​Ковид-19-ийн вакцины тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

2020-09-25 20:00:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн албанаас Ковид-19-ийн вакцины ажлын талаар танилцууллаа.

Шинжлэх ухаан, технологийн яамны Нийгмийн хөгжлийн шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ү Юаньбинь хэлэхдээ, одоогоор Хятадад Ковид-19-ийн 11 шинэ вакцин эмнэлзүйн судалгааны үе шатанд орсон бөгөөд үүнээс идэвхигүйжүүлсэн 3 вакцин, аденовирусийн векторын 1 вакцин эмнэлзүйн III шатанд оржээ. Бусад рекомбинант уургийн вакцин, mRNA вакцин, томуугийн вирусийн сулралтай вектор вакцин I / II үе шатны клиник туршилтыг цаг алдалгүй хийж байна. Клиникийн туршилтын III үе шатанд орсон дөрвөн вакцин одоогоор хэвийн үргэлжилж байна гэжээ.

Вакциныг хэзээ баталж, өргөнөөр ашиглах тухай Хятадын үндэсний эмийн хяналт удирдлагын газрын эмийн бүртгэлийн танхимын дарга Ян Шэн хэлэхдээ, вакцин борлуулалт эхлэхээс өмнө эмнэлзүйн өмнөх судалгаа, I, II үе шатны клиник судалгааг хийж, III үе шатны клиник туршилтаар дамжин, вакцины аюулгүй байдал, үр нөлөө нь товлосон стандартыг хангасныг гэрчлэх шаардлагатай юм.

Эмнэлзүйн III шатны туршилтуудын явц нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо, судалгаанд хамрагдсан бүлгүүдийн тоо, үр дүн гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Судлаачид аль болох хурдан ашиглалтад оруулахын тулд тусгай зарчмын дагуу ажиллаж байна.

Ковид-19-ийн вакцины хамгаалалтын хугацаа хэр удаан байдаг тухай Хятадын Халдварт өвчин судлалын төвийн ахлах эрдэмтэн Зэн Гуан хэлэхдээ, Ковид-19-ийн вакцин зөвхөн 9 сарын хугацаатай хэмээн хүмүүс үзэж байна. Гэхдээ вакцин хийсний дараа вакцин бүр хэр удаан хамгаалах вэ гэдэг нь урт хугацааны, өргөн цар хүрээтэй судалгааны ажил юм гэжээ.

Одоогийн байдлаар Хятадад анх вакцин хийлгэсэн хүмүүсийн ийлдэс дэх шинжилгээний үр дүнгээс харахад эсрэгбиемүүд өндөр түвшинд хэвээр байгаа тул вакцин нь нэлээд удаан хугацаанд хамгаалж болох магадлалтайг харуулж байгаа юм.

Судалгааны багийн вакцины судалгаа, боловсруулалтын багийн ахлагч Жэн Жүнвэй хэлэхдээ, ирэх жил гэхэд Хятад улс Ковид-19-ийн вакциныг жилд 1 тэрбум гаруй ширхэг үйлдвэрлэх төлөвтэй бөгөөд халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг, эрсдэлт бүлэг, нийт хүн ам гэх мэт дарааллын дагуу вакциныг хуваарилна гэжээ.

Вакцины үнэ ханшийн талаар Жэн Жүнвэй хэлэхдээ, олон нийтийн бүтээгдэхүүний шинж чанарыг үндэслэн Ковид-19-ийн вакцины үнийг тогтооно гэжээ. Хятадын вакцины үнэ нь олон нийтийн хүлээн зөвшөөрч болохуйц хэмжээнд байх болно гэжээ.

Вакцин тариулсны дараа мөн амны хаалт зүүх шаардлагатай эсэх тухай Зэн Гуан хэлэхдээ өвөл, хавар бол амьсгалын замын халдварт өвчний өвчлөл ихтэй үе юм. Ковид-19-ээс гадна томуу, аденовирус зэрэг бусад амьсгалын замын халдварт өвчнүүд байдаг. Ковид-19-ийн аль ч вакцин бүрэн үр дүнтэй байдаггүй. Нэмж дурдахад ихэнх хүмүүсийн хувьд энэ өвөл, ирэх хавар вакцин хийлгэх боломжгүй байж магадгүй юм.

Тиймээс дотоодынхоо Ковид-19 болон бусад амьсгалын замын халдварт өвчний халдварын байдал, агааржуулалтын арга хэмжээ, өөрийнхөө дархлааны байдал зэргээс амны хаалт зүүх эсэхээ шийдэх ёстой. Ялангуяа зарим ахмад настан, архаг өвчтэй өвчтөнүүд, хүүхдүүдийг хамгаалах ёстой. Хүн бүр амны хаалт зүүх, гараа байнга угаах, зайгаа барих зэрэг сайн зуршлаа хадгалахыг зөвлөж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ