Төвөдийн өндөрлөг дэх малчдын хоршоолол

2020-08-03 17:54:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Далайн төвшнөөс 4700 метрийн дээр орших өндөрлөгт үндэсний зэрэглэлийн, малчдын хоршоолол байдаг гэж дуулаад бид зорин очиж сурвалжиллаа. 2012 онд байгуулагдсан Дургий гацааны мал аж ахуйн хоршоолол нь 13 мянган га орчим бэлчээрийн талбай, 1100 сарлаг, 2300 хонь, 700 ямаа, 7 морьтой гэнэ. Дургий гацааны 108 өрхийн 386 малчин бүгд хоршооллын гишүүн аж. Тус хоршооллын гишүүн 26 ядуу өрх тогтмол орлоготой болж 2018 онд ядуурлаас бүрэн ангижирч чаджээ.

Малчин Данзангийнх урьд нь цөөн хэдэн малтай, өл залгуулах төдий амьдралтай байв. 2012 онд хоршоололд элсэн орж хувьцаа эзэмшсэнээр эхнийхээ жилд 10 мянган юанийн ногдол ашиг олоод зогсоогүй хоршооллоос тэднийд идэшний хонь үхэр өгч байжээ. Харин 2019 онд хоршоолол нь 20 мянган юанийн ногдол ашиг олгосноос гадна тэднийд мөн гурван үхэр, 16 хонь, 45 кг шар тос өгсөн гэж Данзан бидэнд ярилаа. Данзангийнх ам бүл гурвуулаа, идшиндээ жилд нэг сарлаг, 10 орчим хонь бэлтгэдэг бөгөөд өнгөрсөн онд ногдол ашгаас гадна хоёр сайхан сарлагаа 16 мянган юаниар заржээ.

Малчин Данзан

Одоогоор тус хоршоолол нь мал ахуйг үндсэн чиглэлээ болгохын зэрэгцээ олон төрлийн бизнесийг уялдуулан хөгжүүлж, малчдыг ажлын байр хангаж, тогтмол цалин орлоготой болгож байгаа юм байна. Тухайлбал, 2014 оноос хойш Дургий гацааны мал аж ахуйн хоршоолол Хятадын ХАА-н банкнаас ядуусыг тэтгэн дэмжих төслийн хүрээнд нийт 7 сая гаруй юанийн зээл авч, хоршооллын ойролцоох Банга сууринд зочид буудал, дэлгүүр, цайны газар, оёдлын газар нээн ажиллуулсан байна. Өдгөө тус хоршооллын мал аж ахуй, бизнесийн орлого тогтвортой байгаа бөгөөд 2019 онд банкны зээлээ бүрэн төлж дуусгасан гэж хоршооллын зөвлөлийн дарга Санжаа ярилаа.

Дургий гацааны мал аж ахуйн хоршооллын зөвлөлийн дарга Санжаа

Малын бэлчээрийн бүсийн үндэсний зэрэглэлийн хоршоолол болох Дургий гацааны мал аж ахуйн хоршооллын найман жилийн хугацаанд хуримтуулсан үнэтэй туршлагыг нь сонирхоход, “Юуны түрүүнд үндсэн үйлдвэрлэл буюу мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний үндсэнд хэсэг бүлэг хөдөлмөр хүчийг чөлөөлөн, малчдад олон төрлийн бизнес эрхлэх боломж нөхцөл хангаж, тогтмол орлоготой болгох, түүнчлэн их дээд сургууль төгссөн боловсон хүчнийг нутаг орондоо татах нь манай хоршооллын олон жилийн турш дахь зөв зүйтэй туршлага байгаа юм” гэж тус гацааны албаны төлөөлөгч Данзансамбуу танилцууллаа.

Дургий гацааны албаны төлөөлөгч Данзансамбуу


Их уншсан

холбоотой мэдээ