Хэлбэл үг гишгэвэл газар

2020-06-29 15:26:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Одоогоос нэг жилийн өмнөх 2019 оны 6-р сарын 28-нд, Японы Осакад болсон Их 20-ын удирдагчдын XIV чуулган дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хүч нэгтэй зүтгэж, дэлхийн чансаатай эдийн засгийг хамтаар байгуулъя” гарчигтай илтгэл тавьж, Хятад улс цаашид гадаадад улам нээлттэй хөгжих тухай таван талаас танилцуулсан юм. Тухайлбал: Зах зээлээ улам нээлттэй болгох, импортоо улам өргөтгөх, бизнесийн орчныг улам сайжруулах, бизнесийн шударга байдлыг улам баталгаажуулах, эдийн засаг, худалдааны гэрээ хэлэлцээрийг идэвхтэй ахиулах зэрэг болно. 

Харин өнөө КОВИД-19-өөс үүдэлтэй цар тахал урьд өмнө байгаагүй чанга сорилт дагуулж, дэлхийн эдийн засаг бүхэлдээ унаж, хэзээнээс сэргэж, хэдий хурдтай хир зэрэг сэргэх зэргийг бүгд төсөөлөхийн аргагүй болоод байна. ОУВС-ын хамгийн сүүлийн үеийн төсөөллөөр 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар хумигдаж, өнгөрч зууны 30-аад оны эдийн засгийн том ухралтаас хойших хамгийн хүнд үе тохиох юм байна. 

Ийм нөхцөл байдалд чухам нээлттэй байх уу эсвэл хаалгаа дарах уу? Хамтран ажиллах уу аль эсвэл хувиа сахиж өөрийгөө хамгаалах уу гэдэг нь дэлхийн улс орон болгоны өмнө тавигдсан сонголт болсон юм. Тэгвэл эдгээр ээдрээ будлиантай, хүнд хэцүү нөхцөл байдлын өмнө Хятад улс ямар сонголт хийсэн бэ гэж хүмүүс асууж магад. Одоо энэ тухай товчхон танилцуулъя. 

Хятад улс хаалгаа дарж, хувиа сахиагүй ээ. Харин ч амлалтаа мөрдөж, хэлснээ биелүүлэхийн төлөө нээлттэй хөгжлийн бодлогоо хэвээр хадгалж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалыг сахисаар ирсэн. Сүүлийн нэг жилийн турш, Осакагийн чуулганд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн нээлттэй хөгжлийн таван том арга хэмжээг практикт хэрэгжүүлэхээр Хятад улс хичээн ажилласаар ирснийг дараах бодит үйл явдал, тоо баримт харуулж байна: 

Нэг жилийн турш, Хятад улс зах зээлээ нээлттэй болгох ахицаа түргэтгэсэн. 

Осакагийн чуулганаар “Бид удахгүй 2019 оны гадаад хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг нийтэлж, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах болон үйлчилгээний салбарыг улам нээлттэй болгоно” гэж Ши Жиньпин дарга амласан бол чуулган өндөрлөсний хэдхэн хоногийн дараа Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Худалдааны яам хамтран “2019 оны Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн сөрөг жагсаалт”, “Чөлөөт худалдааны туршиц бүс дэх гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн сөрөг жагсаалт” зэргийг нийтэлсэн юм. Тэгвэл энэ оны 6-р сарын 24-нд, Хятад улс дээрх хоёр жагсаалтын 2020 оны шинэ хуулбарыг нийтэлж, үйлчилгээ, боловсруулах, хөдөө аж ахуй зэрэг салбарын нээлттэй хөгжлийн түвшинг улам дээшлүүлсэн юм. 

Түүнчлэн “чөлөөт худалдааны зургаан туршиц бүсийг нэмж байгуулан, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг өргөтгөж, Хайнаньд чөлөөт худалдааны гарам байгуулахаа түргэтгэх болно” гэж Ши Жиньпин дарга Осакагийн чуулганаар дурдсан бол Хятад улс амлалтаа чанд мөрдөж, энэ оны 6-р сарын 1-нд “Хайнаний чөлөөт худалдааны гармын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г албан ёсоор нийтэлсэн бөгөөд Шаньдүн, Жянсү, Гуанши, Хэнань, Юүньнань, Хармөн зэрэг зургаан мужид чөлөөт худалдааны зургаан туршиц бүсийг шинээр байгуулж эхлээд байна. 

Нэг жилийн турш Хятад улс импортоо идэвхтэй өргөтгөх амлалтаа биелүүлсээр ирлээ. 

Осакагийн чуулганаар “Хятад улс гаалийн татвар хураамжийг буруулж, гадаад худалдаан дахь гаалийн татварын бус харш саадыг арилгахыг хичээн, импортын худалдаан дахь тогтолцооны чанартай өртгийг ихээр багасгана. Мөн Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний II экспог сайтар зохион байгуулах болно” гэж Ши Жиньин дарга хэлсэн байдаг. Тэгвэл эдгээр амлалт, зорилт хир зэрэг биеллээ олсон бэ? 

Нэг. 2020 оны 1-р сарын 1-нээс, Хятад улс импортын хэсэг бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг дахин буруулж, ердийн хэрэглээний бүтээгдэхүүн, гол чухал эм бэлдмэл, тэргүүний технологи бүхий тоног төхөөрөмж зэрэг 850 нэрийн барааны импортын бараа бүтээгдэхүүнд хамгийн хөнгөлөлттэй гаалийн татварын түр арга хэмжээ хэрэгжүүлсэн нь олон оронд ач тусаа өгсөн. 

Хоёр. Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний II экспо баялаг амжилт тогтоож, нийт 181 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага, 3800 гаруй аж ахуйн нэгж оролцож, гэрээ хэлэлцээрийн нийт хэмжээ 71 тэрбум 130 сая ам долларт хүрэв. 

Гурав. Одоо хэдийгээр цар тахлын хүнд хэцүү нөхцөлд байгаа ч Хятад улс олон улсын импортын III экспогийн бэлтгэл ажлыг эмх цэгцтэй явгадуулж байгаа бөгөөд одоогоор экспогийн нийт талбайн 90 хувь нь “эзэнтэй болж”, аж ахуйн нэгжүүд маш идэвхтэй “нэр мэдүүлсээр” байна.

... ...

Нэг жилийн турш Хятад улс бизнесийн орчноо тасралтгүй сайжруулж ирлээ.

“Бид ирэх оны 1-р сарын 1-нээс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ тогтолцоо хэрэгжүүлж, оюуны өмчийн эрхэнд халдсан тохиолдолд торгуул ногдуулж, нөхөн олговор олгох болж, оюуны өмчийн эрхийг иргэний болон эрүүгийн хэргийн хуулиар хамгаалахаар эрчимжүүлэх болно” гэж Ши Жиньпин дарга Осакагийн чуулганаар хэлсэн бол 2020 оны 1-р сарын 1-нд Хятад улс хэлсэн ёсоор “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүний хэрэгжилтийн тухай дүрэм”-ийг албан ёсоор хэрэгжүүлж, зах зээлд орохыг зөвшөөрөхөөс өмнөх иргэдэд адил хөнгөлөлт үзүүлэх сөрөг жагсаалтын тогтолцоог байгуулж, улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжилд хууль, эрх зүйн баталгаа хангасан юм. Түүнчлэн Хятад улсын бизнес эрхлэлтийн орчин тасралтгүй сайжрав. Дэлхийн Банкны нийтэлсэн “2020 он дэлхийн бизнес эрхлэлтийн орчны тайлан”-д, Хятад улсын бизнес эрхлэлтийн орчин дэлхийн 190 эдийн засгийн цогцод 31-т жагсаж байна. Харин өнгөрсөн жил 46-д жагсаж байсан юм гэжээ. 

Нэг жилийн турш Хятад улс голч, тэгш хүртээмжтэй байхыг бүх хүчээрээ баталж ирлээ. 

Осакагийн чуулган дээр Ши Жиньпин дарга “Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн сөрөг жагсаалтаас бусад хориг хязгаарыг бүхнийг цуцална. Гадаадын хөрөнгө дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрсний дараа гадаад дотоод гэж ялгалгүйгээр тэгш хандах болно” гэж хэлсэн юм. 

2020 оны эхээр Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийн дүрмийг нийтэлж, засаг захиргааны байгууллагууд санхүү хөрөнгө, газар эдэлбэр, татварын хөнгөлөлт, эрхийн зөвшөөрөл, стандарт тогтоох, төсөл боловсруулах, хүний нөөцийн бодлого зэрэг талаар хуулийн дагуу гадаадын бизнес эрхлэгчдэд голч шударга хандахыг тодорхой заасан юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчийн урмыг сэргээсэн төдийгүй, Хятад ын эдийн засгийн асар том татах хүчийг харуулж чадсан юм. Америкийн Родиам Группийн саяхан нийтэлсэн тайланд, “Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт асар түргэн нэмэгдэж байна. 2020 оны эхний 5 сард гадаад хөрөнгийн Хятадын зах зээл дэх хавсарган нэгтгэсэн хэмжээ 9 тэрбум ам долларт хүрсэн нь 2010 оноос нааш анх удаа Хятадын аж ахуйн нэгжийн хилийн чанад дахь хавсарган нэгтгэсэн хэмжээнээс давсан үзүүлэлт боллоо” гэжээ. 

Нэг жилийн турш Хятад улс эдийн засаг, худалдааны хэлэлцээрүүдийг хүч тавин ахиулж ирлээ. 

Сүүлийн нэг жилийн турш Хятад улс эдийн засаг, худалдааны гэрээ хэлэлцээрийг хүч тавин урагшлуулж ирлээ. 2019 оны 11-р сард бүс нутгийн эдийн засгийн тал бүрийн түншийн харилцааны хэлэлцээр буюу RCEP-ийн хэлэлцээ чухал ахиц гаргаж, 15 гишүүн орон бүх бичиг баримтыг бүрдүүлэн, харилцан зах зээлдээ нэвтрүүлэх тухай хэлэлцээрийг дуусгавар болгосон бол, энэ оны 6-р сард RCEP-ийн сайд нарын хэмжээний видео хурлаар энэ ондоо багтаан хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон байна. Мөн саяхан болж өнгөрсөн Хятад-Европын Холбооны удирдагчдын XXII уулзалтын өмнөхөн 2020 онд Хятад-Еворпын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт тохиролцохоор зүтгэх бөгөөд шударга өрсөлдөөний талаар даруй нийтлэг ойлголтод хүрэхээр ажиллахаа хоёр талын удирдагчид дахин онцолсон гээд олон жишээ, үйл явдлуудыг дурдаж болох юм. 

Ямартай ч улам нээлттэй байдлаар хөгжлийн улам том боломжийг нээж, улам сайн хамтын ажиллагаагаар харилцан ашигтай байж, хамтаар ашиг хүртэхийг улам сайн биелүүлэх бол Хятад улсын даян дэлхийд хийсэн амлалт, мөн ч хийж буй бодит ажиллагаа мөн.

Их уншсан

холбоотой мэдээ