Сүрьеэ өвчнөөс сэргийлэн эмчлэх үйлст дэмжлэг туслалцаа үзүүлэв

2019-09-19 10:37:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 18-нд, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин МУ-ын сүрьеэ өвчнөөс сэргийлэн эмчлэх үйлсийн төлөөх "Энхрий-Эрдэнэ" сангийнхантай уулзаж, ЭСЯ-ныхаа нэрийн өмнөөс тус санд 100 мянган юань хандивлажээ. Уулзалтад БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Гао Фэн-Ин, "Энхрий-Эрдэнэ" сангийн ерөнхийлөгч, "Дэлхийн мисс-2018" тэмцээний "Шилдэг-20"-д шалгарсан Монголын үндэсний ялагч Э.Энхриймаа, МУ-ын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн албаны хүмүүс оролцсон байна.

Уулзалтын үеэр, Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр хаяа нийлэн оршдог найрсаг сайн хөрш, хоёр ард түмэн гүн зузаан уламжлалт найрамдалтай билээ. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой, Ши Жиньпин дарга МУ-д амжилттай айлчилж, хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 5 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ боломж тохиож байна. Эм эмнэлэг, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцолд чухал ач холбогдолтой юм. Сүрьеэ өвчнөөс сэргийлэн эмчлэх салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа улам олон өвчтөнд ач тусаа өгч, ард иргэдийн аз жаргалыг нэмэгдүүлэн, хоёр орны ард иргэдийн санаа сэтгэлийг улам ойртуулж, хоёр талын найрамдлын шинэ үлгэр жишээ болохыг хүсэж байна гэж тэмдэглэлээ.

Хятад улс эргэн тойрны улс орнууддаа “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” дипломат үзэл баримтлал хэрэгжүүлж, МУ-ын ард иргэдийн эрүүл мэнд, аз жаргалт амьдралд сэтгэл тавьж, МУ-ын эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлст боломжийн хирээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн юм. “Эрхий-Эрдэнэ” сан байгуулагдсанаас хойш, МУ-ын сүрьеэ өвчнөөс сэргийлэн эмчлэх үйлст идэвхтэй оролцон, их олон үр дүнтэй ажил хийж, МУ-ын Засгийн газар, ард иргэдийн зүгээс өндөр үнэлгээ авчээ. Саяхан та нар Хятад улсад айлчлан, Хятадын ажил нэгт байгууллагуудтай найрсаг солилцоо хийж, бие биеийн туршлагаасаа харилцан суралцаж, Хятад, Монгол хоёр орны эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд түлхэц өглөө. Олон нийтийн ашгийн төлөө хүчин зүтгэж буй та нараар бахархан, МУ-ын ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ гүүр холбоосын үүргээ биелүүлж, Хятад, Монгол хоёр орны эм эмнэлэг, олон нийтийн эрх ашгийн төлөөх байгууллагууд хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг идэвхтэй дэмжин ажиллана гэдгээ тэрээр илэрхийллээ.

"Энхрий-Эрдэнэ" сангийн ерөнхийлөгч Э.Энхриймаа: урт удаан хугацааны турш, сүрьеэ өвчин МУ-ын олон өвчтөнийг тарлаан зовоож, олон гэр бүлийг ядууруулсан юм. 2018 онд МУ-аа төлөөлөн "Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцсоныхоо дараа, би олон нийтийн эрх ашгийн төлөөх үйлст гар бие оролцож, МУ-ын ард иргэдэд сүрьеэ өвчнөөс сэргийлэх мэдлэгийг дэлгэрүүлэн, ядуу амьдралтай өвчтөнд туслахын төлөө, “Энхрий-Эрдэнэ” санг санаачлан байгуулсан юм гэжээ.

Сүрьеэ өвчнөөс сэргийлэн эмчлэх салбарт Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилт гаргалаа. Хятад улсын холбогдох туршлагаас МУ суралцууштай юм. Саяхан манай сангийнхан болон МУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд Хятад улсад очиж, ажил төрлийн солилцоо хийж, Хятад улсын Өвчин Эмгэгийн Хяналтын Төв, Сүрьеэ Өвчний Лаборатори зэрэг байгууллагын ажил байдалтай танилцлаа. Хятадын мэргэжилтнүүд биднийг халуун дотноор хүлээн авч, ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, бид их зүйлийг сурч мэдсэн гэж тэрээр илэрхийлжээ.

Э.Энхриймаа: Хятад бол МУ-ын хамгийн чухал хөрш, урт хугацааны турш, Хятадын талаас Монголын хөгжилд үлэмж их дэмжлэг туслалцаа үзүүлж ирснийг МУ-ын ард иргэд ямагт санаж явдаг. Энэ оны эхээр Элчин сайд та манай санд биечлэн очиж дэмжлэг туслалцаа үзүүлж байсан, өнөөдөр мөн бидэнд хандив өгч, МУ-ын сүрьеэ өвчнөөс сэргийлэн эмчлэх үйлсийг дэмжиж байгаад ихэд талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, Хятад найз нарын халуун дотно мэндчилгээг өвчтөн болгонд уламжлана гэдгээ илэрхийлье. Манай сан та бүхний хүсэл найдварыг биелүүлж, олон нийтийн эрх ашгийн төлөөх үйлсээ цаашид улам эрчимжүүлж, Монгол, Хятадын найрамдлыг идэвхтэй ухуулан сурталчилж, энэ үйлст хувь нэмрээ оруулна гэжээ.

Уулзалт дээр, Улс төрийн зөвлөх Гао Фэн-Ин ЭСЯ-аа төлөөлөн, “Энхрий-Эрдэнэ” сангийн ерөнхийлөгч Э.Энхриймаатай хандивын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Уулзалт өндөрлөсний дараа, Элчин сайд Шин Хаймин Хятад улсаас МУ-ын эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хөгжилд үзүүлж буй тусламж, хоёр орны холбогдох салбарын хамтын ажиллагааны асуудалтай холбогдуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ