Энхбайн ногоон уриа

2017-07-20 14:21:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нүд алдам элсэн манхан дундуур хөнгөн тэрэг   хурд нэмэн давхихад бид "одоохон очлоо" гэж сэтгэлдээ шивнэсээр экологийн үлгэр   жишээ Энхбай дүүрэгт очсон юм.

Тус дүүрэг Хөвчийн элсний дунд хэсэгт байрлан, 20 мянга орчим га талбайтай, хойгуураа Хатан голын хөвөө хүрч,  “Хөххот, Ордос, Бугатын алтан гурвалжин" бүсэд байдаг. Үүлгүй цэлмэг, элсэн говийн аагим халуун агаар төөнөнө. Алсыг харахад ногоон эмжээрт манхан толгод үргэлжилж, уран зураг мэт сэтгэлд тайтай. Монголоороо гоёсон нэг эгч биднийг дагуулж, Энхбайн домог түүхийг ярьж өглөө.

Энхбай Хятадын 8 том цөлийн нэг Хөвчийн элсний төвд байдаг. Угтаа нутаг бэлчээр үржил шимтэй, үзэсгэлэнт сайхан төрхтэй нутаг байсан бол одоо цөлжсөн талбай нь жилээс жилд нэмэгдэж, хөрс шорооны идэгдэл улам хүндрэн, хүн оршин амьдрах аргагүй болжээ. 1959-1974  онд 100 гаруй өрх аргагүйн эрхэнд нутгаа орхиж, 1989 оны 7 дугаар сард Энхбайн 20 мянган га нутагт хэд гуравхан өвсөн овоохой, эзгүй тал үлдэж, "Дэлхийн өмөн үү"-д нэрвэгдсэн газар хэмээн хүмүүс тойрч явдаг болсон байна.

Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Өнөөдөр Энхбайн газар нутгийн 70 хувийг өвс ургамал бүрхэж, төрийн зэрэглэлийн экологийн бүтээн байгуулалтын үлгэр жишээ орон, элс манхны ногоон бүс болжээ. Энэ ногоон бүсэд түг түмэн хүний хичээл зүтгэл, эрэлхэг зориг, хөлс хүч шингэсэн юм. Энхбайн ногоон бүтээн   байгуулалтад оролцсон түг түмэн хүний хоёрынх нь "Тэнэг өвгөний үлгэр" биш, үнэн үйл хэрэг сурвалжлагчдад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Энхбайн ногоон уриа

"Тэнэг өвгөн" Ван Минхай

1989 онд Хятад улс даяар алдаршсан Ордос ямааны ноолуурын групп сайн үүлдрийн ямаа өсгөх туршилтын өртөө байгуулахаар шийдэж, Хатан голын эргийн 20 мянган га элс Энхбайг дааж авч, төсөл хариуцагч Ван Минхай хэдэн ажилчдаа дагуулан Энхбайн эзгүй талд иржээ. 120 мянган юаниар 20 мянган га талбай бүхий Эхнбайг дааж авсан нь хямд боловч төслийн хөрөнгө оруулалт ёроолгүй сав мэт байлаа. Өвсний үр, модны чихийг элсэнд өөгүй сайхан тарьсан ч салхи гармагц булагдаж, 6 сая юаниар   санхүүжүүлээд нэмэр болоогүй аж.

1994 онд Ордос групп аргагүйн эрхэнд Энхбайг орхисон ч Ордос группын Намын хорооны нарийн бичгийн дэд дарга асан Ван Минхай галзуу элсийг ойжуулж номхтгохоор Энхбайн иргэн болж үлджээ. Ангамал цөлд мод тариад, модоо услах гэж хажуу хавийн тосгоноос суулга саваар ус зөөж, үерээс сэргийлнэ. Байгалийн хатуу шалгуур доор Ван Минхай "Үерээр элсийг засаж, элсээр үерийг засах" уран арга олж, хичээл зүтгэлийнхээ хариуд 4-5 км урт, 40 метр өргөн, 7-8 метрийн өндөр үерийн далан босгов. Ийнхүү үерийн усны хүчийг ашиглан урт, элсэн довуудыг тэгшилж, Ван Минхай оюун ухаанаараа хүн амьтан оршин амьдрах нөхцөл бүрдүүлсэн гэнэ.

Энхбайн ногоон уриа

Харийн "Тэнэг өвгөн"-Тоёма Сэй

Энхбайн нэг зэс хөшөө олны харааг булаана. Намхан нуруутай, туранхай өвгөн хүрз атган мөрөндөө усны сав зүүж, алсыг харж зогсох энэ хөшөө бол Тоёма Сэй гуайн дүр юм. Хөшөөг 1999 онд барьжээ. Тэрээр Японы тариалангийн мэргэжилтэн, элсийг ногооруулах үйлсэд насаараа зүтгэсэн хүн. 1991 онд 84 настай Тоёма Сэй Энхбайд анх ирмэгц Ван Минхайтай хүсэл зорилго нэгдэн, тэнд үлдэж, үлдсэн насныхаа 14 хавар, намрыг Энхбайн элсэнд зориулсан байна. Түүний удирдлагаар зулзган модны эдгэрэлт 80-90 хувьд хүрчээ. Тэрээр Япон явах үедээ ихэнх цагаа Энхбайд хандив цуглуулах ажил хийдэг байв.

1998 он гэхэд Ван Минхай, Тоёма Сэй нарын хөдөлмөр зүтгэлээр 2 сая улиас, 2 сая бургас сэрчигнэн найгаж, Энхбайг чимсэн юм.

Өнөөдөр Ван Минхай, Тоёма Сэй нарын “Тэнэг өвгөн уулыг нүүлгэх” үзэл баримтлалаар Энхбайчууд нутаг усныхаа ногоон хөгжлийн үйлсэд ханцуй шамлан ажиллаж байна.

Эх сурвалж: www.solongonews.mn

Их уншсан

холбоотой мэдээ