​"Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт маркийн нээлт болов

2019-10-17 11:12:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10 дугаар сарын 16-нд БНХАУ, МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ баярт өдрийг тохиолдуулан, "Монгол шуудан" ХК-иас “Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт маркийн нээлтийн арга хэмжээг мөн өдөр МУ-ын Төрийн ордонд зохион явууллаа. Энэ бол Хятад, Монгол хоёр талын зөвшин тохиролцсон 70 жилийн ойгоо тэмдэглэх цуврал арга хэмжээний нэг юм.

МУ-ын Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн, "Монгол шуудан” ХК-ийн ерөнхий захирал Б.Анхбаатар зэрэг Хятад, Монгол хоёр талын зочид төлөөлөгч, марк сонирхогч, сэтгүүлчид болон нийгмийн олон салбарын хүмүүс тус арга хэмжээнд оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр хаяа нийлэн оршдог найрсаг сайн хөрш, МУ бол БНХАУ-ыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улс орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол чиглэл байсаар ирлээ. Хятад, Монгол орны ард түмэн 4710 км урт хилийн шугамаар холбогдон, энх тайвнаар зэрэгцэн оршиж, дэмжин туслалцаж, хамтдаа хөгжиж буй нь тус тусын орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд таатай орчныг бүрдүүлж өгсөн юм. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д түүхэн айлчлал хийж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны шинэ хуудсыг нээсэн билээ. Хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлал олширч, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, эдийн засгийн хамтын ажиллагаа улам нягтарч, хүмүүнлэнийн салбарын хэлхээ холбоо улам идэвхжиж байна. Хятадын тал хөрштэйгөө найрсаг харилцах чиг шугамыг хэлбэрэлтгүй баримталж, "дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” байх үзэл ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлэн, Монголын талтай хамт "Бүс ба зам” санаачилга, “Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбоог түргэтгэж, хоёр орны ард түмнийг улам аз жаргалтай болгоно гэжээ.

Дурсгалын иж бүрдэл марк, дугтуй нь хэдийгээр бага боловч, МУ-ын ард түмнээс Хятадын ард түмэнд хандаж буй найрсаг сэтгэлийн илрэл учраас чин сэтгэлийн бэлэгдэл төлөөлөл болжээ. Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бид нүдний цэцгий шигээ нандигнан хайрлах ёстой. Хятад, Монгол хоёр тал 70 жилийн ойн шинэ гараан дээр, хамтын хүчин чармайлт гарган, найрамдал нөхөрлөлөө үеийн үед уламжлан залгамжлуулж, хоёр орны олон салбарын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг шинэ өндөр түвшин рүү тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж Элчин сайд Шин Хаймин хэлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин: БНХАУ бол МУ-ын найрсаг хөрш, мөн МУ-ын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн юм. Өнөөдөр МУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ 70 жилд хоёр орны харилцаа асар их хөгжлөө. Хоёр тал 70 жилийн ойтой холбогдуулан, цуврал арга хэмжээ зохион байгуулж, бүрэн дүүрэн амжилттай болж байна. Дурсгалын иж бүрдэл марк, дугтуйн нээлтийн энэ арга хэмжээ МУ-ын ард түмнээс Хятадын ард түмэнд хандаж буй найрсаг сэтгэлийг харуулж байна. Хоёр орны харилцааг улам их амжилтад хүргэхийн төлөө, Хятадын талтай цаашид хамтран зүтгэхэд МУ-ын Засгийн газар, ард түмэн бэлэн байна гэжээ.

"Монгол шуудан" ХК-ийн ерөнхий захирал Б.Анхбаатар: Манай компанийн зүгээс тарааж буй энэхүү иж бүрдэл марк, дугтуй нь Хятад, Монголын уламжлалт хувцсаар чимсэн, хоёр орны хүүхдээр гол дүр болгож, хоёр орны үсэг бичгээр урласан нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шинэ гараа болгож, сайн сайхан ирээдүй өөд хамтдаа урагшлах үзэл санааны бэлэгдэл юм. Энэ нь МУ-ын тарааж буй 1520 дахь иж бүрдэл марк бөгөөд анхан шатанд нийт 12000 иж бүрдэл марк тараасан. Үүнийг та бүхний нандигнан хадгалахыг хүсэж байна. Анхны иж бүрдэл маркийг МУ-ын Шуудангийн музейд хадгалах болно гэжээ.

Ө.Энхтүвшин, Элчин сайд Шин Хаймин нар анхны иж бүрдэл марк, дугтуйн дээр гарын үсэг зурж, дурсгалын тамга дарсан юм. Монголын талаас Хятадын талд “Хятад, Монгол дипдомат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт орчуулгын арга хэмжээний хүрээнд, Хятадын уран зохиолыг монголоор орчуулан хэвлүүлсэн бүтээлийг бэлэглэж, хоёр орны ард түмний сэтгэл санааны хэлхээ холбоо, хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааны баялаг үр дүнг харуулжээ.


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/



Их уншсан

холбоотой мэдээ