Дөч хоног амаргүй байлаа

2020-07-20 16:16:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 19-нд болсон Цар тахлаас сэргийлэх ажлын тухай Бээжин хотын ардын захиргааны хэвлэлийн бага хурал дээр, энэ сарын 20-ны 0 цагаас Бээжин хот олон нийтийн эрүүл мэндийн онц байдлын зохицуулалтын зэрэглэлийг II-оос III болгон буруулсан тухай хотын захиргааны дэд нарийн бичгийн дарга Чэнь Бэй мэдэгдлээ. Ингэснээр тахлын эсрэг 40 хоног үргэлжилсэн тэмцэл үе шатны чанартай амжилтад хүрсэн гэж хэлж болно.

6-р сарын 11-нд, Бээжин хотын Шинь Фа Ди хүнсний бөөний захад халдвар дэгдсэн бол Бээжин хот тэр даруйд нь онц байдал зарлаж, 26 хоногийн шаргуу тэмцлийн дүнд 7-р сарын 6-нд халдварыг бүрэн таслан зогсоосон юм. Одоо болоход дараалан 14 хоног халдварын тохиолдол илрээгүй.

Энэ удаад Бээжин хот тахлын эсрэг Хүбэй мужийн туршлагаас зээлдэж, халдварын үүсэл гарлын тухай судалгаа, нуклейн хүчлийн шинжилгээ, эмчилгээ сувилал, хорооллын сэргийлэлт, эд материалын хангамжийн баталгаа зэрэг олон салбарыг яаралтай ажиллуулснаар 21 сая байнгын оршин суугчтай том хот тахлыг шуурхай дарж чадсан юм. Хүн амын хөдөлгөөн ихтэй улсын нийслэл хотод тахлын эсрэг тэмцэнэ гэдэг мэдээж хэцүү, хүндрэл ихтэй байсан юм.

Бээжин хотын захиргааны тахлын эсрэг ажлын хэсгийн Шалгалт шинжилгээний багийн орлогч дарга Жан Чян, “анх тахал дэгдэхэд Бээжин хотын нуклейн хүчлийн шинжилгээний хүчин чадавх маш их дарамттай байсан. Гэвч хотын болон бусад муж хотуудын дэмжлэг дор маш богино хугацаанд 75 шинжилгээний байгууллага нэгжийг 194 болгон нэмэгдүүлж, 3424 дээж авах цэгт 8765 эмчилгээний ажилтан ажиллуулж, өдөрт 1 сая 212 мянган хүнээс дээж авснаар 20-хон хоногт 11 сая хүнд шинжилгээ хийсэн” гэжээ.

“Олны хүч оломгүй далай”. Тахал үүссэний дараа, Бээжин хот бүхэлдээ бэлэн байдалд орж, эгэл иргэд, жирийн оршин суугчид бүгд л хотын захиргааны дүрэм журмыг ягштал мөрдөж, гэр орондоо хөл хорьж, хорооллын ажилтнуудтай хамтран ажилласан нь ч тахлын эсрэг тэмцэлд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Албаны талын тоо баримтаас үзвэл, тахал дэгдсэнээс хойш “голомт бүс” гэгдсэн Шинь Фа Ди, Юй Чуань Дүн, Тяньтао Хунлянь эрэг 3 захын ойр хавийн оршин суугчдын 55 хороог битүүмжилж, 106 мянган оршин суугч гэртээ хөл хорьсон байна. Үүний дээр засаг захиргааны 99 мянган удирдах боловсон хүчин, сайн дурынхан, хорооллын гээд нийт 1 сая 620 мянган ажилтан тахлын эсрэг өмнө фронтод ажиллаж, 12 муж хотоос 420 хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй эмчилгээний баг Бээжинд ажиллажээ.

Ямартай ч энэ бүхний ачаар 21 сая байнгын оршин суугчтай, өдөрт өч төчнөөн хүн орж гарч байдаг Бээжин хот 40 хоногт халдварыг бүрэн дарж, онц байдлын зэрэглэлээ буруулж байгаа нь амаргүй юм. Өнөөдөр энэ хотод амьдарч буй хүн болгон шаргуу тэмцлийн үр дүнг хараад баярлаж байна, мөн энэхүү хатуу сорилтыг давахад гар бие оролцож ирсэн бүх хүмүүст талархаж байна. Өнгөрсөн 40 хоног энэ хотын түүх, энд амьдарч буй хүн бүхэнд марташгүй 40 хоног байх болно.

Их уншсан

холбоотой мэдээ