Ши Жиньпин Макронтай утсаар ярив

2019-10-16 10:09:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар түүнтэй утсаар ярьжээ.

Макрон БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойн үеэр халуун дотно баярын захиа ирүүлсэнд Ши Жиньпин дарга талархал илэрхийлээд: Францын засгийн газар, ард түмэн Хятадын бүтээн байгуулалт хөгжилд тусламж дэмжлэг үзүүлсэн юм. Хятад улсын хөгжил дэлхий дахинтай салшгүй холбоотой, дэлхий дахинд ч Хятад улсын хөгжил хэрэгтэй юм. Хятад улс харилцан ашигтай хамтдаа ашиг олох нээлттэй стратегиа үргэлжлэн баримталж, Франц зэрэг дэлхийн ард түмэнтэй хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах болно гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Франц дипломат харилцаа тогтоосон 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ оны 3-р сард би таны урилгаар Франц улсад төрийн айлчлал хийж, тантай хамт хоёр орны харилцааны шинэ хуудсыг сөхсөн билээ. Хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжиж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын бүтээлч хамтын ажиллагаа шинэ амжилтад хүрч, олон улсын үйл хэрэгт хэлхээ холбоо, зохицуулалт улам үр ашигтай боллоо. Би тантай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг улам өндөр үр бүтээлтэй болгож, олон талт үзлийг хамгаалан, ганц талт үзлийг эсэргүүцэж, нээлттэй дэлхийн эдийн засгийг дэмжин, дэлхийн чанартай өрсөлдөөнийг хамтдаа зохицуулахад бэлэн байна. Францын талын Парисын энх тайвны II форумыг зохион байгуулахыг Хятадын тал идэвхтэй дэмжих болно. Францын зочин орны хувиар Хятадын импортын II экспод оролцохыг сайшааж байна гэжээ.

Макрон: БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд дахин баяр хүргэе. Франц, Хятад эртнээс нааш нягт харилцаж ирлээ. Та энэ оны 3-р сард Францад төрийн айлчлал хийж, Франц, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулсан билээ. Өнөөгийн нөхцөлд Франц, Хятад стратегийн хэлхээ холбоогоо хамгаалах нь маш чухал ач холбогдолтой юм. Хятадын талтай худалдаа, цөмийн эрчим хүч, сансар, соёл зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт үзлийг хамтдаа хамгаалж, байгаль орчин, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай том асуудлыг хамтдаа зохицуулахад Франц улс бэлэн байна. Тантай хамт хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна. Удалгүй Хятад улсад дахин айлчлахыг хүсэж байна. Хятадын импортын II экспог Франц улс дэмжинэ гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн мөн хамтдаа сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа солилцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ