​"Гүүрэн гарц"-ын хөдөлгөөнийг албан ёсоор нээв

2019-09-17 10:25:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Засгийн газраас МУ-ын Засгийн газарт олгосон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Хятадын Төмөр Замын 20-р Товчоо Корпорацын хэрэгжүүлж буй МУ-ын хамгийн том гүүрэн гарц болох "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц"-ын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 16-нд албан ёсоор нээлээ.

Нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн зэрэг Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын өндөр албаны хүмүүс, хоёр орны холбогдох компаниудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ёслолыг нээж хэлсэн үгэндээ: 2018 оны 4 дүгээр сард эхлүүлсэн олон түвшний огтлолцолтой зам гүүрийн үндсэн ажлыг дуусгаж, эхний ээлжинд шинэ гүүрийн үндсэн хөдөлгөөнийг нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр, Яамрмагийн гүүрийн өмнө түвшний огтлолцолд Баянзүрх дүүргийн 4 эгнээтэй гүүр, Сонсголонгийн 4 эгнээ гүүр, төмөр зам, нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих, Налайхын чиглэлийн 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд нийт 26.7 км авто зам, 3 км гаруй гүүрэн байгууламжийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна гэжээ. Тэрээр энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаатай уралдаж, гүйцэтгэх ажилд оролцсон ерөнхий гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх үйлчилгээний компани, туслан гүйцэтгэгч компанид нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлжээ.

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны хамт олонд юуны өмнө талархал илэрхийлж, МУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр, "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөнийг нээж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр: Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс 5 жилийн амьдралынхаа 1 жилийг машин дотор өнгөрүүлж байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол замын түгжрэлтэй холбоотой. Улаанбаатар одоо том хот болон хөгжиж, анх барьж байгуулахад, 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн энэ хотод одоо 1.5 сая хүн амьдарч байна. Хотын бүтээн байгуулалтыг дагаад, агаар, орчны бохирдол, замын түгжрэл зэрэг нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг шийдэхэд энэ гүүр, авто замын ажил багагүй их тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна гэжээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөнийг нээсэнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ныхаа өмнөөс халуун баяр хүргэлээ.

Тэрээр: Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой, мөн Ши Жиньпин дарга МУ-д айлчилж хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосныг тунхагласны 5 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ чухал жил, хоёр орны удирдагчдын харилцан айлчлал олширч, чухал чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Монголын харилцааны хөгжлийн чигийг заасан юм. Энэ баярт жил, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа ч баялаг үр дүнд хүрч, хамтын ажиллагааны чухал том төслүүд удаа дараалан хэрэгжиж байна гэж онцолжээ.

Энэ он гарснаас хойш, Хятадын талын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр, МУ-д Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийн Төв, хурдны авто зам, аймаг хоорондын авто зам, давхар гүүр, хөдөө аж ахуйн машин техник зэрэг өндөр стандарт бүхий орчин үеийн олон барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Хятад улсын тусламжтайгаар МУ-д хэрэгжүүлэх “Боомтын барилга, байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн шав тавих ёслол өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд хотод боллоо. Туул голын дээгүүр төмөр бетон хийцтэй гүүр тавих, Улаанбаатар-Мандалговь хоорондын цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг барилга байгуулалтын ажил удахгүй дуусах юм.

Шин Хаймин: Хятадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж буй “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц” бол Улаанбаатар хотын хамгийн том давхар гүүр юм. Үүнийг барьж байгуулснаар төмөр замаас хотын замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөөг үр ашигтай багасгаж, замын хөдөлгөөний түгжрэлийг намжаан, оршин суугчдын зорчиход дөхөм болох төдийгүй, Улаанбаатар хотын авто замын бүтээн байгуулалтын орчин үежих үйл явцыг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш, Хятадын Төмөр Замын 20-р товчоо корпорац байгаль орчны хамгаалалтын тухай Хятадын тэргүүний үзэл ойлголт, барилга байгуулалтын туршлага, технологийг бүтээн байгуулалтын ажилд бүрэн ашиглаж, “Хятадын стандарт”-ыг гол үндэслэл болгон, технологийн үзүүлэлтийн хүрээ түвшинд нэвтрүүлэн хэрэгжүүлсэн байна.

Энэхүү гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээснээр, Улаанбаатар хотын оршин суугчдын автомашинаар зорчих цагийг ихээр хэмнэж, авто замын гол уулзварын ачааллыг бууруулан, орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгөх юм.


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ