Шинэ эрин үетэй золгож, хоёр улсын харилцааны гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээ

2019-10-16 15:28:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

-Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулав-

1949 оны 10 дугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар ирсэн бөгөөд асар их амжилтад хүрч, хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжөө хүртээсээр ирсэн нь хөрш орнуудын дундах найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жил бол хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрч, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн 70 жил байлаа. 70 жилийн өмнө БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосноор Монгол Улс нь хамгийн түрүүнд Хятад улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн орны нэг болсон юм. 70 жилийн хугацаанд хоёр улс “21 дүгээр зууны урт хугацааны, тогтвортой, эрүүл, харилцан итгэлцдэг нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааны харилцаа”-г хөгжүүлж, “найрсаг хөршийн харилцан итгэлцэлтэй түншийн харилцаа”, “стратегийн түншлэлийн харилцаа”, “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэсэн 4 үе шатыг дамжин өнөөдрийн хөгжилд хүрсэн. Тэр дундаа, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийснээр хоёр улсын бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдны замд орж, шинэ эрин рүү шилжсэн. Талуудын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсээр байна. Хоёр улсын удирдагчид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, өөрсдийн сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлаар харилцан хүндэтгэхээ олон ч удаа нотолсноор хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх улс төрийн суурийг тавьсан юм.

Энэ 70 жил Хятад, Монголын хувьд бие биедээ харилцан тусалсан, харилцан ашигтай хамтран ажилласан 70 жил байлаа. 1950-1960 онд Хятад улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон мянган барилгачдаа Монгол руу илгээж, буцалтгүй тусламжаар үйлдвэрийн барилга, зам гүүр зэрэг маш олон барилга байгууламжийг барьж байгуулсан бөгөөд тэдгээр барилга байгууламжийн зарим нь өнөө хэрнээ хэрэглэгдэж Монголын ард түмэнд ашиг тусаа хүргэн, Хятад Монголын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсоор байна. Шинэ эрин үед Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны цогц байгуулах, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах зэрэг чухал үзэл санаа, санаачилгын дагуу “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” зарчмыг баримталж, Монгол Улс болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ хуваалцаж байна. Ши Жиньпин дарга өмнө нь Монгол Улстай харилцахдаа “би хожно, чи хожигдоно, би их чи бага” гэх зүйл байхгүй, зарим хамтарсан төсөлд Монголын талын эрх ашгийг илүүтэй харгалзах санал дэвшүүлсэн. Энэ нь хэдийнээ Хятадын талын Монголын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны тууштай зарчим болсон юм. Өдгөө талуудын байгуулсан БНХАУ-ын засгийн газар, Монгол Улсын засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизм “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн уялдааг тасралтгүй гүнзгийрүүлж байна. Түүнчлэн талууд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-ийг эхлүүлж, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 2018 онд Хятад, Монголын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын 2018 онд Хятад улстай хийсэн худалдаа 4.5 тэрбум ам.долларын ашигтай дүн гарсан бөгөөд энэ нь Монголын нэг хүнд ногдох дундаж ашиг 1400 орчим ам.доллар байна. Хятад, Монголын хамтын ажиллагаа Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайхын авто замын төслүүд зэрэг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон том төслөөс эхлээд Монголын ард түмний шинэ орон сууцны барилга, хүнсний хэрэглээний жимс ногоо хүртэл хоёр улсын ард түмэнд цаг ямагт хаа сайгүй үр өгөөжөө өгч байна.

Энэ 70 жил бол хоёр улсын ард түмний хувьд харилцан ойлголцол, найрамдлаа зогсолтгүй гүнзгийрсэн цаг үе байлаа. Талууд хоёр улсын төрийн тэргүүн, удирдагчдын тохиролцооны дагуу Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан комиссын индрийг ашиглаж хоёр улсын хүмүүнлэгийн солилцоонд ахиц гаргахад түлхэц өгсөөр ирсэн юм. Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр мэдэгдсэн Монголын талд Хятад улсад сургалтад хамрагдах 1000 хүний орон тоо, Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах оюутны тоог 1000-аар нэмэгдүүлэх, Монголын цэргийн албан хаагчдад Хятадад суралцах 500 суралцагчийн орон тоо, мөн Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд монгол хэл рүү хөрвүүлсэн Хятадын олон ангит 25 шилдэг кино өгөх зэрэг ажил амжилттай хэрэгжсэнээр хоёр улсын ард түмний харилцааны гүүр бий болгосон юм. “Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ээж” зэрэг монгол дуунууд Хятадад өргөн дэлгэрсэн. “Бээжин хотын залуус”, “Чонон сүлд” зэрэг Хятадын дэлгэцийн болон утга зохиолын бүтээлүүд Монголын үзэгч, уншигчдад мөн ихээхэн сайшаагдсан юм. Монгол руу аялах хятад жуулчин, Хятадад суралцах монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёр улсын ард иргэдийн зорчих тоо хэмжээ жилд давхардсан тоогоор 2 сая, үүнээс Хятадад зорчсон монгол иргэд давхардсан тоогоор 1.8 саяд хүрлээ. Хоёр улсын иргэдийн энэхүү харилцааны явцад ард түмэн хоорондын нөхөрлөл тасралтгүй бэхжиж байна.

Би Монгол Улсад томилогдон ажиллаад 4 жил болж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд би Монгол Улсын 21 аймаг болон аймгийн төвүүдэд ажилласан бөгөөд Монголын бүхий л салбарын найз нөхөдтэй хоёр улсын харилцааны хөгжлийг хамтдаа ахиулах талаар өргөн хүрээнд ярилцаж, тэдэнтэй бат бөх нөхөрлөлийг тогтоосон. Энэ хугацаанд би талуудын хамтын хичээл зүтгэлийн үр шимээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үр дүнгээ өгснийг нүдээр үзэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөц боломжтойг тод мэдэрсэн. Мөн Хятад, Монгол хоёр улс бол харилцан туслалцдаг, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно нөхөрлөдөг нь түүхийн нөхцөл байдлын хандлага, хоёр улс, хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийсэн харилцаатай гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн билээ.

Найз нөхөд өө, өдгөө Хятад, Монголын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн таатай үедээ байна. Энэ 70 жилийн шинэ эхлэлээс харвал бидэнд илүү том боломж байна. Энэ таатай нөхцөл байдалд талуудын үе үеийн ахмадуудын маань гаргасан их хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн бөгөөд бидэнд тун амаргүй ирсэн, бид илүү нандигнах ёстой.

Хоёр улс илүү чин сэтгэлээр харилцаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй. Улс төрийн харилцан итгэлцэл бол бүх хамтын ажиллагааны урьдчилсан нөхцөл бөгөөд хоёр улсын урт хугацааны, тогтвортой, эрүүл харилцааны хөгжлийн үндэс мөн. Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэж, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх бөгөөд энэ тал дээр Хятад улс хэзээд тодорхой байр суурьтай байна. Монгол Улс ч мөн адил Хятадын язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг баримталж, амлалтаа биелүүлж, Төвөд, Тайван, Шиньжянтай холбоотой асуудлыг зөв зохистой шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.

Хоёр улс илүү чин сэтгэлээр хамтарч бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй. Хятадын тал монгол найз нөхдийг Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хамтдаа хөгжихдөө таатай байх болно. Хятадын тал “Нэг бүс нэг зам”, “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааны хүрээнд Монголын талтай зах зээл, хөрөнгө, технологи, шинэ гарц зэрэг хөгжлийн боломжоосоо хуваалцаж, Монголын талын чухалчлан анхаардаг ард иргэдэд чиглэсэн төслүүд, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох асуудалд Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 2019 оны 11-р сард Хятадын тал Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнг зохион байгуулна. Энэ үзэсгэлэн бол Хятад улс чөлөөт худалдаа, эдийн засгийн даяаршлыг тууштай дэмжиж дэлхий нийтэд зах зээлээ идэвхтэй нээх чухал арга хэмжээ юм. Мөн үүгээр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ боломж авч ирнэ. Хятадын тал урьдын адил Монголын талыг энэхүү үзэсгэлэнд оролцохыг дэмжиж, Монголын талыг оролцохыг урьж байна. Хятадын тал Монголын талтай нягт харилцаа холбоотой байж, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрт эрт гарын үсэг зурахад түлхэц өгч, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна. 2020 онд хоёр улс худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хоёр улс илүү дотно түншилж ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монголын талтай хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, шашин зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа илүү тэлж, хоёр улсын их дээд сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээлэл, урлаг зэрэг нийгмийн бүхий л салбарын харилцаагаа нэмэгдүүлэн гадаадад суралцах, сургалт семинар, аялал жуулчлал, утга зохиолын болон дэлгэцийн бүтээлийн харилцааг нэмэгдүүлж үүгээр дамжуулж хоёр улсын ард түмний харилцааны гүүр байгуулж, хоёр улсын ард иргэдэд илүү ихээр харилцан ойлголцох, найрамдлаа бэхжүүлэхэд туслах хэрэгтэй юм.

Хоёр улс сэтгэл, хүчээ нэгтгэж олон улс, бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлж хамтрах нь зүйтэй. Байнга хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд талууд сайн хөрш, сайн түнш, сайн найзын хүсэл, байр суурийг баримталж, стратеги, аюулгүй байдал, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудалд харилцан дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хятад, Монгол мөн бусад хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй юм. Талууд мөн Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны таатай хандлагыг бэхжүүлж, гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлж, гурван улсын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгтэй. Хятад улс Монгол Улсыг ШХАБ-д элсэх, олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.

Өдгөө Хятадын ард түмэн “Хоёр зуун жил”-ийн зорилт, Хятад үндэстнүүдийг сэргээн мандуулах “Хятад мөрөөдөл”-өө биелүүлэхийн төлөө хүчээ дайчилж байна. 2020 он гэхэд иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулж, энэ зууны дунд гэхэд орчин үеийн чинээлэг, ардчилсан соёл иргэншилт, эв нэгдэлтэй социалист улсыг байгуулахаар зорьж байна. Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орсон. Монголын ард түмэн ч улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг зогсолтгүй эрэлхийлж, улс орны шинэчлэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөө хүчээ дайчилж байна. Бид талуудын хамтын хичээл зүтгэлээр шинэ гараанаас дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн салхийг хөлөглөж Хятад, Монголын харилцааны гэрэлт ирээдүйг шинэ эрин үедээ бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин

Их уншсан

холбоотой мэдээ