Америкт халдварын тохиолдол 1 саяд хүрсэн шалтгаан

2020-04-29 17:34:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 21-нд, АНУ-д шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдөр болтол богинохон гурван сарын хугацаанд халдварын нийт тохиолдол 1 саяд хүрч, нас барсан хүний тоо 50 мянгад хүрэв. Эдгээр тоонууд дэлхий бусад орныхоос хол давсан үзүүлэлт юм. Америкт халдвар богинохон хугацаанд яагаад хурдтай тархах болсон бэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараах хэдэн талын шалтгаантай гэж үзэж байна.

Нэгдүгээрт, халдварын эхэн үед, Америкийн засгийн газрын удирдагч сэрэмжлүүлгийг үл тоомсорлон, халдвартай тэмцэх алтан боломжийг алдсан.

Америкийн "Нью-Йорк таймс" зэрэг хэвлэлүүд мэдээлснээр, 1-р сарын 18-нд, Америкт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 3 хоногийн дараа, АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Алекс Азар анх удаагаа халдварын хүнд ноцтой байдлын талаар цагаан ордонд мэдэгдэж байсан ч Америкийн ерөнхийлөгч Трамп тоогоогүй өнгөрсөн.

Хоёрдугаарт, Засгийн газрын бэлтгэл ажил хангалтгүй, эмнэлгийн хангамж хүрэлцэхгүй, байгууллагуудын уялдаа холбоо муу байв.

Тус сарын 19-нд, Америкийн коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол 10 мянгад хүрэв. Халдвар хурдтай тархаж эхлэхэд муж улсууд хувь хувьдаа халдвартай тэмцэж, олон муж улсын эмчилгээ, олон нийтийн эрүүл мэндийн систем өндөр ачаалалтай ажиллаж эхлэв.

Зарим эмнэлгийн эмч сувилагчид хамгаалалтын хувцасгүй болохоор гялгар уут өмсөн ажиллаж байна хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлж байлаа. Холбооны засгийн газар болон мужийн захиргаа хоорондын зөрчил улам хурцдаж, халдвараас урьдчилан сэргийлэх ажил улам бүр хүндрэв. 4-р сарын 1-нд, АНУ коронавирусийн халдварын тохиолдол 200 мянгыг давсан орон болж, Нью-Йорк хот халдварын голомт болов. 4-р сарын 11-нд, Америкийн 50 муж, нийслэл Вашингтон болон гадаад дахь 4 нутаг дэвсгэр нь түүхэнд анх удаагаа "онц ноцтой байдал"-д өртөв.

Гуравдугаарт, халдвар дэгдсэний дараа Америкийн засгийн газар дорвитой хариу арга хэмжээ аваагүй, харин өөрийн алдаагаа нуун дарагдуулах гэж бусдад хариуцлага тохож эхэлсэн.

Шинэ коронавирусийн халдвар нь Америкийн засгийн газрын ажлын алдааг ил харуулав. Улиран сонгогдох хүсэл сонирхолтой Трампын халдварын тухай өгүүлсэн үг яриа харилцан уялдаагүй, зөрчилтэй болж эхлэв. Коронавирусийг Ардчилсан намын арга мэх гэж байснаа энэ бол цар тахал гэдгийг мэдэж байсан гэж хэлсэн, бүх хүмүүс шинжилгээнд хамрагдах болно гэж байснаа "энэ бол амьдрал шүү дээ" гэж хэлсэн, халдвар 4-р сард гайхамшиг мэт алга болчихно гэж байснаар Америкийн халдвар байдал улам бүр гаарсан ч "өнгөрсөнд миний хэлж байсан бүх зүйл зөв байлаа" гэж хэлсэн.

CNN-ийн мэдээлснээр, энэ оны 1-р сараас хойш Трамд дор хаяж 37 удаа Хятад улсыг сайшаасан байна. 1-р сарын 24, 1-р сарын 27-нд тэрээр нийгмийн сүлжээнд, "Хятад улс халдварыг даван туулахын тулд хүчин чармайлт гаргасаар байна, Америк тэдний хүчин чармайлт болон ил тод байдлыг маш сайшааж байна", "Бид Хятадын талтай халдварын талаар нягт харилцаж байна" гэсэн юм. Харин өвчтөний тоо эрс нэмэгдээд ирэхэд тэрээр Хятад улсыг халдварын байдлыг нуун дарагдуулсан хэмээн буруушааж, Хятад улсаар хохирлыг төлүүлнэ хэмээн зэмлэж байна.

Трамп 4-р сарын 14-нд, АНУ ДЭМБ-д өгөх санхүүжилтээ зогсоож буйгаа зарлаж, ДЭМБ цаг тухайд нь халдварын мэдээллийг хуваалцаагүй, халдвараас урьдчилан сэргийлэх тухай санамжийг цаг тухайд нь өгөөгүй, цаг тухайд нь "цар тахал" хэмээн зарлаагүй гэж зэмлэж, уг байгууллага "эдгээр олон нас барсан хүмүүст хариуцах ёстой" гэжээ.

Америкийн засгийн газрын энэхүү үйлдэл нь ямар ч ёс зүйгүй, хариуцлагагүй, халдвараас урьдчилан сэргийлж чадаагүй болохоор бусдад хариуцлагыг тохож буй үйлдэл, олон улсын хамтын нийгэмлэг хамтын хүчээр халдвартай тэмцэх гэсэн хүслээс няцсан үйлдэл хэмээн олон улсын хамтын нийгэмлэг үзэцгээж байна.

Эдгээр үйлдэл нь Америкийн иргэдийн засгийн газарт тавих итгэлийг ганхуулж эхлэв. Сүүлийн үеийн санал асуулгаас үзвэл, Трампын ажилд сэтгэл ханамжтай байх хэмжээ буурсан байна. Эдгээр санал асуулгын дүнгээс харвал, Трампыг дэмжиж байгаа нь 45.2 хувь, дэмжихгүй байгаа нь 50.3 хувьд хүрээд байна.

Америкийн халдварын байдлыг цаашид хэрхэн шийдэх вэ? Энэ нь голцуу Америкийн засгийн газрын цаашдын бодлого, арга хэмжээнээс шийдэгдэнэ.

Америкийн халдварын байдал маш хүнд байхад Америкийн ерөнхийлөгч Трамп 4-р сарын 16-нд, 3 шат дараалалтай Америкийн нийгэм эдийн засгийн амьдралыг нээлттэй болгох "Америкийг дахин нээх" хөтөлбөрийг зарласан ч хэзээ, хэрхэн нээлттэй байх нь муж улсуудын шийдвэрээс шалтгаална. "Хэт эрт эхлүүлэх" нь халдварын тархалтад орон зай хангаж, халдварын хоёр дахь давлагаа дэгдэх эрсдэлтэй хэмээн Америкийн шинжээчид санаа зовж байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ