Туркийн тамирчид Бээжингийн өвлийн олимпоос медаль хүртэнэ гэдэгт найдаж байна
2021-12-21 19:10:58
Share
Share this with Close
youtube WeChat


2022 оны Бээжингийн өвлийн олимп дөхөхийн хирээр олон орны тамирчид бэлтгэлээ сайтар хийж байгаа төдийгүй олон орны спортын албаныхан ч Бээжингийн өвлийн олимпыг тэсэн ядан хүлээж байна. Саяхан Туркийн Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Гохан Оздемир Хятадын төв радио телевизийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, Бээжингийн өвлийн олимпын наадамд анх удаа оролцох Туркийн шорт-трекийн тамирчид Бээжингээс медаль өвөрлөн харьж ирнэ гэдэгт найдаж байна. Мөн Хятад улстай цас мөсний спортын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Туркийн Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Оздемир сэтгүүлчид хэлэхдээ, Турк улс 2018 оны Пёнчаны өвлийн олимп өндөрлөсний дараа нөөц боломжоо дайчлан шилдэг тамирчдыг сонгон шалгаруулж, Бээжингийн өвлийн олимпын тэмцээнд хүчээ сорихын тулд үндсэн бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн юм. Энэ жил дөнгөж 19 нас хүрч буй Фуркан Акар бол түүний нэг гишүүн байгаа. 2022 оны Бээжингийн өвлийн олимпд Акар анх удаа шорт-трекийн төрлөөр Турк улсыг төлөөлөн оролцох юм. Энэ нь Туркийн хувьд маш чухал ач холбогдолтой гэжээ.

"Өвлийн олимпын шорт-трекийн тэмцээнд оролцох нь Туркийн түүхэнд анхных болж байна. Манай тамирчид өвлийн олимпын наадамд анх удаа оролцох болохоор бидний хувьд  мэдээж хэрэг маш чухал ач холбогдолтой" .

Оздемир хэлэхдээ, шорт-трекийн төрөлд олон мастерууд бий. Хятад улс зохион байгуулагч орны хувьд тэдний хүч чадлыг дутуу үнэлж болохгүй, Өмнөд Солонгос, Нидерланд зэрэг орны тамирчид шорт-трекийн тэмцээнд хүчтэй өрсөлдөж ирсэн, гэвч Туркийн тамирчин Акар асар их өрсөлдөх чадвартай, харин шорт-трекийн төрөлд тодорхойгүй хүчин зүйл ч дүүрэн байдаг. Акар Бээжингээс медальтай харьж ирнэ гэдэгт найдаж байна гэжээ. 

"Хэдийгээр өндөр түвшний тамирчид олон байгаа ч бид медалийн төлөө хүчтэй өрсөлдөнө, тамирчид маань ч үүний төлөө шаргуу бэлтгэх болно. Акар хэдийгээр залуу байгаа ч өрсөлдөх чанга хүчин чадалтай гэдэгт бид итгэлтэй байна."

Цар тахлын нөлөөгөөр 2022 оны Бээжингийн өвлийн олимпд биечлэн оролцох боломжгүй болсон ч Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилд байнга анхаарал хандуулсаар ирлээ, мөн Бээжингийн өвлийн олимпын наадмын талбай заалын барилга байгууламжийн өндөр технологийн онцлог надад гүн сэтгэгдэл төрүүлсэн гэж Оздемир ярьж байлаа. 

"Миний авсан мэдээллээр, Бээжингийн өвлийн олимпын наадмын талбай заалын барилга байгууламжууд дээд технологи ашигласан нь төгс төгөлдөр болсон бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тэмцээний байгууламжуудын нэг гэж үзэж байна. Талбай заалын гэрэлтүүлэг, халаалт болон бусад тоног төхөөрөмж нь нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашигласан байдаг."

Оздемир хэлэхдээ, Туркийн тамирчид энэ удаагийн Бээжингийн өвлийн олимпын шорт-трекийн тэмцээнд оролцох боломж олдсон нь Хятадын нэг дасгалжуулагчийн харамгүй хичээл зүтгэлтэй нягт холбоотой. 2011 онд Турк улс Дэлхийн оюутны өвлийн спортын наадмыг зохион байгуулахаас өмнө, Хятадаас шорт-трекийн дасгалжуулагчийг тусгайлан урин авчирч, анхны шорт-трекийн багийг бүрдүүлсэн юм. Түүнээс хойш шорт-трекийн спорт сая Турк улсад эрчимтэй хөгжиж эхэлсэн. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын боломжийг ашиглан Хятад улстай цас мөсний спортын чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж олдоно гэж найдаж байна гэжээ.

"Хятад улс цас мөсний спортоор дэлхийд эхэнд бичигддэг. Иймээс мэдээж бид ч хамтран ажиллахыг хүсэж байна. Хэрэв бидэнд боломж тохиовол хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь гарцаагүй. Бээжингийн олимп цаашдын хамтын ажиллагааны шинэ гараа болохыг хүсэж байна." \Ренчинсоо\