Ши Жиньпин Грекийн удирдагчидтай хэлэлцээ хийв

2019-11-12 10:37:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 11-нд Афин хотноо Грект төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин Грекийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай хэлэлцээ хийв. Хятад, Грек хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, соёл иргэншлийн хэлцлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын тулд өрнө дорнын эртний соёл иргэншилт гүрний оюун ухааныг нэмэрлэхээр санал нэгдлээ. Мөн өдөр хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх хамтарсан мэдэгдэл нийтэлжээ.

Ши Жиньпин дарга Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулостой уулзахдаа: Хятад, Грекийн удирдагчдын уулзалт удаан уулзаагүй дотнын найзуудын уулзалт мэт дотно байдаг. Энэ нь Хятад, Грек хоёр орон эртний соёл иргэншилт гүрний хувьд харилцан адил буюу ойролцоо үзэл баримтлалтай байгаад оршино. Хятад, Грекийн найрамдал хоёр орны харилцаа төдийгүй хоёр том соёл иргэншлийн харилцааг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Миний бие соёл иргэншилд хүндэтгэл үзүүлэх, ирээдүйн итгэлийг өвөрлөн Грект айлчилж байна. Хятад, Грек хоёр бол эртний соёл иргэншлийг залгамжлагч, хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж улс орноо хөгжүүлсэн орнууд юм. Харилцан туршлага солилцох нь соёл иргэншлийн хөгжлийн үндсэн шаардлага гэдгийг бид сайн мэднэ. Хятад, Грекийн найрсаг харилцаа хоёр орны хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, хоёр том соёл иргэншлийн яриа хэлэлцээ юм. Өнөөдөр дэлхий ертөнц зуун жилд тохиогоогүй асар их өөрчлөлт гарч байна. Хоёр орон цаашид хамтран зүтгэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, орон зайгаас үл шалтгаалах соёл иргэншлийн амжилтаар соёл иргэншлийн солилцоог дэмжиж, илүү шударга, үндэслэлтэй олон улсын дэг журмыг санаачлан, эртний соёл иргэншилт Хятад, Грек хоёр орон шинэ эринд эрч хүчтэй хөгжихийг хүсэж байна" гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Грек хоёр орон бүх шатны харилцааг нягтруулж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, өөрсдийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж, "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулан, соёл, олимп зэрэг салбарын солилцлоо, хамтын ажиллагааг өргөтгөн, боловсон хүчний харилцааг эрчимжүүлэх ёстой. Нээлттэй, ажил хэрэгч Хятад, Европын хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоо, харилцан туршлага солилцох, олон талт үзлийг дэмжих жишиг тогтоохыг хүсэж байна гэжээ.

П.Павлопулос: Грекийн ард түмэн Хятадад элгэмсүү байдаг нь Грек, Хятад эртний соёл иргэншилт орон гэдэгтэй холбоотой. Тодорхойгүй хүчин зүйл ихтэй өнөө үед Хятад улс энх тайван, тэнцвэртэй байхыг санаачлан, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ашигтай туршлага, арга зам хангасан гэжээ.

Саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын импортын 2-р экспод Грекийн бүтээгдэхүүний гэрээ хэлэлцээр тохиролцсон хэмжээ анхдугаар экспогийнхоос 2.5 дахин нэмэгдсэн. Ши Жиньпин дарга 11-нд, Грекийн ерөнхий сайд К.Мицотакистой уулзахдаа: Энэ нь Хятад улс улам нээлттэй байж, Грек зэрэг олон орны хөгжилд илүү их боломж нээсэн юм гэжээ. Тэрээр Хятад, Грекийн ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар дурдсан санаачилгадаа: "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг ахиулж, хоёр талд худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээг өргөтгөх, цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбоо, үйлдвэрлэлийн салбар, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Европын харилцааны хөгжлийг хамтдаа ахиулъя гэжээ.

Хятад, Грек хамтдаа "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны явцад гаргасан амжилт талуудын анхаарлыг татаж байна. "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөнө гэж хоёр орны удирдагчид 11-ний хэлцлээр санал нэгтэй зөвшөөрсөн. Ерөнхий сайд К.Мицотокистой хэлэлцээ хийсний дараа Ши Жиньпин дарга сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: "Хятад, Грек хоёр орон "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулагч, хамтын ажиллагааны мөнхийн түнш юм. "Бүс ба зам" санаачилгыг Грекийн үндэсний стратегитай илүү холбож, гол гол чиглэлийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэн, Пирейсий боомт дахь тээврийн төвийн үүргийг сайтар гүйцэтгэнж Хятад, Европын хуурай зам, тэнгисийн тээврийн хүчин чадлыг дээшлүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Мөн өдөр Ши Жиньпин дарга, К.Мицотокис нар хоёр талын хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцсан юм.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ