг хоёр орны ард иргэд хамтдаа тэмдэглэж байна. Өнөөдөр, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд Хятад, Монгол хоёр орны аялал жуулчлалын бизнесийн уулзалт зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Энэ нь Хоёр орны аялал жуулчлалын салбарын хөгжилд амьжиргааны шинэ хүч сэлбэхийг хүсэж байна гэж тэрээр илэрхийллээ.

МУ-ын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр “Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд тохиолдуулан, харилцан соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар талууд идэвхтэй ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ оройн арга хэмжээ юм. Манай хоёр улсын хооронд соёл, урлагийн салбарт байгуулсан хамтын ажиллагааны бичиг баримтын хүрээнд, харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлж, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд, 2019 онд МУ-ын соёлын өдөрлөгийг БНХАУ-н нийслэл Бээжин хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Бидний зүгээс Монголын кино өдөрлөг, үндэсний урлагийн тоглолт, нэн ховор үзмэрийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ үдшийн арга хэмжээ нь хоёр орны соёл, аялал жуулчлалын сурталчилгаа болно гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэв.

Тоглолтын үеэр, Хятадын Соёл, Аялал Жуучлалын Яамны газрын дарга Жан Шилүн МУ-ын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаярт, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй МУ-ын БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр нарт тус тус дурсгалын бэлэг гардуулсан байна.

“Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” ушу болон тайжи тулааны урлагийн тоглолт нь “Хэнань мужийн Шяолинь хийдийн ушугийн нударган тулаан ” түүхэн үүслээр эхэлж, дасгал сургуулилт болон усан будаг мэт уяан хатан тайжигийн хөдөлгөөн зэрэг гайхамшигтай содон үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэлээ.

Үзэгчдийн дундаас азтан шалгаруулсан явдал нь энэ тоглолтын бас нэгэн онцлог байлаа. Үүнд супер шагналын эзнээр Б.Мөнхтуул тодорч, Бээжин хотод 3 хоног аялах эрхийн бичгийг авч, 2 болон 3-р байранд тодорсон азтан Huawei брендын гар утас, ухаалаг цагийн бэлэг хүртжээ.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Э.Саруулчимэг нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ