Германы эртний Кроначи хотын шинэ боломж

2019-08-13 17:50:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Та бүхний зарим нь Германы Кронач хотын нэрийг сонсож байгаагүй байх. Харин ойрын жилүүдэд мянган оны түүхтэй энэ эртний хот Хятад улстай багагүй харилцаатай болжээ. Тодруулбал, тус хотын аялал жуулчлалын газруудад хятад хэлний тайлбартай хөтөч түрээслэх, тэнд үйлдвэрлэсэн шоколад Хятадын цахим худалдааны индрээр зарагдах болсон юм. Одоо эрчтэй хөгжиж, нээлттэй бодлого хэрэгжүүлж буй Хятад улстай Германы энэ жижиг суурин гүн зузаан харилцаатай болоод байна.

Хятад хэлээр үйлчилгээ үзүүлэх төслийг санаачлагч тал, орон нутгийн олон нийтэд үйлчлэх Кроначийн "Арслан" нийгэмлэгийн төлөөлөгч Карол Ж.Хурек танилцуулахдаа: Кроначид аялж буй жуулчдад хотынхоо түүх соёл, үйл хэргийг илүү нарийн, бүх талаар танилцуулахын тулд манай нийгэмлэг 2010 онд герман, англи, франц, хятад дөрвөн хэлний цаг гучин минутын тайлбартай жуулчны хөтөч программ бүтээсэн юм гэжээ.

"Анх эхлээд л шуугиан тарьсан. Манай Кронач хотод танигдаад зогсохгүй Баварын сонинд ч жуулчдад хятад хэлээр үйлчилж байгаа тухай мэдээлж байлаа. Кроначид аялж ирдэг Хятад жуулчид шинэ зүйлийг ихэд сонирхон, нээлттэй хүлээж авдаг. Тэд зүгээр зугаалж цагаа үрэх биш, суралцахыг илүүд үзэж, Герман болон Европын соёлтой илүү гүнзгий танилцахыг хүсдэгийг бид мэдэрсэн."

Энэ хотыг сэргэн мандалтын үеийн төлөөлөгч, зураач Лукас Кроначийн нэрээр нэрлэжээ. Тэр энэ хотод 1472 онд төрсөн юм. Тиймээс Хятадын уран бүтээлч, зураачдын Герман дахь айлчлалын гол цэг болж, уран зургаар сурдаг хүүхэд залуусын солилцооны багууд жил бүр тус нутагт соёлын цуврал үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна.

Кроначийн хотын Аялал жуулчлалын газрын дарга доктор Керстин Лоу сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Кроначид аялж буй жуулчдын ихэнх нь герман хэлт орнууд болон Европын орнуудын жуулчид байгаа ч Хятадын аялал жуулчлалын салбар ойрын жилүүдэд хурдтай хөгжиж буйн улмаас Кроначи, Хятадын эдийн засаг, худалдааны харилцаа, хүмүүнлэгийн солилцоо гүнзгийрч, Кронач хот олон улсын аялал жуулчлалын зах зээлийг идэвхтэй хөгжүүлэхийн хэрээр Хятад болон бусад орны жуулчид, урлаг судлаачдын анхаарлыг ихэд татаж байна гэжээ.

"Хятадын жуулчидтай ярилцах явцад бид Хятадын соёлтой бага ч гэсэн танилцаж байна. Хятад, Германы түүх соёл өөр өөр ч гэсэн, танилцсаны дараа харилцан ойлгож, харилцан суралцаж, бидний нөхөрлөл улам бэхжиж байна. Хятад улстай аялал жуулчлалын талаар хийх бидний солилцоо, хамтын ажиллагаа хүүхэд залууст төвлөрч байгаа юм."

Эх сурвалжаас үзвэл, жил бүр Хятадын хүүхэд залуучуудын солилцооны хоёр гурван баг тухайн нутагтай танилцаж, энэ хугацаандаа уран зургийн багш нарын хичээл, урлагийн форум зэрэгт оролцохоос гадна шоколадын үйлдвэртэй танилцан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өөрсдөө оролцох нь хөтөлбөрийн нэг хэсэг болж, уламжлал болон тогтжээ. Бавари мужийн хойд хэсэгт алдартай хүнсний бүтээгдэхүүн болох самартай шоколадыг зөвхөн Кронач дахь амттан үйлдвэрлэгч Лауенштейн компани үйлдвэрлэдэг байна. Компанийн борлуулалтын менежер Максимилиан Кауб: Бид 2017 оноос эхлэн Хятадын түншүүдтэйгээ холбоо тогтоосон ч Хятадын зах зээлийн асар их цар хүрээ, нөөц нь биднийг хилийн чанад дахь маркетингаа Хятадад байрлуулахад хүргэсэн гэжээ.

Тэрээр: БНХАУ байгуулагдсан 70 жилийн турших ололт амжилт, хөгжлийг бид нүдээр үзэж байна. Урьд нь хөлөө олсон томоохон аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд нэвтэрдэг байсан. Лауенштейн мэтийн 100 гаруй ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгжүүд Хятадтай харилцаа тогтоож чаддаггүй байсан юм. Харин одоо байдал өөрчлөгдсөн гэжээ.

"Хятадын цахим худалдаа гайхамшигтай түргэн хөгжиж байна. Уламжлалт борлуулалтаас гадна манай Хятад дахь борлуулалтын ихэнх хэсгийг цахим худалдаа эзэлдэг. Одоо бид хуримын ойд зориулсан шокалад туршин үйлдвэрлэж байгаа. Үүнийгээ мөн л цахим худалдаагаар зарна. Хятадын хөгжил эрчтэй, зах зээл нь асар том, шинэ шинэ өөрчлөлт их гарч байна. 70 жилийн хөгжлийн явцад хаагдмал байснаас нээлттэй болж, Хятадын ард түмэн бүгд баяжиж байна. Дурдууштай нэг зүйл гэвэл Хятад улс одоо цахим худалдаа, жижиглэн худалдаа, нарийн технологи гээд олон салбарт удирдах үүрэг гүйцэтгэж байна."

2006 онд зохион байгуулж эхэлсэн Кроначийн олон улсын гэрэлтүүлгийн дизайны томоохон наадам бол тус хотын иргэд өөрсдөө зохион байгуулж буй олон нийтийн төсөл бөгөөд Бавари муждаа нөлөө бүхий том наадам болж, барилгын аж ахуйн нэгж, байгууллага, гэрэлтүүлгийн дизайнер, их дээд сургуулийн холбогдох салбарын оюутан сурагчид өөрсдийн зохион бүтээсэн бүтээлээрээ наадамд жил бүр тогтмол оролцож байна. Хоёр жилийн өмнөөс эхлэн Хятадын сурагчдыг гэрэлтүүлгийн наадамд урьж оролцуулсан Хартмут Неннингер бол тэтгэвэртээ гарсан цагдаа юм. Урьд нь Азийн орнуудад очиж байгаагүй тэрээр нэгэн цагт түмэн бээрийн цаадтайх Хятад улстай холбоо тогтооно гэж ер бодоогүй явжээ. Тэрээр Кроначи ба Хятадын харилцааны тухай ярихдаа сэтгэл өндөр байлаа.

"Даяаршиж буй өнөө үед эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн солилцоо нь Герман, Хятад хоёр улсын хувьд дутаж болохгүй. Ямар нэгэн улс орон, бүс нутаг хаагдмал байдалд хөгжинө гэж байхгүй. Кроначи хотод ердөө 70 мянган хүн амьдардаг ч гэсэн маш олон аж ахуйн нэгж Хятад улсад үйл ажиллагаа явуулж, Хятадад компани байгуулсан. 20 жилийн өмнө энэ бол мөрөөдөл төдий байлаа. Хятад улс өнгөрсөн хэдэн арван жилд дэлхийг гайхшруулсан амжилтад хүрсэн. Энэ хөгжлийн эрч цаашид сулрахгүй, үргэлжилнэ гэж бодож байна. Өнөөгийн нөхцөлд Герман болон Хятад улс, цаашлаад дэлхийн олон орон өөрсдийн соёлыг ойлгосны үндсэн дээр харилцан ашигтай, харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай юм."

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ