Цөмийн хэлэлцээрийг сэргээх тухай Америк-Ираны найм дахь үе шаты хэлэлцээ эхлэв
2021-12-28 09:48:55
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хамтарсан комиссын улс төрийн ерөнхий газрын түвшний хурал 27-ны өдөр Австрийн нийслэл Вена хотноо болж, цөмийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх тухай Америк болон Ираны найм дахь удаагийн хэлэлцээ эхэлснийг зарлав. 

Энэ удаагийн хурлыг Европын Холбооны Гадаад харилцааны газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мора даргалж, Ираны Гадаад хэргийн дэд сайд Багери, Орос, Их Британи, Франц, Германы холбогдох албаны хүмүүс оролцжээ. Хятадаас Венад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч, Хятадын хэлэлцээний төлөөлөгч Ван Чүнь төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо.

Одоогийн байдлаар, холбогдох талууд зөвшилцөлд анхаарлаа төвлөрүүлэх, ялангуяа бүрэлдэж буй нийтлэг ойлголтод анхаарлаа хандуулах, мөн энэ үндсэн дээр нийтлэг ойлголтоо өргөжүүлэхийн төлөө шаргуу ажиллах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ санал зөрөлдөөнөө зөв зохицуулах ёстой. Ираны цөмийн асуудал болон түүнтэй холбоотой цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлын хувьд, хувийн ашиг сонирхлын үүднээс прагматизм, давхар стандарт хэрэгжүүлэхгүй байх ёстой, түүнчлэн дураараа хориг арга хэмжээ авч сүрдүүлэх, бүр цаашлаад хэлэлцээрийн явцад Иранд шинэ хориг арга хэмжээ авах ёсгүй юм. Хэлэлцээний өнөөгийн эрч хүч, уур амьсгалыг хадгалах бодит арга хэмжээг авч, хэлэлцээрийг эртхэн дуусгавар болгох иж бүрэн төсөл хэрэгжүүлэхийг талуудаас хүссэн байна. 

Хятадын хэлэлцээний төлөөлөгч, Хятадаас Венад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч Ван Чүнь хэлэхдээ, Америк, Ираны хэлэлцээний үйл явцыг сэргээхэд Хятад улс тууштай дэмжлэг үзүүлж, дараачийн хэлэлцээнд бүтээлчээр оролцож, хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн тулд талуудтай үргэлжлэн хамтран ажиллах болно гэжээ. \Ренчинсоо\