​"70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

2019-09-17 09:39:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ, МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хятадын Төв Телевиз/CCTV/-ийн монгол сүлжээ, "Монголын гэрэл зураг, мэдээлэл" сэтгүүл, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Эвлэлийн хамтран зохион байгуулсан “70 агшин-70 түүх” гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хот дахь "Блю Мон" арт галерейд нээгдлээ.

МУ-аас БНХАУ-д суух Элчин сайд асан Г.Батсүх, МУ-ын Харилцаа Холбооны Яамны сайд асан Б.Баатар, ардын жүжигчин Б.Зангад, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар, жүжигчин Р.Анхням зэрэг төр, нийгэм, урлаг, соёлын алдартнууд, хоёр орны зочид, төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцжээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж, МУ-аас БНХАУ-д суух элчин сайд асан Г.Батсүх хэлсэн үгэндээ: Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа соёлын харилцаанд тэмдэглүүштэй үйл явдал өнөөдөр болж байна. Гэрэл зураг гэдэг хэзээ ч үл балрах түүхэн баримт бичиг бөгөөд "70 агшин-70 түүх" гэж онож нэрлэсэн нэртэй. Энэхүү түүхт үзэсгэлэнг Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Эвлэл, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, БНХАУ-ын Төв Телевизийн монгол сүлжээ, Монгол, Хятадын Найрамдалын Нийгэмлэг хамтран үзүүлж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, МУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэ үзэсгэлэнг гаргаж буйгаараа онцлог юм гэжээ.

БНХАУ-ын Төв Телевизийн монгол сүлжээний төлөөлөгч Б.Занданхүү: БНХАУ-ын Төв Телевиз/CCTV/-ийн монгол сүлжээ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоотой хамтран, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргаж байна. Энэ гэрэл зургууд Төв Телевизийн монгол сүлжээний вебсайт, фэйсбүүк хуудсанд 7 сар үргэлжилсэн фото тааварт орсон зургууд юм гэлээ.

БНХАУ-ын Төв Телевизийн монгол сүлжээ, "Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, Монголын Гэрэл Зурагчдийн Нэгдсэн Эвлэлийн хамтран зохион байгуулсан "70 агшин-70 түүх" гэрэл зургийн тааварт уралдаан 7 сар үргэлжилж, уралдааны ялагч 7 хүн Huawei брэндийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварын гар утасны эзэн болсон билээ. Энэ уралдааны ялагчдын нэг, сэтгүүлч, зохиолч Б.Цоожчулуунцэцэг: Хоёр тал хамтарч маш их хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийснийг энэ уралдаанд оролцож байхдаа мэдэж авлаа. Өөрийнхөө хэмжээнд түүх, танин мэдэхүйн мэдлэгээ дэлгэрүүлэхийг зорьж, энэ уралдаанд орсон юм хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэм болгосон гэрэл зургийн энэ үзэсгэлэн хоёр орны төр засгийн тэргүүн нарын айлчлал, улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, худалдааны харилцаа, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, бүтээн байгуулалт, барилга, хүмүүнлэгийн харилцааг харуулсан 70 зургийг сонгон үзүүлж байна. Тус үзэсгэлэн хоёр орны найрамдалт харилцаа, хоёр орны түүхийн талаарх хүүхэд залуусын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж нээлтийн үеэр зохион байгуулагч талынхан онцолсон юм.

"70 агшин-70 түүх” гэрэл зургийн энэ үзэсгэлэн 9 дүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.


/Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Батзаяа, Б.Ганболд нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ