​Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол

2019-05-20 15:50:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол

Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны Эмтийнгол сумын Баян-Овоо гацаанд хийсэн “Хөдөлмөр тэмцлийн 70 жил, хөгжил дэвшлийн эрин үе” сурвалжилга

Өөрчлөлт нээлтийн бодлого илүү боловсронгуй болж, эдийн засаг эрчтэй хөгжихийн хэрээр зах зээлийн эргэлт хурдсаж, хөдөө аж ахуй томоохон компаниуд төрөн гарснаар малчид тариачдад хүндхэн сорилт тулгарсан юм. Үр ашиг багатай, бүтээгдэхүүний хэмжээ бага учраас бүтээгдэхүүн нь зах зээл дээр шууд гарч чадахгүйд хүрлээ. Хятадын засгийн газар, орон нутгийн захиргаа энэ байдалд анхаарал хандуулж, шинэ арга зам хайж эхэлсний нэг нь хоршоолол юм.

Хоршоолол байгуулснаар тариачид үйлдвэрлэлээ хамтруулж, ажиллах хүчээ хуримтлуулан, бүтээгдэхүүнээ нэгтгэснээр зах зээлд хөлөө олж эхэлжээ. Үүний нэг тод жишээ нь Баян-Овоо гацаа юм. Тус гацааны тариачид аялал жуулчлалыг хөгжүүлж буй стратегитай уялдуулан, Өсгөж ургуулах, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн машин техник, Ойн бүтээгдэхүүн зэрэг 6 хоршоолол байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гацааныхаа аялал жуулчлалд хандуулж, үр ашигтай ажиллаж байна.

Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол

Өнөөгийн байдлаар Баян-Овоо гацааны хувийн бизнес эрхэлж байсан ганц хоёр айлаас бусад нь ямар нэгэн хоршоололд бүртгэлтэй, зарим нь бүр хоёр гурван хоршоололд нэгджээ. Үүгээр зогсохгүй тус гацааны энэ зургаан хоршоолол хоорондоо нягт харилцаатай, гацааныхаа нийтийн аж ахуйд үйлчилж байгаагаараа онцлог юм.

Бао Жэньхүй бол Баян-Овоо гацааны Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн машин техникийн хоршооллын ерөнхий менежер юм. Тэрээр хоршооллоо танилцуулж хэлэхдээ: Өмнө нь газар нутаг их бага гэхгүй айл болгон жижиг трактор, элдэв машин төхөөрөмж бэлддэг байсан. Одоо бидний хоршоолол байгуулагдаж том трактортай болсноор тариачдын зардал багасаж, ажлын үр ашиг ч нэмэгдэн, ажиллах хүчийг хэмнэж байна. Арван жижиг траектороор арван хүн хийдэг байсан ажлыг нэг том траектороор ганц хүн гүйцэтгэдэг болсон гэжээ.

Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн машин техникийн хоршоолол 2014 онд байгуулагдаж, өнөөг хүрэхэд нийт 5 сая юанийн хөрөнгө оруулж, газар тариаланд хэрэглэх 40 гаруй машин төхөөрөмжтэй болж, ажил ихтэй үед гацааныхаа гуч гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

Баян-Овоо гацааны Өсгөж ургуулах хоршоолол 2014 оноос эхлэн гацааны тариачдын газрыг түрээслэн, уламжлалт газар тариаланг өөрчилж, эрдэнэ шиш, буудай тарьдаг байсан газруудыг нийлүүлэн тосгоныхоо аялал жуулчлалын үйлст зориулан усан тутарга, жимсний мод тарьжээ. Тариачид газар нутгаа түрээслүүлээд өөрөө аялал жуулчлалын төв болон хоршоололдоо ажиллаж, газрын түрээс, цалингаа давхар авдаг болсноор орлого нь ч сайжирсан байна.

Өсгөж ургуулах хоршоолол анх жуулчдад үзүүлэхээр аялал жуулчлалын баазын орчин тойронд усан тутарга тарьж эхэлсэн нь санаандгүй ашиг олж, ноднингоос усан тутаргын талбайгаа нэмж, “Овооны айлууд” гэх брэндтэй болж, ямар ч бохирдолгүй, цэвэр органик цагаан будааг зах зээлд нийлүүлж, аж ахуйн үр ашгаа нэмэгдүүлсэн юм.

Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол

Бао Жэньхүй: Тариачид урьд нь өөрөө тариалахад зардал ихтэй байсан учраас ашиг орлого бага, жилийнхээ зардалд арай гэж хүргэдэг байсан бол одоо жилд хэдэн арван мянган юань хадгалах боломжтой болсон гэжээ.

Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол

Баян овоо гацааны Намын үүрийн нарийн бичгийн дарга Жан Жүнь гацааны хоршооллын тухай хэлэхдээ: Манай энэ зургаан хоршоолол бүгд үр ашигтай ажиллаж байгаа. Гэвч бидний гол зорилго үр ашиг гэхээсээ илүү ард олондоо үйлчилж, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэхэд оршино. Жишээ нь Машин техникийн хоршоолол үндсэн ажлаасаа гадна гацааны тариачдад үнэ төлбөргүй үйлчилж, газар тариаланд нь тусалдаг. Ойн аж ахуйн хоршоолол тариачдын газрыг түрээслэн жимс тарьдаг боловч тариачид жимсний модны талбайдаа тахиа, нугас зэрэг жимсний модонд хөнөөлгүй тэжээвэр амьтад үржүүлж орлогоо нэмэгдүүлэхийг уриалдаг. Малчин тариачин өөрөө л хичээвэл орлогоо нэмэх ихээхэн боломжтой юм гэжээ.

Малчид тариачдын шинэ сонголт-Хоршоолол


ХОУР-гийн сэтгүүлч Б.Дүүрэнжаргал мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ