Дөрвөн зууныг товчилсон 40 жил

2018-10-30 15:43:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүн гэдэг ерөөс хэсэгхэн цаг хугацааны хооронд аж төрөхдөө төдийгөөс өдий хүртэл олон үйл явдалтай нүүр тулгардаг ч заримдаа өөрсдөө ч түүнийгээ мартаж орхидог гэмтэй. Анхны бүхнийг бүүр түүрхэн санахаас нийгэм, бид өөрсдөө хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг анзаарах сөхөөг амьдрал бидэнд олгодоггүй ч байж мэднэ. Харин хэзээ хойно нь “Тэгэхэд...” гэж дурсан ярих нь бий. Тэгж ярьсан болгон тэр бүхнийг нүдээр үзээгүй хүмүүст үлгэр домог шиг санагдана.

Өдийгөөс яг 40 жилийн өмнө Хятадад өөрчлөлт, нээлтийн салхи үлээжээ. Энэ салхийг эхлүүлсэн хүн нь Дэн Сяопин:“Муур хар байна уу, цагаан байна уу, хамаагүй. Гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэн түүний үгийг мэдэхгүй хятад хүн үгүй. Энэ үгээрээ тэрбээр Хятадын нийгэм ямар тогтолцоотой байх нь гол биш, хүмүүс идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байх нь чухал гэж үзэж байв. Түүний ачаар Хятад орон олон улсад нээлттэй зах зээлийн тогтолцоотой болж, 40 жилийн дотор дэлхийн тэргүүлэх гүрний нэг болсон юм. Би Хятадын өөрчлөлт, нээлтийн эхлэлийг нүдээр үзээгүй ч одоо цагтай нь хөл нийлүүлэн амьдарч байна. Өнгөрсөн цаг хугацааны тухай ойлголтыг Хятадын уран зохиол, өнөөгийн байдлыг Бээжинд өнгөрүүлсэн гурван жил минь надад өгсөн юм.

Энэ нийтлэлийг бичихийн тулд би Хятад хүмүүсээс өөрчлөлт, нээлтийн талаарх сэтгэгдлийг нь сонссон. Гэхдээ хэн нэгэн багш, судлаачдаас биш өдөр тутам тааралддаг, эгэл жирийн хүмүүстэй уулзахыг зорилоо. Учир нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийг тэд л ний нуугүй хэлж чадна.

Ван И бол таксины жолооч. 60 настай тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь аль хэдийнэ тусдаа гарчээ. Хүү нь Америкт гэр бүлийнхээ хамт амьдардаг бөгөөд өөрчлөлт, нээлт түүнийг “Орон гэртэй, унах унаатай, хүүг нь дэлхийн тэргүүлэх гүрэнд сурч, ажиллаж, амьдрах боломжтой болгосон” гэсэн юм. Харин автобус хүлээнгээ танилцсан хижээл насны эмэгтэй “Өөрчлөлт, нээлт хятад хүн бүрт маш их зүйлийг өгсөн. Гэхдээ агаар, хөрсний бохирдол, усны хомсдол, энэ олон машин, замын түгжрэлийг бий болгосон” хэмээсэн юм. Мэдээж бүх зүйлд сайн, муу ээлжлэн оршдог. Сайныг дагуулдаггүй муу, муугүй сайн зүйл гэж орчлонд үгүй.

Хятад хэлээ сайжруулахын тулд танилцсан эмээ маань өдгөө 85 настай. Тэрбээр 1978 онд нөхөр, гурван хүүхэд, ээж, дүүгийнхээ хамт долуулаа амьдардаг байжээ. Харин нөхөр, эхнэр хоёрын цалин нийлээд ердөө 150 орчим юань байв. Энэ мөнгөөр долоон ам бүл аж төрдөг байсан гэнэ. Тэр тухайгаа дурсахдаа Ли эмээ “Одоо бол хүмүүс юу хийхийг хүссэнээ хийж, юу дуртайгаа идэж байна. Тэр үед бид өлсөж үхэхгүйн тулд юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй иддэг байлаа” хэмээсэн. 40 жилийн өмнөх Хятад орныг эмээгийн яриагаар төсөөлж болмоор. Харин гурван жилийн дотор Хятад орон хэрхэн өөрчлөгдсөнийг би өөрийн биеэр мэднэ. Анх ирсэн жилээ метронд гуйлга гуйдаг олон хүнтэй таардаг байлаа. Тэд хөгжим тавин, зовлонгоо ярьж, зарим нь хүүхэд дагуулсан байх нь элэг эмтэрмээр. Харин сүүлийн нэг жил би тийм хүнтэй таараагүй. Нэг л өдөр хүний амьдрал сайжирчихгүй. Гэхдээ ард иргэдийнхээ төлөө хийсэн бүхний үр дүн алхам алхмаар илэрч буй нь энэ.

Түүнчлэн гурван жилийн өмнө өглөө хэдэн цаг болж байгааг ч таахын аргагүй утаатай байдаг байлаа. Өдгөө утааны асуудлаа тэд үйлдвэрүүдээ гадагшаа гаргах гэх мэтээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн, шийдчихсэн. Хятадыг дэлхийн тавцанд үргэлж хойш татдаг зүйл бол бохир гэх ойлголт. Тэгвэл одоо хогийн савнуудыг цаг тутамд дугуйтай хүмүүс шалгаж, ойр орчмынх нь хогийг цэвэрлэх болсон. Мөн ариун цэврийн газраа сайжруулахын тулд бүхэл бүтэн төсөл хэрэгжүүлж, Хятадын өнцөг булан бүрт ухаалаг ариун цэврийн өрөө байгуулж, хичээл заадаг, ачаа хүргэдэг гэх мэт олон төрлийн робот, жолоочгүй машин, нисгэгчгүй онгоц, нисдэг тэрэг бүтээж, сар тутамд хиймэл дагуул хөөргөж байна.

40 жилийн өмнөх Хятад, өнөөгийн Хятад хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй. Ийм эрин үеийг өөр нэгэн улс туулсан бол магадгүй дөрвөн зууныг элээх байсан биз. Гэтэл хятадууд энэ бүхнийг ердөө 40 жилийн дотор цогцлоожээ.

БНХАУ өөрчлөлт нээлтийн бодлого   хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хилийн чанад дахь үзэгч,   сонсогч, интернет ашиглагчдад зориулж Хятадын Төв радио телевизээс 2018 оны 10-р   сарын 18-наас 11-р сарын 30 хүртэл “Хятад орныг би сайн мэднэ” урамшуулалтай   асуулт хариултын арга хэмжээ зарлаж байна. Та манай пэйж хуудсанд анхаарлаа   хандуулж, 15 асуултад хариулан урамшууллаа аваарай. (Овог нэр, харилцах утас,   цахим хаягаа бичиж үлдээнэ үү!)


Асуулт: Хятад улс өөрчлөлт, нээлтийн бодлогоо үргэлжлүүлэх үү?

 

Бээжингийн багшийн их сургуулийн магистрант Э.Эрдэнэцэцэг

Их уншсан

холбоотой мэдээ