Цавчаал боомтод хадгалагдан үлдсэн Юань гүрний үеийн барилга

2020-04-15 21:59:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингээс хойшоо 60 километр зайтай Цагаан хэрэмний Цавчаал боомт нь бартаа ихтэй газар зүйн өвөрмөц тогтоц, цэцэг бут алагласан байгалийн сайхан үзэмж болон Юань гүрний түүхийн үнэт өвийг хадгалан үлдсэнээрээ жуулчдыг соронздон татдаг юм. Тэнд хадгалагдан үлдсэн Юань гүрний үеийн суваргын суурины түүхийн талаар Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач, Үндэстний цөөнхийн хэл судлах төвийн дэд эрхлэгч, Нийгмийн шинжлэх ухааны академийн их сургуулийн профессор Содбаатар багштай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэе.

Цавчаал боомтод хадгалагдаж байгаа Юань гүрний үеийн суваргын суурийг “Үүлэн тавцан” хэмээн нэрлэсэн байжээ. Түүний дээр нь бурхны хөргийг урлан сийлбэрлэж, Монгол, Төвөд зэрэг зургаан зүйлийн үсгээр уг суваргыг байгуулсны ач тус, бурхны тухай магтаалыг тэмдэглэсэн зэрэг түүхийн талаар эрдэмтэн Содбаатар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ, Цавчаал боомтод үүлэн тавцан хэмээх шаталжин хэлбэртэй барилга байдаг. Энэ барилга 19-р зууны сүүлчээс хүмүүсийн анхааралд орж, гадаад дотоодын хүмүүс энэ тухай мэдээлж, судалгаа хийж эхэлсэн юм. Үүнээс хамгаас илүү сонирхолтой нь бурхны хөрөг зургийг урлан сийлбэрлэсэн бөгөөд хананд нь бурхдын хөрөг зургийнхаа завсраар санскрит, монгол, төвөд, уйгар, тангад, хятад зургаан төрлийн үсэг бичгээр энэ суваргыг босгосны ач холбогдлыг шүлэглэж магтсан бичээс нь одоод хүртэл хадгалагдсаар байгаа явдал юм. “Үүлэн тавцан” гэдэг нь Мин гүрний үед гарсан нэрийдэл хэмээн эрдэмтэд үзэж байгаа. Санаа нь бол үүл хөлөглөж, хийморь мандахыг бэлгэдсэн, гэхдээ энэ барилгыг Юань гүрний Тогоонтөмөр хааны үед буюу 1345 онд бүтээсэн юм байна. Энэ баримтыг барилгын хятад бичээсний хамгийн сүүлд цаг хугацааг маш тодорхой тэмдэглэсэн байдаг. Иймээс ямар ч ээдрээ байхгүй. Энэ үүлэн тавцан нь бурхны суваргын суурь байсан, түүний дээр нь гурван суварга бариад нааш цааш зорчих хүмүүсийн зам зуураа мөргөл үйлдэхэд зориулсан байжээ. Энэ суварга Бээжин хотоос дээд нийслэл Шанд буюу Монгол хаад ноёдын зуслангийн хотод явах замдаа мөргөл үйлдэхэд зориулсан суварга байсан юм. Энэ суваргыг цэргүүд нураагаад Мин гүрний үед оронд нь асар тагт байгуулсан боловч дараа нь аянга цахилгаанд өртөн шатаад дууссан юм. Тиймээс одоод хүртэл суурь тавцан нь үлдээд хэдэн зуун жил тэнд хадгалагдсаар байгаа юм.

Энэ суурь тавцан шаталжин хэлбэртэй, суурь нь зүүн баруун тийшээ 27 метр, өмнө хойно тийшээ 18 метр, өндрөөрөө бол 9 -10 метрийн төлөвтэй. Голдоо өмнө хойшоо нэвтэрсэн гулдан хаалгатай. Гулдан нь 7 метр гаруй өндөр, 6 метр орчим өргөн, 15 метр урт гэдэг. Энэ гулдангаас гарангуут хойд талд нь байдаг Мөнх гэрэлт гэдэг сүмд хүрдэг. Зургаан төрлийн үсэг бичгийг энэ гулдангийн зүүн баруун хананд бичсэн. Монгол гэрийн тооно мэт дээврийнх нь зүүн баруун хоёр талаар арван том бурхны хөргийг сийлбэрлээд хөрөг бүрийг тойруулаад олон жижиг бурхны хөргийг ч сийлбэрлэсэн учраас нийт 1000 гаруй бурхны хөрөг байдаг юм. Зүүн баруун хоёр хананы урьд хойд хоёр үзүүрт нь хоёр хоёр дөрвөн махранзыг байрлуулаад дундах хоёр хананд нь зургаан зүйлийн үсгээр энэ суваргыг босгосны ач холбогдол бурхны магтаал зэргийг бичсэн байна. Монгол хэлний бүтээлийг дөрвөлжин үсгээр бичсэн юм. Агуулгын хувьд гол нь тарни болон шүлэглэсэн хоёр зүйлийн агуулгатай. Маанийн зургаан үсэг болоод бусад тарнийг томоохон шиг үсгээр бичээд шүлэглэсэн бичээсүүдээ арай жижиг үсгүүдээр бичжээ. Шүлэглэсэн бичээсүүдэд суваргын магтаал болон суваргыг босгосон хүмүүсийн алдар гавьяаг тэмдэглэжээ. Эдгээр нь Тогоонтөмөр хааны үед бүтээгдсэн шүлэг гэж ойлгож болно. Яруу сайхан бичсэн шүлгүүд байлаа. Тогоонтөмөр хааны багш Анандаа биечлэн энэ суваргыг амилуулсан гэлээ.

Тогоонтөмөр хааны үед байгуулсан энэ барилгын тухай хүмүүс 19-р зууны сүүлчээс эхлэн судалсаар бөгөөд буддын шашин, урлаг, үсэг бичгийн түүхийг судлахад маш чухал ач холбогдолтой хэмээн эрдэмтэн Содбаатар ярьж байлаа.

Тэрээр хэлэхдээ, үүнд буддын шашны судалгааны ач холбогдол их байна. Монголын буддын шашны түүхтэй холбоотой асуудал, Монголын уран баримлын мэргэжил, үсэг бичиг, үг хэлний талын асуудал зэргүүд холбогдоно. Үсэг бичгийн талаар үгсийн сан, найруулга зэргийг судлахад чухал ач холбогдолтой юм. Зургаан төрлийн үсэг бичгийг нэгэн зэрэг бичсэн нь үг хэл, үсэг бичиг, шашин шүтлэгийн бодлого тэгш байсныг харуулсан. Мөн буддын шашныг төрийн шашнаа болгож байсан Юань гүрний үеийн шашны бодлогыг харуулсан юм гэжээ.

Энэ түүхэн дурсгалт зүйлийг судалсан талаар эрдэмтэн Содбаатар 1896 оноос хойш одоог хүртэл Их Британи, Япон зэрэг улс орны эрдэмтнүүдийн судалгааны байдлыг дэлгэрэнгүй танилцуулж, Чин гүрний сүүлчийн үеэр Английн элчин сайдын яамныхан энэ барилгын зургийг ил захидлын картанд оруулж байсан гэжээ. Сарантуяа сурвалжлан мэдээлэв.


Их уншсан

холбоотой мэдээ