70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болов

2019-10-16 23:06:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Бээжин хотноо БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын Ардын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан тус хүлээн авалтад БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилин, МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Д.Ганхуяг, МУ-ын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Хятадын Ардын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Сүн Жин-Ү, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд дарга Шюе Жянь нар болон олон орны дипломатч, Хятад, Монгол хоёр орны олон салбарын төлөөлөгчид оролцсон юм.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилин арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Монгол улс 70 жилийн тэртээд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс орнуудын нэг болж, БНХАУ-д улс төрийн үнэтэй дэмжлэг үзүүлснийг Хятадын засгийн газар, ард түмэн зүрх сэтгэлдээ үүрд хадгалах болно. 70 жилийн турш бидний харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж ирлээ. 2014 онд Ши Жиньпин даргын МУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат ахиулснаар хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн сайхан цаг үедээ орсон билээ. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2020 онд 10 тэрбум ам.доллар болгох зорилт тавин ажиллаж байна. 70 жилийн турш бид "хөрштэйгөө найрсгаар харилцах” зарчмыг тууштай баримталж, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлснээр хоёр орны найрамдал тасралтгүй бэхжиж, иргэд хоорондын ойлголцол, харилцан итгэлцэл нэмэгдсээр байна. Одоо дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт гарч байгаа хэдий ч “хөрш орон МУ-тай найрсаг харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэхийг тэргүүн байран тавих” Хятадын засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй, "Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ. Хятад, Монголын харилцаа улам хөгжиж, хоёр ард түмэн улам аз жаргалтай байх болтугай гэжээ.

МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ: 70 жилд мөнхийн хөрш манай хоёр орон түүхэн сорилтуудыг хамтдаа даван туулж, нэг нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, харилцан дотоод хэрэгт үл оролцон, эрх тэгш, харилцан ашигтай нөхцөлд энх тайвнаар зэрэгцэн оршиж, сонгосон хөгжлийн замаа харилцан бүрэн хүндэтгэснээр иж бүрэн стратегийн түншийн харилцааны түвшин тасралтгүй батжиж ирсэнд баяртай байна. Ялангуяа сүүлийн 30 жил хоёр орны хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, түүхэн чанартай шинэ үйл хэргүүд ар араасаа тохиож, өндөр дээд зиндааны харилцан айлчлал олширч, хоёр орны харилцааг цоо шинэ өндөрлөгт гаргаж байна. БНХАУ-тай олон салбарт найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь МУ-ын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөж, иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.

Хүлээн авалтын үеэр БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жан Шяомин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэнгийн захирал Цао Жянь-Энь, Бээжин хотын Чао-Ян эмнэлгийн урологийн тасгийн эрхлэгч Хань Шюү-Ү, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн профессор Ё Кэчэн, БНХАУ-ын кино найруулагч Ше Фэй, Өвөр Монголын их сургуулийн профессор Б.Балжинням, Шиньжяны Бэйшин группийн МУ дахь төлөөлөгчийн газрын захирал Ван Жидүн нарт Алтангадас одон, Бээжин хотын Анжэнь эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн дэд эрхлэгч Сү Жюнь-Ү, БНХАУ-ын Бээжин хот дахь Хятад-Монголын соёлын солилцооны төвийн захирал Д.Мөнхбаатар, Шиньжяны Бэйшин группийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн дэд захирал Ц.Сайнбаяр нарт Найрамдлын одон, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Доод танхимын ерөнхийлөгч, Дунд танхимын Их шүүгч Хү Юүньтэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Хятадын Төв Радио Телевизийн Ази Африкийн төвийн гадаад мэргэжилтэн До.Болдхуяг нарын зэрэг хүмүүст ЭСЯ-ны өргөмжлөл гардуулсан юм.

Сэтгүүлч Э.Гэрэлт, Б.Болор, Б.Алтаннавч, Д.Хүчитбаатар, Б.Дүүрэнжаргал нар мэдээллээ.

Их уншсан

холбоотой мэдээ