ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов

2017-07-24 15:53:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын салбар эрчтэй хөгжиж, том том төсөл боловрсуулан, агуулга цар хүрээгээ өргөжүүлж, Өвөр Монголыг хөдөө нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх стратегийн бодлогыг амжилттай хэрэгжүүлжээ. Эх сурвалжаас үзвэл 12-р таван жилийн хугацаанд буюу 2010-2015 онд давхацсан тоогоор нийт 342 сая хүн Өвөр Монголд жуулчилж, 748 тэрбум юанийн орлого оруулан, Өвөр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх аялал жуулчлалын салбарын орлогын хэмжээ анх удаа 11.8 хувьд хүрсэн байна. Мөн өнгөрсөн жил буюу 13-р таван жилийн эхний онд аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6 хувийг эзэлж, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 1 сая 658 мянган ажлын байр гарган, аялал жуучлалын салбарт 38 тэрбум 700 сая юанийн хөрөнгө оруулсан байна.

ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов

Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эрчтэй хийж, аялал жуулчлал, үйлчилгээ, соёл, спортын салбарт хөгжлийн асар их боломж нээжээ. Өвөр Монгол ч ногоон эдийн засаг хөгжүүлэхэд анхаарч, ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжлийг бодлогоор дэмжиж байна. 2012 онд ӨМӨЗО-ны захиргаанаас "Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх санал" гаргаж, аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон, бодлогын чанартай олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Сүүлийн жилүүдэд зам тээврийн системийн бүтээн байгуулалтыг ахиулан, Өвөр Монголын хэмжээнд нэгдүгээр зэрэглэлийн авто зам 5000 км-т хүрч, 94 хошуу шянь хурдны болон нэгдүгээр зэрэглэлийн авто замаар холбогдож, ашиглалтад ороод байгаа төмөр зам 9500 км-ээс 13 мянга 500 км болсон нь бүх улсад тэргүүлж, Бээжин-Жинин-Хөххот- Бугат-Ордосыг холбосон хурдны төмөр замын ажлыг эхлүүлжээ. Иргэний нисэх онгоцны буудал хоёр дахин нэмэгдэж 24 хүрсэн нь Хятадад тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн аялал жуулчлалын бүсэд 619 сая юанийн хөрөнгө оруулалт хийж 2000 орчим боловсон жорлон байгуулсан байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын үндсэн дээр ӨМӨЗО орон нутаг, үндэстэн ястан, уламжлалт зан үйл, түүх соёлын онцлогтой аялал жуучлалыг хөгжүүлж, бүх аймаг хошуунд тус тусын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Өвөр Монголын баруун захын Алшаа аймгаар жишээлэхэд, урьд уул уурхайн салбар эдийн засгийнх нь гол тулгуур, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах, ногоон эдийн засгаа хөгжүүлэх үүднээс бүс нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлжээ.

ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов

Алшаа аймгийн Суртал ухуулгын газрын дарга Дянь Дэжи: "Бид соёл, аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлж, сүүлийн жилүүдэд тус салбар хуртай хөгжиж байна. Сүүлийн гурван жилд жуулчдын тоо, тэдний оруулсан орлого жил бүр 30-40 хувиар өслөө. Өнгөрсөн жил давхцсан тоогоор 6 сая 200 мянган жуулчин хүлээн авч, 6 тэрбум юанийн орлого олсон нь 2015 оныхтой харьцуулбал тус бүр 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа энэ жил Алшаа аймаг Өвөр Монголын аялал жуулчлалын үлгэр жишээ бүс боллоо. Бид Алшаа нутгийн онцлогтой соёл, аялал жуулчлалын аливаа эх үүсвэрийг хөгжүүлж, хөгжлийн шинэ гарц олсон юм."  

Алшаа Зүүн хошуу байгалийн сонин хачин чулуугаараа жуулчдыг татаж, сонин чулууны музей байгуулж, чулууны яармаг зэрэг арга хэмжээ явуулан аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа бол Алшаа Баруун хошуу говь нутгийн үзэмж, элсэн цөлийн спортыг хөгжүүлж, Эзнээ хошуу тооройгоороо алдаршиж байна. Ийнхүү эдгээр хошуу адилхан говь нутаг боловч тус тусын онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов

Өвөр Монголын зүүн захын Хөлөнбуйр хот угаасаа аялал жуулчлалаараа алдартай. Хөлөнбуйрын хээр тал бол гадаад дотоодын жуулчдын "эртний танил нутаг" юм. Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот өөрийн нэрийн хуудас болсон хээр талдаа түшиглэн газар нутаг, үндэс ястны онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Хөлөнбуйрт эвэнх, орчоон, дагуур, орос гэх цөөнх үндэстэн аж төрдөг. Тиймээс Хөлөнбуйр хотын захиргаанаас орчоон үндэстний анчдын отог, орос тосгон, эвенхийн цаатан айл өрх зэрэг аялал жуулчлалын гурван бүс болгон хөгжүүлж, жуулчдад үзүүлэх хөтөлбөрөө баяжуулж байна.

ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов

Өвөр Монголын төв нутгийн Ордос хот Чингисийн онгон, тахилга тайлгын соёл, Хия багшийн дүүрэг хот байгуулалт, барилга байгууламжийн өвөрмөц шийдэл, Монгол үндэстний түүх, соёлыг харуулсан хөшөө баримал, хотын шөнийн үзэмжээрээ жуулчдыг татаж байна.

Өвөр Монголын аймаг хотууд энэ мэт тус бүрдээ орон нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байна. 2016 оны эцсийн байдлаар Өвөр Монголд аялал жуулчлалын 976 компани, А зэрэглэлтэй 337 жуулчлалын газар, эдгээрээс хамгийн дээд буюу 5-А зэрэглэлтэй 3 газар, 4-А зэрэглэлтэй 97 газар байна.

Улирлын чанартай аялал жуулчлал Өвөр Монголын аялал жуулчлалын нэг сул тал байсан бол одоо цас мөсний баяр, говь, хээр талын намрын өнгө үзэмжийг аялал жуулчлалын шинэ хөтөлбөр болгожээ.

ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов

Алшаа аймгийн Эзнээ хошуу намар цагийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа бол, Хянган аймгийн Рашаан хот жуулчдыг өвлийн спортоор урин дуудах зорилгоор цанын бааз зэрэг өвлийн спортын бүтээн байгуулалт хийж, хаврын аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Онцгой хүйтэрдэг тус нутагт хаврын цагт хүйтний эрч арай суларч, бусад хотод цанын бааз ажиллуулах боломжгүй болоход Рашаан хотод жуулчлах хүмүүс олширдог байна.

Аялал жуулчлалын салбарын үсрэнгүй хөгжил Өвөр Монголын эдийн засгийн өсөлт, бүтцийн өөрлөлтөд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй байгаль орчин хамгаалах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын байраар хангах, ядуурлыг багасгахад зохих хувь нэмэр оруулж байна. 

ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов


ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал



Их уншсан

холбоотой мэдээ