Газар тэнгэрийн савсалга дахь “Тэнгэр уул” - Mongol

Газар тэнгэрийн савсалга дахь “Тэнгэр уул”

2017-11-16 11:30:50
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Газар тэнгэрийн савсалга дахь “Тэнгэр уул”

Энэ нутгийг зорих тухай нэлээд хэд хоногийн өмнөөс сонсоод “ямархан газар бол” хэмээн сэтгэлдээ төсөөлж, басхүү чамгүй мэдээлэл ч шүүрдэж үзлээ. Уншсан, сонссоноо нийлүүлж овоохон ч төсөөлөлтэй болов. “Торгоны зам”, “Хашийн хот”, “Усан үзмийн орон” гэдгээрээ, түүнчлэн “Ханас нуур”, “Тяньчы” буюу “Тэнгэр нуур”, Мөнх цаст “Тэнгэр уул” гээд байгалийн үзэсгэлэн төгсөөрөө алдаршсан газруудаар нь энэ нутгийг бага сага мэддэг болсон ч аливаа шинэ газрыг таньж мэдэж, өөрийнхөөрөө мэдэрч ойлгоход бодит байдал, нэлээдгүй цаг хугацаа шаардагдахыг ойлгосон. Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон нь Монгол улсын өнөөгийн нутаг дэвсгэрээс ч том газар нутагтай, 23 сая хүн амтай. Хятадын 56 үндэстний 34 нь Шинжаанд амьдардаг аж.

Миний хувьд дуу хөгжим, соёл урлагийг нь илүү их сонирхож, энэ талын мэдээллийг үзэж харахыг зорьсон билээ. 2016.10.12 Ийнхүү 3 нөхдийн хамт Такишикен буюу Тэгшхэн боомтын Цэнгэл хошуун дахь Шинжааны Монгол урианхай хүн зоны болон Хами дахь Уйгарын Мукамын музейг үзэж, алдарт 12 мукамын тухай сурвалжилж, дуу хуураас нь сонсож танилцахаар Ази Европыг холбосон “Торгоны зам” тийш хүлгийн жолоо залсан юм. 4 цаг шахуу нисч Өрөмч хотын “Ди-Өбао” нисэх онгоцны буудалд өдрийн 12.30 цагт газардлаа. Маршрутын маань хамгийн эхний цэг нь Такишикэн буюу Тэгшхэн боомт. Энд хүрэхийн тулд Бээжингээс Өрөмч, Өрөмчөөс Алтай аймаг руу онгоцоор хүрч, тэндээс цааш машинаар явах ёстой аж. Алтай руу 17.30-д нисэх учраас тэндээ нислэгээ хүлээхээр шийдэн Шинжаан нутгийн алдарт “Плов”-ыг анхлан амталлаа. “Газар тэнгэрийн заагт орших газрын диваажин “Тэнгэр уул” буюу “Мянга сонсохоор нэг үз” хэлцийн утгыг мэдрэв. Биднийг явахад толгойтой болгон л “цастай, их хүйтэн байгаа өвлийн хувцас, гутлаа аваарай” гэснийг ч хэлэх үү. Өвлийн хүрэм, гутал бас бус зүйл базаасан чемодан маань чамгүй хүнд. /Гэхдээ тэднийг чемоданаас гаргаж “салхи үзүүлсэнгүй” байсаар ирсэн билээ/ Үнэндээ бол биднийг намрын шар нар ээж, өмсөж яваа хувцас минь хүртэл зузаадаж байсан. Ингээд бид Өрөмчөөс Алтай аймаг руу нислээ. Онгоцны цонхоор харахад цав цагаан цасан далайд жингүйдлэн хөвж яваа мэт сэтгэгдэл, тийм гэхийн аргагүй мэдрэмжийн доор элдвийг бодон явах тэрхэн зуур нүд, сэтгэлийг баясгасан сүрдмээр, сүсэглэмээр цавчим өндөр цаст уулсын шовх орой нарны гэрэлд гялтганан нүдний өмнө “үүл цоолон” гарч ирэхүйд сэтгэл ер бусын ихээр хөдөлж, өөрийн эрхгүй дуу алдлаа. Газар тэнгэрийн заагт орших газрын диваажин-”Тэнгэр уул” гэж энэ ажээ. Алив газар усны нэрийг зүгээр ч нэг өгчихдөггүй биз. Харин шүүрс алдаж биширмээр энэхүү гайхамшигт “байгалийн бүтээл”-ийн тухай олж уншсанаас төсөөлшгүй өөр, бодит байдлаас хэтийдсэн гайхамшиг болохыг нь нүдээр харж итгэсэн юм. Шинжааны бэлгэдэл дэлхийн дулаарал, байгаль экологийн өөрчлөлтөд ч унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн “Тэнгэр уул” нь Монгол Улсын баруун хязгаар, ижий аавын минь төрж өссөн Говь-Алтай аймгийн нутагтай залгаа хилийн бүсэд оршдог аж. Энэ гайхамшигт газрын тухайд илүү ихийг бичмээр байвч уншигч таныг чилээхийг эс хүслээ. Гайхах бишрэх зэрэгцсээр нэг л мэдэхэд оройгоороо цастай, өндөр сүрлэг уулсын дундах Алтай хотод буулаа. Бид энд хоноод маргааш боомт руу явна. Өглөө нь хөнгөхөн цайлаад тэндээс машинаар боомтыг чиглэлээ. Алтайгаас дөнгөж гаруут замын яг хажууд бүтээн босгосон “Алтан эмээл” гэх нэгэн сайхан дурсгалын цогцолборыг үзэж, зургаа татуулан түр саатлаа. Чингис хаан баруун тийш аян дайнд явах замдаа үдэлж, алжаал тайлсан газар хэмээн билэгшээж энэхүү эмээл бүхий дурсгалыг босгосон гэнэ. Жижигхээн зүйлийг ч хүний анхааралд өртөж, саатан үзэхээс өөр аргагүйгээр цогцлоон бий болгосон байх нь ганц энэ биш байсан гэдгийг аялалын дараагийн өдрүүдэд үзэж харснаас мэдэж, басхүү биширч явлаа. Алтайгаас Такишикен хүртэл 680 гаруй км. Зам зууртаа энэ тэрийг үзэж сонирхсоор зорьсон газартаа ирлээ. Алтай нутгийн минь уулс шиг хүрэн хүрэн, өндөр сүрлэг хадан уулсаар хүрээлэгдсэн “Такишикен” боомтод буухад цэнхэр тэнгэр, илч муутай ч өмссөн хувцас нэвт төөнөж халууцуулах намрын шаргал нар, нутаг зүгийн минь салхи магнай сэрүүцүүлэн, үс шанхыг минь илбэн сэвэлзүүлж, уушиг цээж уужруулам сэрүүн тунгалаг агаараараа баярлан угтаж авлаа. Үгээр “зураглах”-ын аргагүй нэг л дотно сайхан мэдрэмж... Хол явахад эх нутгийнхаа газар шороо, ус агаар, салхи, нар гээд юм бүхнийг санадаг юм байна аа. Өмнө нь иймэрхүү ярьсан, бичсэнийг бишгүй л сонсож, уншиж байсан ч төдийлөн сэтгэлд буудаггүй байж. Энэ ч миний буруу биш байх. Алив зүйлийг биеэрээ үзэж, мэдэрч байж ухааждаг жам нь тэр буйзаа. 2016.10.14 Өглөө эртлэн бослоо. Хотын их дуу чимээ, утаа униараас хол нам гүм, цэвэр цэнгэг агаарт тавтай сайхан амарсан байв. Өглөөний цайгаа уучихаад Баянбулагийн аав ээжийн амьдран суугаа Цэнгэлийг зорилоо. Такишикенаас 80 км. Ихэд тохилог амьдрах Баян-Улаан гуайнд ааруул өрөм, бидний хэлдгээр “ориг” сүүтэй цай ууж, Урианхай нутгийн дуу хуураас сонсож, хууч хөөрч өнжив. Баянбулагийн аав, ээж Цэнгэлийн уугуул гэнэ. Ээж Дарьсүрэн нь уртын дууг сайхан дуулахын зэрэгцээ, хэнээс ч дутахгүй ерөөл хэлчихдэг аж. Дарьсүрэн гуай бидэнд Урианхайн “Өргөн их Алтай”, хурим, найрын сөнгийн дуу “Үлэмжийн буян” гэх зэрэг уртын дуунуудыг дуулж сэтгэл нь ихэд хөдөлж “өвөг дээдэс, ижий аав, монгол нутгаа саналаа” хэмээн нулимс дуслуулахад нь өрөвдөх сэтгэл төрж билээ. Мөн Урианхайн хуримлах ёсны тухай нэг бүрчлэн ярьж өгөв. Оройхондоо, уртын дууг сайн мэддэг, сайхан дуулдаг гэх нэгэн настныг зорилоо. “Энэ муу зүрк жаахан болохгүй байна оо” гэсээр угтах Сүхбодь гуай 83-тай, яриа хэл сэргэлэн, уртын болон богинын дуунуудыг хачин сайхан дуулна. Мөн биднийг ирсэн сургаар туульч Баттөр гэх залуу ирж хуучлан, товшуураа цохин туулиа хайлж сонсголоо. Баттөр монголоор сайхан ярьдаг ч бичиж чаддаггүй аж. Бидний ирэх сургаар зохиож, бичиж тэмдэглэсэн тууль, дуу бүхий цааснуудаа гарган үлдээчихвий гэсэн шиг тэвдэн тэмтчиж бүгдийг үзүүлэх гэж хичээж байснаас ихээхэн бэлдсэн нь харагдана. Баттөр тэдгээрийг казакаар бичсэн байсан ч бидэнд монголоор уншиж өгч байсан нь бахархмаар, басхүү өрөвдмөөр. Сүхбодь гуай хүний мөрөөс болж байсан юм уу даа гэлтэй биднийг явуулах дургүйгээ хэлж, “би та нарт үүр цайтал дуулж өгсөн ч чадна. Жаахан сууж байгаад яв л даа” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хоцорч билээ. Тууль нь Баруун Монгол, Ойрадуудын дунд түлхүү дэлгэрчээ. Тиймээс ч Баруун Монголчууд тууль хайлахаараа алдартай. Тэд жирийн байдлаар аялгуулан дуулах, шүлэглэн хэлэхээс хайлах нь элбэг байжээ. Хайлах гэдэг нь дуулахаас ялгаатай, өөрөөр хэлбэл хөөмийлөхтэй ойролцоо гэж ойлгож болно. Дээхнэ үедээ аргил хоолойтой хүн л тууль хайлдаг байсан тухай мөн Баруун Монголд тухайн үедээ алдартай байсан туульчид аргил хоолойтой байсан тухай тэмдэглэсэн нь бий. Баруун Монголын баатарлаг туулиас Жангарын тууль нь Халимаг болоод Шинжааны монголчуудын дунд илүү их түгэн дэлгэрчээ. Энэ нутагт аялгуулан хайлахаас гадна шүлэглэн хэлэх хэлбэр нь түлхүү хөгжсөн юм. 80-аад оны эхээр Шинжааны зохиолч, тууль судлаач Хоо Бадай, Т.Жамц нар хэсэг эрдэмтэн судлаачдын хамт Шинжаан нутгийн 100 гаруй Жангарчидтай уулзаж, тэдний хайлах Жангарын туулийн хэдэн арван бүлгийг хальснаа буулгаж авсан байдаг. Тэгээд энэхүү судалгааны ажил дээрээ үндэслэн тод үсгээр З боть ном мөн Жангарын туулийг хуучин монгол бичигт буулган 2 боть ном болгон хэвлүүлжээ.


Их уншсан

холбоотой мэдээ