Чиндао-д саатсан бичил тэмдэглэл

2018-06-05 08:54:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хэдхэн хоногийн дараа буюу 6-р сарын 9, 10-ны өдөр БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж байна. Энэ жилийн уулзалтын хувьд тус байгууллага гишүүдээ өртгөсний дараа зохион байгуулж буй анхны уулзалт гэдгээрээ онцлог юм.  

Би одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2016 оны 6-р сард Чиндао хотод түр саатах завшаан тохиолдож, тэр тухайгаа тэмдэглэл бичиж цөөн хэдэн сайтад нийтэлж байсан юм. Хэдий хуучин тэмдэглэл ч гэсэн Чиндао хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын уулзалтыг тохиолдуулж уншигч олондоо өргөн барья гэж бодлоо.  

Чиндао-д саатсан бичил тэмдэглэл

Найзад минь Чиндао явах ажил гараад намайг хань татав. Завтай байсан би уухайн тас зөвшөөрч, гараад шидчихлээ. Амжуулах ажил нь ялимгүй учраас өглөө Бээжингээс хамгийн эрт хөдлөх, тэнд хонолгүй оройн галт тэргээр буцах тасалбар авав. Хурдны галт тэрэг нэг талдаа 5 цаг, ирж буцахын 10 цаг явдаг тул Чиндаод саатах 6 цагийн хугацаанд ажлаа гялс манас амжуулаад, далайн эрэгт тухлан, усанд орж, алдарт Чиндао шар айргийг шимэн сууя гэж ярилцсан юм. 

 

Чиндао-д саатсан бичил тэмдэглэл

Бээжингээс хөдөлсөн хурдны галт тэрэг замдаа Тяньжин, Дэжөү, Жинань, Зибө, Хуайфань хотод зогсдог юм байна. Тэдгээрийн ихэнх дээр ердөө ганц минут зогсоно. Хүмүүс буулаа, зөрөөд суулаа, шүгэл дуугарлаа, галт тэрэг хөдөллөө. Ердөө л энэ. Буулаа, тамхиа асаалаа, хоёр сорлоо, шүгэл тасхийлээ, сүүлээ хавчлаа, год үсрээд орлоо, хаалга хаагдлаа... 

 

Чиндао-д саатсан бичил тэмдэглэл

Шандун мужийн Чиндао хотын төв вокзал дээр буухад биднийг ер бусын сэнгэнэсэн агаар, сэрүүн сэлгээ салхи угтан авав. 6 дугаар сарын бөгчим халуун Бээжингээс ирсэн бидэнд цээжний угаас баяр төрж, өөрийн эрхгүй инээмсэглэн “Сэрүүн сайхан хангай”-гаа аялж явлаа. Тэнд зуны улиралд голдуу 25 хэм, 8 дугаар сард цөөн хэдэн хоног 30 хэм хүрэх боловч салхи ихтэй учраас агаар тэгтлээ халдаггүй гэнэ. Харин өвөлдөө цөөн хоног хасах 10 хүрч зузаан хүрэм өмсүүлдэг, ихэнхдээ ноосон цамцтай явуулдаг юм байна. Чиндао хотын төв вокзал гаднаасаа харахад намхан жижиг байшин мөртлөө дотроо нэлээд уужуу, доошоо хоёр ч давхар юм билээ. 

 

Бид сургууль судлах ажилтай очсон тул такси хөлөглөж өдөржин хотоор тэнэлээ. Чиндао хэдийгээр 9 сая хүн амтай боловч 11.282 ам дөрвөлжин км газар нутагтай, барилга байшин, дэд бүтэц нь уужуу чөлөөтэй, хүн ам сийрэг суурьшсан газар юм. Далайн эргийн нугачаа ихтэй намхан уулсын чөлөөгөөр өнгө донжоо гайхуулах европ хийцийн барилга байшингууд нүд булааж байлаа.   

Чиндао-д саатсан бичил тэмдэглэл

Чиндао Шар тэнгисийн эрэг дэх загас агнуур, далайн тээврийн боомт хот юм. Ногоон цай, усан үзэм тариалдаг, механик тоног төхөөрөмж, электрон бараа, хөлөг онгоцны үйлдвэрлэл, аялал жуулчлал сайн хөгжсөн, далайн хөвөөний зөөлөн чийглэг уур амьсгалтай боловч хур тунадас бага унадаг, цаг агаарын хувьд амьдран суухад нэн тааламжтай нутаг гэнэ.        

Таксигаар баахан тэнэж 15 цагийн үед ажлаа амжуулаад далайн эрэгт хүргүүллээ. 100 шахам км явсан боловч ердөө 140 юаний төлбөр гарчээ. Хямд санагдлаа, болж байна. Энд ганц такси гэлтгүй бүх юмны өртөг бага. Хотын төвийн тохилог хотхонд 70 орчим ам дөрвөлжин метр талбай, хоёр унтлагын өрөөтэй байр гэхэд нэг сард 2000 орчим юаний түрээстэй. Тийм ч учраас зундаа Бээжин зэрэг томоохон хотоос хүмүүс халуунаас дайжин ирж, байр түрээсэлж зусна. Чиндаод гадныхан олон, ялангуяа солонгос, япончууд их байдаг. Манайхнаас хүртэл байр сууц худалдаж авсан хүн цөөнгүй байдаг сурагтай. 

 

Тэнгисийн эрэгт очиж далайн хоол захиалж, гоожуурын пиво шимлээ. Шар айрагны хот гэсэндээ аргагүй л өөр амттай юм. Далайн ус, эргийн орчин харьцангуй цэвэрхэн, хүмүүс нь найрсаг, соёлтой юм шиг санагдсан шүү. Гайхалтай нь далайн эрэг дээр дотроо шар айргаар халаасан ч гаднаасаа жихүүцээд байлаа. Өнөөдөр сэрүүхэн өдөр таарсан юм уу гэтэл үгүй гэнэ. Өчигдөр бороо ороод хүйтэн байсан, өнөөдөр нартай дулаан өдөр болж байна гэнэ. Усанд орох санаатайгаа ярьтал энд 8 сард л усанд ордог, одоо орвол ханиад хүрнэ шүү гээд шоолсон янзтай жуумалзаж байна. Үгүй тэгээд зориод очсон юм чинь яаж зүгээр байхав, өвдгөө хүртэл усанд орж ар араасаа хөөцөлдөн тоглож, хөөсрөн буцах далайн давалгааг харж зогслоо... 


Одоо эргээд Чиндаог бодоход сэлүүн тунгалаг агаар, сэлгээ зөөлөн салхи, найрсаг зантай хүмүүс, намуухан сайхан далайн эрэг санаанд орно... 



До.Болдхуяг

Их уншсан

холбоотой мэдээ