​Афганистаны эртний олдворын үзэсгэлэн гарч байна

2019-11-08 21:21:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд Хонконгийн түүхийн музейд “Тоосонд дарагдсан эрдэнэс-Афганистаны эртний олдворууд” үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Афганистанаас олдсон 231 түүхийн дурсгалыг тавьж, Афганистан торгоны замын уулзвар, дэлхийн соёл иргэншлийн солилцоо, уялдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байсныг харууллаа.

"Тоосонд дарагдсан эрдэнэс-Афганистаны эртний олдворууд” үзэсгэлэн Хонконгийн түүхийн музейн энэ жил зохион байгуулсан чухал үзэсгэлэнгийн нэг юм. 231 үнэт зүйлийг Афганистаны үндэсний музейгээс авчирсан бөгөөд алт, шилэн сав, хүрэл баримал, зааны ясан сийлбэр зэрэг нь Афганистаны археологийн алдартай дурсгалаас олдсон байна. Тус үзэсгэлэнгээр Афганистан болон эргэн тойрны нутаг хүрэл зэвсгийн үеэс нийтийн тооллын 1-р зууны хооронд эртний Грек, Энэтхэг, Ром зэрэг гаднын соёл гүнзгий нөлөөлсөн, мөн тал нутгийн нүүдэлчин үндэстний соёлын ул мөр шингэсэн олон ургальч соёл ууссан дүр төрхийг харуулжээ. Үзэсгэлэнд мөн торгоны замын соёлыг харууллаа. Афганистан торгоны замын холбоосын хувьд соёл түүхэнд өөр өөр соёлын нөлөө гүнзгий туссан бөгөөд тухайн үеийн соёл иргэншлийн уулзвар байлаа. Афганистаны Мэдээлэл, соёлын яамны дэд сайд Мохаммад Бавари хэлэхдээ: "Афганистаныг дэлхийн эрдэмтэд эртний соёл иргэншлийн уулзвар байсан гэж үздэг. Эртнээс нааш харилцан адилгүй соёл иргэншилтэй маш сайн харилцаатай байсан учраас бидний соёлоос өөр өөр соёлын нөлөөг олж харж болно. Үзэсгэлэн үзэх хүмүүс үүнийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Олон олон бодит жишээгээр бид түүхэнд Хятад улстай ямар харилцаатай байсныг харууллаа.”

Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол үзмэрт бухын зурагтай алтан аяганы хагархай, олон ургальч соёлын өвөрмөц элемент бүхий Субелейн зурагтай гоёл чимэглэлийн зээрэнцэг, тансаг алтан титэм, хоёр мөрний сав газар, Ираны өндөрлөгийн өвөрмөц онцлогтой “Эзэн хаан хийгээд луу” чимэг зүүлт, Буддын шашны сударт гардаг зааны ясны сийлбэртэй зээрэнцэг зэрэг олон ховор үзмэр бий.

Афганистаны үндэсний музейн захирал Мохаммад Рашими хэлэхдээ: 2006 оноос хойш энэ үзэсгэлэнгээ дэлхийн олон газар гаргаж байгаа. Өнөөг хүртэл Европ, Америк тив, Их далайн арлууд, Азийн 28 музейд гаргаж, давхацсан тоогоор 3 сая хүн үзсэн. Үүгээр дамжин Афганистан болон дэлхий дахин хоорондын соёлын хэлхээ холбоог сэргээн бэхжүүлэх зорилготой юм гэжээ.

"Энэ үзэсгэлэн их алдартай. Үзэсгэлэн бидний хувьд маш чухал. Яагаад гэвэл бид энэ үзэсгэлэнгээр Афганистаны өөр дүр төрхийг харуулах хүсэлтэй юм. Хүмүүс хэвлэл мэдээллээр дайн дажин, өлсгөлөн ядуурал зэрэг олон асуудалтай Афганистаныг хардаг. Энэ үзэсгэлэнг дэлхий тойрон зохион байгуулах үед Афганистаны тухай хүмүүсийн сэтгэгдлийг өөрчилдөг юм. Афганистан түүхэндээ туйлын алдартай улс байсныг хүмүүс ойлгож авдаг. Ирээдүйд хамтарч ажиллах асар их нөөцтэй, тухайлбал дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг хүмүүс олж харах юм.”

Энэ удаагийн үзэсгэлэнг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Чөлөөт цаг, соёлын үйлчилгээний газар, Афганистаны үндэсний музей хамтран зохион байгуулсан бөгөөд ирэх оны 2-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Хонконгийн түүхийн музейн захирал Жойсе Хо үзэсгэлэнгийн талаар танилцууллаа: “Хонконгийн түүхийн музей бол энэ үзэсгэлэнгийн 29 дэх газар. Өнгөрсөн 28 удаагийн гол сэдвийг дүгнэж, давтахгүйг хичээсэн юм. Бид эртний Афганистан соёлын замын уулзварт байсан гэдгийг онцлон, дөрвөн зүг найман зовхисын харилцан адилгүй соёл хэрхэн нөлөөлж байсныг чухалчлах зорилготой ажиллаж байна. Бид соёлыг харьцуулах аргаар Афганистанаас олдсон түүхэн дурсгалт зүйлсийг үзүүлснээс гадна мөн үед бусад газраас олдсон дурсгалт зүйлсийн зурагтай харьцуулж, ямар адил тал, ямар ялгаатай тал байгааг үзүүлж, аль цаг үеийн аль соёл нөлөөлснийг харуулах замаар соёлын нөлөөний өвөрмөц онцлогийг тодорхой мэдрүүлэхийг хичээсэн юм.” Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ