Гар утсан дотор орсон юань

2018-07-24 17:22:01
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өөрчлөлт нээлтийн 40 жилд

Гар утсан дотор орсон юань

Хоёрхон жилийн өмнө Бразильд болсон Риогийн олимпын үеэр тамирчид бөгжөө шүргүүлээд л бүх төлбөр тооцоогоо хийж байсан нь технологийн онцгой дэвшилд тооцогдон дэлхийн хэвлэлүүдээр шуугиан тарьж билээ. Гэтэл өнөөдөр Хятадад амьдардаг гадаад дотоодын хүн бүхэн биедээ гар утаснаас өөр зүйл авч явахаа больжээ. Нэр хүндтэй брэндийн дэлгүүрээс өгсүүлээд хороолол доторх хүнсний захад хүртэл бэлэн мөнгө байтугай карт уншуулах хүн их цөөрчээ. Хөгшин залуугүй гар утсаа уншуулж төлбөр тооцоо хийнэ. Үүндээ голлон ашиглаж буй аппликейкшн нь вичат.

Гар утсан дотор орсон юань

Вичатыг фэйсбүүк шиг бусадтай харилцах, бичиг баримт илгээх, нүүрээ харж ярих, зургаа хуваалцах олон нийтийн сүлжээний хэрэгсэл гэвэл дорд үзсэн хэрэг болно. Учир нь вичат ашиглан байр, цахилгаан, ус зэрэг ахуйн хэрэглээний төлбөр тооцоо, цахим банк, мөнгөн шилжүүлэг, нисэх онгоц, галт тэрэг зэрэг гадаад дотоодод зорчих бүх төрлийн тээврийн хэрэгслийн тасалбар захиалах, түрээсийн унадаг дугуй, авто машин авч унах зэргээр ёстой “есөн шид нь бүрдээд” байна. Түүнээс гадна Алипэй хэмээх цахим тооцооны аппликейкшн бий боловч хүмүүс төлбөр тооцоогоо вичатаар хийхийг илүүд үзэх болжээ. Вичат одоо 900 сая хэрэглэгчтэй, тэдний 830 сая нь тус аппликэйшнийг төлбөр тооцоондоо ашигладаг. Вичатыг ийнхүү хүн бүрийн, өдөр тутмын, бүх төрлийн төлбөр тооцооны зайлшгүй хэрэглээ болгож чадсан нь Tencent группын хамгийн том амжилт мөн. Хятадын мобайл төлбөр тооцооны дүн 5.5 их наяд долларт хүрсэн нь АНУ-аас даруй 50 дахин өндөр үзүүлэлт гэхээр өмнөд хөршид өрнөсөн энэ хувьсгал хэр өргөн хүрээг хамарсан нь ойлгомжтой.  

Гар утсан дотор орсон юань

Вичатыг хэрэглэхэд үнэхээр амар. Их бага худалдаа эрхлэгч олон төрлийн POS машиныг кассан дээрээ тавилгүй, тамхины хайрцагны чинээ цаасан дээр хэвлэсэн QR код наахад л хангалттай. Худалдан авагч түүнийг нь гар утсаараа уншуулж, үнийн дүнгээ бичээд л болоо, 5 секундын ажил. Жимс ногоо зэрэг ойр зуурын юм худалдан авах бүртээ ганц хоёр мао (бутархай мөнгө) нааш цааш шидэлцэж, хармаандаа зоосон мөнгө шажигнуулж явах “зовлонгүй” болсон.

Гар утсан дотор орсон юань

Энэ их гүрний мөнгөн гүйлгээ ийнхүү цахим хэлбэрт орж, цаасан мөнгөний хэрэглээ улам бүр багасан, хэтэвч гэдэг юм хэрэглээнээс гарах цаг айсуй. Цахим төлбөр эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн хурдасгуур болж, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ биедээ бэлэн мөнгө авч явахад, болзошгүй эрсдэлээс зайлсхийх зэрэг давуу тал ихтэй. Өнгөрсөн 40 жилд Хятадад гарсан олон арван дэвшлээс төлбөр тооцоогоо цахим хэлбэрээр хийдэг болсон түүх онцгой байр суурь эзлэх болов уу.  

Гар утсан дотор орсон юань

Мөнгө бол хүн төрөлхтний агуу их нээлтийн нэг, бараа, үйлчилгээ худалдан авахад хэрэглэдэг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн онцгой таваар. Хүн гэгч амьтан эдүгээг хүртэл төлбөрөө түмэн зүйлээр хийж ирсэн түүхтэй. Эртний Хятад, Энэтхэг, Африкт хясаа, Бага Азид галт уулын гаралтай шил шиг хар чулуу, Фижичүүд халимны шүд, Монголчууд мал, хадаг, цай, бусад газар зааны яс, хув, шувууны өд гээд тоочоод барах ч юм биш. Эртний Грек, Ромд алт, мөнгө зэрэг үнэт металлаар зоос цутган арилжаанд нэвтрүүлсэн нь банкны харилцааны үндэс болсон гэдэг. Хүнд зоос хөнгөн цаас болтлоо олон оныг элээсэн дээ. Эцэст нь ор мөргүй алга болж, дээд технологийн энэ эринд мөнгө гээч юм хий үзэгдэл шиг харагдах дүрс, баригдах биегүй боллоо.

Гар утсан дотор орсон юань

Гар утсаар төлбөр тооцоо хийх анхны оролдлогыг 1997 онд Финландад туршсанаас хойш олон улс хэрэгжүүлэхийг зорьсон ч бүтэлтэй болж, олны дэмжлэг авсангүй. Харин Хятадад вичатыг 2011 онд бүтээж, ашиглалтад оруулаад 5 жил болоход хамгийн идэвхтэй чат апплейкшний нэг болжээ. Ганц жишээ татвал, өнгөрсөн цагаан сараар Хятадын вичат хэрэглэгчид 46 тэрбум юанийн үнийн дүн бүхий “хунбао” буюу "улаан дугтуй"-т мөнгөн бэлгийг харилцан илгээсэн байна. Солонгос, Япон зэрэг Азийн орнууд бүү хэл Европ, Америк зэрэг алсын гүрний зарим дэлгүүр, ресторан Хятадын жуулчдыг татах гэж вичатаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ нэвтрүүлжээ. Үүний саяхны жишээ нь Германы жижиглэн худалдааны Brenuninger групп Герман дахь 11 дэлгүүртээ Хятадын Alipay, Weсhat pay-г бүрэн ашиглаж, үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болсон байна.

Гар утсан дотор орсон юань

Вичатын буянаар Хятадын олон компани QR эдийн засгийн анхдагч болов. Хятадын гар утасны төлбөрийн зах зээлд вичатын эзлэх хэмжээ 2013 онд 3.3 хувь байсан бол саяхан энэ тоо 40-д хүрлээ. Хөгжиж буй бусад орнууд энэ боломжит эх үүсвэрийг олж харжээ. Ноднин жил MasterCard компани Африк дахь QR кодын системийг бүтээж, өнгөрсөн 2-р сард Энэтхэгийн засгийн газар Энэтхэг QR-ын төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ бүхэн бэлэн мөнгөгүй нийгэм байгуулахын төлөөх хүн төрөлхтний хүчин чармайлт юм.

Гар утсан дотор орсон юань

Энэ жил 40 нас хүрч буй “Өөрчлөлт нээлт” гэгдсэн, Дэн өвгөний шан татаж, шав тавьсан агуу их шинэчлэлийн анхны зорилго нь ард түмнээ мөр бүтэн, гэдэс цатгалан болгох явдал байсан гэдэг юм. Харин одоо сансар огторгуйг эзэгнэж, сарны цаад талд буулаа. “Нэг бүс нэг зам”, “XXI зууны тэнгисийн торгоны зам”, “Хүн төрөлхтний хамтын цогц” байгуулъя гэж дэлхий нийтэд уриалж байна. Эргэн тойрны улс орнууддаа “БНХАУ ганцаараа хөгжихгүй. Хөршүүдтэйгээ хамтдаа хөгжье. Түншүүд минь ашиг олж, хөршүүд маань хөгжвөл бид бүгдээрээ хожно” гэж Ши дарга нь олонтаа хэлсэн. Итгэх эсэх нь харин хүн хүн, улс улсын тус тусын хэрэг биз ээ.      

До.Болдхуяг

 

 

Их уншсан

холбоотой мэдээ