Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн соёлын цуврал арга хэмжээний нээлтийн ажиллагаа Улаанбаатар хотод боллоо

2019-09-02 19:09:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятадаас МУ-д суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны хамтран зохион байгуулж буй “Хятад улсыг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотноо боллоо.

Тус арга хэмжээнд ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дэд дарга Жян Жяньгүө, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дарга Бай Юйган, МУ-ын БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан зэрэг хоёр орны өндөр дээд албаны хүмүүс оролцсон ёслол төгөлдөр арга хэмжээ боллоо.

Соёлын цуврал арга хэмжээг нээж, ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн дэд дарга Жян Жяньгүө үг хэлэв. Тэрээр: Энд хуран цугласан та бүхний амар амгаланг айлтгахын ялдамд, “Хятад орныг танин мэдэх”-Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд энэ оны 4-р сард МУ-ын ерөнхийлөгч Х. Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, Ши Жиньпин даргатай хүмүүнлэгийн салбарт олон арга хэмжээ зохион байгуулах тухай санаачлага гаргасан ба үүнд өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь хоёр орны төрийн тэргүүн нарын хамтын ажиллагааг тодотгож байгаа бодит үйл хэрэг юм гэлээ.

2014 онд Ши Жиньпин дарга МУ-д төрийн айлчлал хийж, хүмүүнлэгийн салбарт олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон ба үүний үр дүнд кино урлагийн салбарт “Гурван улсын үлгэр”, “Амьдралын нахиа” зэрэг олон арван уран бүтээл телевизээр үзэгчдийн хүртээл болж, Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоогоор дамжин, итгэл, сэтгэлээ ойлголцож байна гэж тэрээр онцолжээ.

МУ-ын БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа соёлын арга хэмжээний нээлтийг тохиолдуулан, МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд, аливаа улс орны соёл тухайн улс үндэстний бахархал байдаг билээ. Монгол, Хятад хоёр улс түүх соёлын он удаан жилийн харилцаа холбоотой. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, соёлын олон талт ажил зохион байгуулж байгаагийн нэгэн томоохон арга хэмжээ бол энэхүү үйл ажиллагаа бөгөөд тус арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаад баяртай байна. МУ, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд, 2009 оноос хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, кино, гар урлал, урлагийн тоглолт, ном хэвлэл зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монголын ард түмний таалалд нийцнэ гэж итгэж байна. Цаашид хоёр орны түүх, өв соёл, урлагийн үнэт зүйлийг ард түмэнд таниулах, уламжлуулах, хадгалах, хамгаалах, хүн төрөлхтний сонорт хүргэх соёлын олон төрөл зүйлийг дэмжих, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ажиллаж байгаа соёлын салбарын ажилтан, уран бүтээлч, хувь хүн, байгууллага бүрийг МУ-ын Засгийн газар дэмжин ажиллах болно гэж илэрхийлэв.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийж, Хятад Монголын харилцаа стратегийн өндөр дээд төвшинд хүрсэн. Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-наас соёлын үзэсгэлэн, урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, аялал жуулчлалын сурталчилгаа зэрэг 20 гаруй арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Улаанцав хот, Хөх хотын уран бүтээлчид оролцож байгаас гадна, энэхүү үзэсгэлэнг хоёр улсын Засгийн газар дэмжиж байгаагаараа онцлог юм гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: Монгол, Хятад хоёр орон харилцан бие биенийхээ гадаад дотоод бодлогод хүндэтгэлтэй хандаж, харилцан үр ашигтай хамтын үйл ажиллагаагаа улам хөгжүүлсэн, 70 жилийн дипломат харилцааны он жилүүдийг өнгөрүүлсэн баялаг түүхтэй хоёр орон. Өнгөрсөн жилүүдэд манай хоёр орны ард түмний найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөн ба ялангуяа соёлын үйл ажиллагаа 5 жилийн хугацаанд 2 орны төрийн тэргүүн нарын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурсны хүрээнд үйл ажиллагаа улам өргөжиж хамтын ажиллагаа эрчимтэй урагшилж, шинэ шатанд гарч байгаа гэж үзэж байна. Иж бүрэн түншлэлийн хүрээнд орон нутаг, хотуудын хамтын ажиллагаа нь зэрэгцэн улам хөгжиж байгааг дурдах нь зүйтэй гэлээ.

Тэрээр: Энэхүү соёлын чухал арга хэмжээгээр дамжуулж 2 орны ард түмний харилцан ойлголтыг сайжруулж, нөхөрлөлийг зузаатгаж, Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой юм гэж тэмдэглээд, Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжинь, Хөх хот зэрэг хотуудтай 1992 оноос ах, дүүгийн харилцаатай хамтран ажиллаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд харилцан соёлын өдөрлөгүүдийг зохион байгуулж ард түмний ёс заншил, өв уламжлал, түүхээ харилцан солилцдог мөн танилцуулдаг уламжлал тогтсон байна. Хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд хөгжиж та бидний ирээдүйн хамтын ажиллагаа амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна гэж илэрхийлжээ.

“Хятад орныг танин мэдэх”-Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ 8 сарын 30 өдрөөс 9 сарын 5 өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 20 гаруй арга хэмжээг зохион байгуулах юм байна.

/Сурвалжлагч О.Дарамбазар, Ш. Цэрэнпил, Э.Саруулчимэг нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ