​Тээврийн хэрэгслээр халдварлахын эсрэг олон арга хэмжээ авч байна

2020-01-31 11:58:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цагаан сарын амралт удалгүй дуусаж, их нүүдлийн оргил үе ирэх гэж буй үед, зам тээврийн яам, төмөр зам, агаарын тээврийн салбар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, халдварт өвчин тээврийн хэрэгслээр тархан дэлгэрэхээс сэргийлж байна.

30-нд болсон Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн бага хуралд, Зам тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чүньгэн хэлэхдээ: Цагаан сарын амралтын хугацааг сунгасан учраас энэ оны цагаан сарын их нүүдлийн оргил үе бусад жилүүдийг бодвол саарч, зорчигчдын урсгал харьцангуй тогтвортой болсон. Зам тээврийн яам тээврийн хэрэгслийн агааржуулалт, ариутгалыг сайтар хийж, эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллага нэгжтэй хамтран ажиллаж, зам тээврийн станцуудад эрүүл мэндийн хяналтын цэгүүд байгуулж хянан шалгаж, Үхань руу орж гарах зам тээврийн хэрэгслийн талаар орон нутгийн хяналт удирдлагад удирдамж өгнө гэжээ. "Зам тээврийн хувьд олон өртөөтэй, зарим чиглэлийн зам хол, өргөн цар хүрээтэй, зарим тээврийн хэрэгсэл хүн олонтой, харьцангуй битүүмжилсэн орчин юм. Мөн зам тээврийн тэргүүн фронтод ажиллаж буй ажилтнуудын өөрийгөө хамгаалах түвшин харьцангуй сул байгаа зэрэг нь зам тээврээр халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх ажилд хүндрэл учруулж байна. Энэ ташрамд хэлэхэд, ард олон гадагш гарахаа шинжлэх ухаанч байдлаар өвчнөөс сэргийлж, аль болох гадагш гарахаа багасгах буюу оргил үед гадагш гарахгүй байхыг уриалж байна" гэжээ.

Төмөр замын хувьд, Хятадын үндэсний төмөр замын ХХК-ийн зорчигч тээврийн газрын дарга Хуан Шинь хэлэхдээ: Цагаан сарын үеэр хүмүүсийн урсгал нягт байдаг. Энэ нь вирусийн халдвар дэлгэрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэхэд хүндрэл учруулж байна. Төмөр замын салбар урьдын авсан үр дүнтэй арга хэмжээнд үндэслэн, урьдчилан сэргийлэх, хяналтын ажлыг улам бэхжүүлж, төмөр замаар дамжин халдварт өвчин тархан дэлгэрэхээс бүх хүчээ дайчлан сэргийлнэ гэжээ."Халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх ажлын шаардлагын дагуу, олон нутгийн бүх шатны намын хороо, захиргаа нэгдсэн зохицуулалт хийж, орох гарах зорчигчдын халууныг хэмжиж, халуурсан зорчигч байвал даруй үлдээх буюу тухайн орон нутгийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгөх хэрэгтэй. Галт тэргэнд зорчигч халуурвал түүнийг ойролцоо газар хүлээлгэн өгөхийн зэрэгцээ тусгаарлах хэрэгтэй. Галт тэрэг, зогсоолын агааржуулалт, ариутгалын ажлыг сайтар хийх хэрэгтэй. Мөн зорчигчдын урсгал их байгаа төмөр замын зангилаа өртөөнүүдэд ариутгал хийх давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн бүх шатны захиргааны ажлыг дэмжиж, халдвар авсан өвчтөнтэй ойр байсан хүмүүсийн тухай мэдээллийг өгөх хэрэгтэй" гэжээ.

Агаарын тээврийн хувьд, Иргэний нисэхийн газрын нислэгийн стандартын хэлтсийн дарга Жү Тао хэлэхдээ: Агаарын тээврээр дамжин вирусийн халдвар тархан дэлгэрэхээс сэргийлэх нь бидний тэргүүн чухал ажил юм. Нислэгийн үеэр агааржуулалтыг ашиглаж, онгоцонд ариутгал хийх давтамжийг олшруулна гэжээ."Нислэгийн цаг товлох явцад агааржуулалтын шаардлагыг нэгэнт бодолцсон. Энгийн үед онгоц 2-3 минут тутамд, цагт 20-30 удаа агаар сэлгэдэг юм. Нисэх онгоцны агааржуулалтын систем агаарыг дээш, доош нэвтрүүлдэг учраас энэ систем нислэгийн үеэр вирусийн халдвар авах магадлалыг бууруулдаг. Халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх ажлын үеэр бид нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулах үүндээс нислэгийн үеэр агааржуулалтыг маш сайн хийхийн зэрэгцээ онгоцон дахь ариутгалыг сайн хийж, вирусийн халдвараас сэргийлнэ" гэжээ.

Үүнээс гадна, төмөр зам, агаарын тээврийн салбар онцгой байдлын талаар тодорхой төлөвлөгөө боловсруулсан юм. Төмөр зам буюу онгоцонд зорчигч халуурвал онц байдлын тогтоолын дагуу ажиллаж, даруй тусгаарлан, ариутгал хийхийн зэрэгцээ дараагийн өртөө буюу онгоцны буудалд хүлээлгэн өгнө. Үүний зэрэгцээ нисэх багийнханд сургалт явуулж, тэднийг өөрийгөө хамгаалахын зэрэгцээ онц байдлын механизмын дагуу үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн байна.



Их уншсан

холбоотой мэдээ