"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

2017-07-09 17:37:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

"Монголын бурхны шашин ба зан үйл" эрдэм шинжилгээний анхдагч хурал болов

Саяхан Бүгд Найрамдах Унгар Улсын Өтвөш Лоранд Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын төвд "Монголын бурхны шашин ба зан үйл" олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон байна. Ингээд энэ тухай тус хуралд оролцсон Бээжин дэх Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын профессор Мянгаад Эрдэмт гуайтай ярилцлаа.

ХӨТ: Та сайн байна уу. Саяхан Унгар улсад Монголын бурхны шашин ба зан үйл гэсэн томоохон эрдэм шинжилгээний хурал нээгдэж, энэ хуралд та бас өөрөө оролцсон байна. Хурлын талаар дуулгах уу.

Мянгад Эрдэмт: Тэглээ, тун саяхан Унгар улсын Өтвөш Лоранд Их Сургуулийн Монгол баТөв Ази судлалын төвд "Монголын бурхны шашин ба зан үйл" хэмээх олон улсын хурал болсон. Монгол, Хятад, Польш, Герман зэрэг 10 шахам орны эрдэмтэд оролцсон. Монгол улсын Гандан хийд, Дашчойлин хийд, бас Хятадын Өвөр Монголын Мэргэн хийдээс нэлээд олон гэгээн, лам нар ч хуралд оролцсон юм.

ХӨТ: Монголын бурхны шашны зан үйлийн сэдэвт хурал өнгөрсөнд бас нээгдэж байв уу?

Мянгад Эрдэмт: Ер нь, өнгөрсөнд бурхны шашны сурвалж, бурхны шашны түүхийн сэдэвт хурлууд болж байсан. Гэхдээ бурхны шашны зан үйлийн сэдэвтэй хурал анх удаагаа болсон. Ялангуяа энэ сэдвээр олон улсын хэмжээний хурал урьд өмнө ерөөс нээгдэж байгаагүй. Иймээс энэ удаагийн хурал маш сонирхолтой, чухал хурал боллоо.

ХӨТ: Эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн өгүүлэл, бүтээлийн тухай дурдах уу. Таны хувьд энэ хуралд ямар судалгааны бүтээлээ танилцуулсан бэ?

Мянгад Эрдэмт: Эрдэм шинжилгээний хурал гурван дугуйланд хуваагдаж явагдсан болохоор тэр бүгдийг танилцуулах боломжгүй. Монгол улсаас 40, 50 шахам эрдэмтэн ирсэн байсан. Монголчуудын ном бичигтэй холбогдох уламжлал ба зан үйлийн тухай, Монгол бурхны шашны урлагийн тухай, сүм хийдтэй холбоотой зан үйлийн тухай нэлээд ерөнхий, өргөн хүрээг хамарсан өгүүллүүд дэвшүүлэгдэж, олон эрдэмтэд илтгэл тавьсан төдийгүй сүм хийдийн гэгээн лам нар сайхан сайхан илтгэл тавилаа. Миний хувьд, Хятадын Шиньжааны Илийн Өөлөдчүүдийн дунд ном нээнэ, ном босгоно хэмээх бурхны шашны сонин зан үйл бий. Энэ зан үйл бол одоогийн байдалд өөр газар байхгүй, тасарсан. Зөвхөн Илийн голын урсгал дагуу бүс нутагт байгаа. Илийн Өөлөдчүүдийн бурхны шашинтай холбоотой энэ зан үйлийн талаар илтгэл тавьсан юм.

ХӨТ: Монголын бурхны шашны зан үйлийн эрдэм шинжилгээний хурал яагаад Унгарт нээгдсэн бол? 

Мянгад Эрдэмт: Ер нь Унгар улс бол Монгол судлалын ихээхэн уламжлалтай улс юм. Өнгөрсөнд Л.Лигети гэдэг том эрдэмтэн байсан. Л.Лигети бол Унгарын Монгол судлалын төв гол дахь хүн юм. Тэр бол Унгарын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлах хүрээлэнг байгуулж, Унгарын Монгол судлалыг оргилд нь хүртэл хөгжүүлж явсан хүн. Зөвхөн Монгол судлал төдий бус, Алтай судлалд нэвтэрсэн, жинхэнэ дорно дахины судлалын том эрдэмтэн. Одоо бол Унгарын Монгол судлалыг Агнэш Бирталан гэдэг профессор удирдаж байгаа. Агнэш профессор бол Лоранд их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч. Хоёр жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Унгар улсад очоод Лоранд их сургуульд Монгол судлалын төвийг байгуулжээ. Агнэш бол мөн тэр төвийн эрхлэгч. Ноднин олон улсын Монгол судлалын холбооны хурал дээр Агнэш профессор олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч болсон. Тиймээс Агнэш бол зөвхөн Унгарын Монгол судлал төдийгүй олон улсын Монгол судлалыг удирдаж байгаа хүн билээ. Тиймээс эдэнд ийм уламжлал байгаа, тэднийхэд Монгол судлал эрчимтэй хөгжиж байна. Агнэшийн судалгаа бол хэл, шашин гээд олон талыг хамарсан. Ийм тохиолдол дор тэд өөрийн тэнхимдээ энэ хурлыг зохион байгуулжээ. Ер нь олон улсын хэмжээнд зан үйл сэдэвт хурал их явагддаг. Гэхдээ Монголын бурхны шашны зан үйлийн тусгай сэдэвт олон улсын хурал болж байгаагүй. Эрдэмтэд бурхны шашны зан үйлийг Монгол зан үйлд багтааж судалж байсан боловч түүнийг тусгай судалгааны чиглэл болгон судалж байгаа хүн тун цөөн. Тиймээс энэ хурал зөвхөн бурхны шашин төдий бус, Монгол бурхны шашны зан үйл, Монгол зан үйл, чанагшид Монгол соёлыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хурал боллоо гэж үзэж байна.

ХӨТ: Монголын бурхны шашны зан үйлийг судлахын ач холбогдол нь хаана байгаа бэ?

Мянгад Эрдэмт: Өвөр Монголд Монгол бурхны шашныг нэлээд судалж байна. Үүний дотор Монгол бурхны шашны сурвалж бичгүүдийг ихээхэн судалж байна. Тод жишээ нь, сүүлийн хэдэн жилд Өвөр Монголд Монгол Ганжуур Данжуурыг хэвлэж гаргасан. Энэ нь Монгол бурхны шашны судлалд их ач холбогдолтой ажил болов. Түүнчлэн Монголын бурхны шашны түүхийг нэлээд судалж байна. Гэхдээ Монгол бурхны шашны зан үйлийг тусгай гүнзгийрүүлэн сайн судалж чадаагүй. Энэ чиглэлээр тусгай судалгаа хийж буй эрдэмтэн цөөн. Бидний судалж байгаа бурхны шашны зан үйл бол Лувсанчойдоноос эхлүүлээд Монгол зан үйлийн нэг хэсэг болгон судлаад байсан. Яриангүй Монголын бурхны шашны зан үйл бол Монгол зан үйлийн нэг хэсэг. Гэхдээ түүнийг тусгай сэдвээр авч судалбал нэн сайн гэж бодож байна.

ХӨТ: "Шиньжааны Илийн Өөлөдчүүдийн дунд ном нээнэ ном босгоно хэмээх сонин зан үйл бий" гэж та ярьсан. Энэ тухай сонсогчдод дэлгэрүүлэн танилцуулна уу.

Мянгад Эрдэмт: Шиньжааны Илийн голын урсгал дагуу бүс нутагт 20 мянга шахам Өөлөдчүүд амьдарч байгаа. Тэд бол Зүүнгар хант улсаас үлдсэн уугуул иргэд юм. Бидний бүртгэлээр тэр нутагт тод үсгээр бичигдсэн бараг 3000 шахам сурвалж бичиг хадгалагдаж байна. Эдгээр судар номыг хувь хүн хадгалж байгаа. Зарим нь 10 судар, зарим 100 судар, зарим нь 200 судар хадгалж байна. Миний хийж байгаа гол ажил бол, тэдгээр сурвалжуудыг сканераар сканердаж, фото зураг болгон буулгаж байна. Тэр судруудыг фото зурагт ном болгон хэвлүүлж байна. Одоо бол 8 боть ном гарсан байгаа, энэ жил ирэх жил хүртэл 50 боть ном гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд улсын төлөвлөгөөнд орсон. Нөгөө нэг гол ажил бол даруй "Ном нээнэ, ном босгоно" хэмээх зан үйлийн тухай юм. Тэр бол, тод үсгийн бурхны номыг лам бус харин энгийн хар хүн уншина. Өвөр Монголын Мэргэн хийдэд бас Монголоор ном нээдэг, гэхдээ тэнд бол худам судрыг лам хүн уншина. Илийн Өөлөдчүүдийн дунд бол тод үсгийн бурхны ном "Алтан гэрэл" мэтийн судрыг хар хүн уншина. Энэ зан үйлийн үүсэж бий болсон тухай ямар ч сурвалж бичгийн тэмдэглэл байхгүй. Гэхдээ Ойрдын бурхны шашны түүхтэй маш холбоотой мөртөө одоо бол тэр нутгийн ардын дунд маш чухал, бараг өдөр бүр дутагдаж болшгүй бурхны шашны зан үйл болоод хоцорсон байна. Бид энэ зан үйлийг судалж, зан үйлийн бүх явцыг видео бичлэгээр бичиж үлдээж байна. Өөрөө би сурвалж бичиг судалдаг хүн, угсаатан зүй, зан үйлийн мэргэжлийг би сайн мэдэхгүй. Тиймээс хожмын хүмүүст материал болгон үлдээж өгөх нь миний нэн илүү хариуцлага гэж бодож байна.

ХӨТ: Таны үзэхээр, Монголын бурхны шашны зан үйлд улам гүнзгий анхааран судлууштай зүйл нь юу бэ, жишээлбэл.

Мянгад Эрдэмт: Бурхны шашныг Монголчууд хүлээж аваад хэдэн зуун жил болжээ. Хубилай хааны хийсэн нэг их өөрчлөлт бол Чингис хааны үеийн төрийн шашин Бөөгийн шашин байсныг бурхны шашин болгосон явдал юм. Түүнээс хойш бурхны шашин Монголчуудын өдөр тутмын амьдрал, зан үйл төдийгүй оюун санаанд нь хүртэл нөлөөлсөн. Монголчуудын оюун санааг урт хугацаагаар нөлөөлж ирсэн соёл бол бурхны шашны соёл. Тиймээс бурхны шашин бол Монголчуудын өдөр тутмын амьдралд төдийгүй, урт удаан түүх соёлын дунд маш гүн нэвчиж орсон. Тиймээс түүнийг тусгай үүднээс очиж судлах нь маш чухал ач холбогдолтой.

ХӨТ: Бурхны шашны зан үйл олон газар нутагт өөр өөр байдаг байх. Энэ тухай та юу гэж үздэг бэ?

Мянгад Эрдэмт: Олон улсын хэмжээнд, эсвэл орон нутгуудын хувьд харьцуулсан буюу хамтарсан судалгаа хийх нь чухал. Яагаад гэвэл бурхны шашин Монгол нутагт орж ирэхдээ хувиралт гаргасан. Хэрэв бид Түвдэд очоод харахад, барилга, сүсэгтнээс нь авахуулаад тэд нарын хийж байгаа мөргөл гээд олон зүйл нь бидний Монгол нутагт байгаа бурхны шашинтай адилгүй нь ажиглагддаг. Нутаг нутгийн дотроо бас адилгүй. Жишээлбэл, Өвөр Монголд Мэргэн хийд гэж буй. Тэнд монголоор ном судар уншиж байна. Халхын өндөр гэгээн Занабазар бол шашинд бас олон талын шинэчлэл хийсэн. Бурхны шуумал, хувцас зэргээс авахуулаад олон өөрчлөлт хийсэн. Тиймээс бурхны шашин Монгол нутагт орж ирэхдээ их өөрчлөгдсөн. Шинэчлэлт хийсэн хүн, орон нутаг болон цэг үеэс шалтгаалж хувиралт гарсан. Ийм байдал дор бид орон нутгуудыг харьцуулан судлах нь чухал. Харьцуулсан судалгаа хийвэл түүний үүсэл гарал зэрэг олон зүйл улам тодорхой болох юм.

ХӨТ: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мянгад Эрдэмт: Баярлалаа.


Их уншсан

холбоотой мэдээ