Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзав

2020-02-28 00:04:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 27-ны өдөр Бээжинд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийв. Ши Жиньпин хэлэхдээ: Ерөнхийлөгч Х.Баттулга та Хятад улсад тахал өвчин дэгдсэний дараа айлчилж буй анхны гадаадын төрийн тэргүүн бөгөөд тусгай хүрэлцэн ирж, Хятад улстай сэтгэл нэгтэй байж, биднийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ерөнхийлөгч та Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд чухалчлан үзэж, Хятадын ард түмэнд гүн зузаан найрамдалт сэтгэлтэй буйг энэ айлчлал бүрэн харуулсан бөгөөд Хятад Монгол хоёр хөрш харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгадгийг бодитойгоор харууллаа. Хятад улс энэ тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулах бүрэн итгэл чадвар найдвартай юм. Монгол улс зэрэг улс орнуудтай эрчимтэй хамтран ажиллаж, тахлын эсрэг үр ашигтай ажиллаж, бүс нутгийн болон дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Хятад улс үргэлжлэн хичээн зүтгэнэ гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга 27-ны үдээс хойш буюу Монгол улсын уламжлалт цагаан сарын баярын амралтын дараах ажлын эхний өдөр Бээжинд хүрэлцэн ирж БНХАУ-д айлчлал хийж байгаа юм.

Ши Жиньпин Х. Баттулгын БНХАУ-д айлчилсанд баяртай буйгаа илэрхийлж, Монгол улсын ард иргэдэд сар шинийн мэнд хүргэжээ.

“Та Монгол улсын уламжлалт цагаан сарын баярын амралтын дараах ажлын эхний өдөр Хятад улсад айлчилж ирсэнд маш баяртай байна. Хятадын засгийн газар болон Хятадын ард иргэд шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгааны эсрэг бүх хүчээрээ тэмцэж буй үед бид Монгол улсын засгийн газар болон ард иргэдийн цаг алдалгүй үзүүлсэн эрхэм нандин тус дэмжлэгийг хүртсэн юм. Энэ удаа та бүр ч халдварт өвчин дэгдсэнээс хойш Хятад улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болж, Хятад улсад тусгайлан хүрэлцэн ирж, сэтгэл нэгтэй байж, биднийг туслан дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ нь Хятад Монгол хоёр орны харилцааны хойшдын хөгжлийг эрчимтэй хүчээр сэлбэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Мөн ч Хятад Монгол хоёр хөрш харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгадгийг бодитойгоор харууллаа” гэжээ.

Ши Жиньпин Х.Баттулгад тахлын эсрэг тэмцэж буй одоогийн байдлыг танилцуулж, Хятад улс тахлын эсрэг тэмцэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг дайчлах ажлыг уялдаатай хийж, тахлын нөлөөг хамгийн доод түвшинд байлгахаар чармайж байна. Адил бус нутгийн байдалд чиглүүлэн зэрэглэл хуваан үйлдвэрлэлээ сэргээж, хаврын тариалангийн ажлыг эрчимжүүлж, иргэний амьжиргааны үндсэн хамгааллыг баталгаажуулж байна. Хятадын эдийн засаг уяан хатан чанартай, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх орон зай ихтэй, үйлдвэрлэлийн суурь бат бөх учраас бид энэ жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлж, ялангуяа чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлаас бүрмөсөн гарах чухал үүргээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг мөрдөн, дотоодын ард иргэдийнхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндэд нь хариуцах төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн ажил үйлсэд хариуцлагаа ухамсарлана. Бид ил тод, хариуцлагатай байх байр сууриар олон улстай хамтран ажилласаар ирснийг ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монголын харилцааг хөгжүүлэхэд Хятад улс маш их ач холбогдол өгч, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, "Бүс ба Зам" -ын хамтаар бүтээн байгуулахыг эрчимжүүлж, хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлган, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Х.Баттулга Монгол улсын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс БНХАУ-ын ард иргэд шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгаа өвчний хохирлыг амсаж буйд сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлж, Хятад улс хүнээр төв болгон, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох нэгдсэн механизмыг цаг алдалгүй байгуулж, улс даяар эв санаа нэгтэй тэмцэн, идэвхтэй үр дүнд хүрч байгааг бишрэн сайшаажээ. Х.Баттулга хэлэхдээ, Монгол улс БНХАУ бол иж бүрэн стратегийн түнш, Монгол улсын ард иргэд БНХАУ-ын ард иргэдтэй хамт байгаа бөгөөд хүндрэл бэрхшээлтэй энэ үед БНХАУ-ын ард иргэдтэй жаргал зовлонгоо хамтатгахад бэлэн байна гэжээ.

“Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ туслан дэмждэг ийм ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монгол улсын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт байна гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна” гэжээ.

Х. Баттулга хэлэхдээ, Монгол улс даяар “Мөнхийн хөрш энхийн тусламж” хэмээх тахлын эсрэг тэмцэж буй Хятад улсад туслалцаа үзүүлэх хандивын аян зохион байгуулж, Монгол улсын нийгмийн олон салбарынхан идэвхтэй хандив өгч байна. Монгол улс БНХАУ-д үзүүлсэн тусламжийнхаа дээрээс дахиад 30 мянган хонь хандивлаж, Монгол улсын ард түмний сэтгэлийг илэрхийлж байна. Ши Жиньпин даргын хүчтэй удирдлагаар Хятадын ард түмэн тахал өвчнийг аль болох хурдан таслан зогсоож, хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилгоо биелүүлэн, улс ард нь амгалан тайван болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс БНХАУ-ын эргэн тойрны орнуудаа хэрэгжүүлж буй элгэмсэг дотно, чин үнэнч, хөнгөлөлттэй, хүртээмжтэй бодлогыг Монгол улс өндөр үнэлдэг. БНХАУ-тай хамтран сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тууштай байсаар ирсэн бөгөөд улс төрийн итгэлцэл, туслалцааг улам гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талын харилцаанд улам илүү ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган толгой хонь бэлэглэх гэрчилгээг Хятад улсын дарга Ши Жиньпинд гардуулав. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ