Ши Жиньпин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р бага хурлын нээлтийн ёслолд цахимаар оролцож үг хэлэв
2021-11-29 21:57:09  

11-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р хурлын нээлтийн ёслолд Бээжингээс цахимаар оролцож, үг хэлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил бол Хятад Африкийн хооронд дипломат харилцаа өрнүүлж эхэлсний 65 жилийн ой тохиож байна. 65 жилийн турш, Хятад, Африк хоёр тал нь империализм, колоничлолын эсрэг тэмцлийн явцад эвдрэшгүй ахан дүүсийн найрамдалт харилцааг бий болгож, хөгжил, сэргэн мандалтын аянд өвөрмөц хамтын ажиллагааны замыг нээж, ээдрээн будлиантай өөрчлөлтийн явцад, харилцан туслалцсан гайхамшигт хуудсыг бичиглэж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохын тод жишээг үзүүлсэн юм гэжээ.

Хятад, Африкийн найрамдал хамтын ажиллагааны үзэл санаа нь Хятад, Африкийн хамтын цогц, зовлон жаргалаа хамтатгасан бодит зураглал бөгөөд найрамдалтай харилцаагаа залгамжлан хөгжүүлэх эрч хүчийн эх үүсвэр юм. Хятад улс Африкийн орнуудын гүн зузаан найрамдлыг хэзээ ч мартахгүй хэмээн Ши Жиньпин дарга онцоллоо.

Ши Жиньпин шинэ эринд Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах талаар дөрвөн санал дэвшүүлэв. Нэгд, эв нэгтэйгээр цар тахлын эсрэг тэмцэхээ баримтална. Африкт вакцины хүртээмжтэй байдал, боломжийн үнийг баталгаажуулах. Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг тэлж, ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцан, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх. Гуравт, ногоон хөгжлийг дэмжинэ. Ногоон, нүүрстөрөгч багатай үзэл баримтлалыг санаачилж, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй хөгжүүлж, тогтвортой хөгжлийн чадавхыг тасралтгүй нэмэгдүүлнэ. Дөрөвд, шударга ёсыг сахин хамгаална. Хөгжиж буй орнуудын шударга саналыг итгэлтэйгээр баримталж, хамтын хүсэл эрмэлзэл, хамтын ашиг сонирхлыг хамтын үйл ажиллагаа болгон өөрчилөх эдгээр болно.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Африкийн Холбооноос дурдсан 2022 он гэхэд Африк тивийн хүн амын 60% хувь нь КОВИД-19 вирусийн эсрэг вакцинд хамрагдах зорилтыг  биелүүлэхийг дэмжихийн тулд Хятад улс Африкийн талд 1 тэрбум тун вакцин нэмж нийлүүлэх бөгөөд эдгээрээс 600 сая тун вакциныг буцалтгүй тусламжаар олгож, 400 сая тунгийг  Хятадын талын компани болон Африк тивийн холбогдох орон хамтран үйлдвэрлэх зэрэг хэлбэрээр хангах болно. Хятад улс түүнчлэн Африк тивийн орнуудад туслан эмчилгээ эрүүл мэндийн 10 төсөл хэрэгжүүлж, Африк тивд эмчилгээний 1500 ажилтан болон олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнийг томилох болно гэж мэдэгдэв.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улс цаашид Африк тивд туслан ядуурлыг бууруулах болон хөдөө аж ахуйн 10 төсөл хэрэгжүүлж, Африк тивд хөдөө аж ахуйн 500 мэргэжилтэн томилж, Хятад улсад Хятад-Африкийн орчин үеийн хөдөө аж ахуйн технологийн солилцооны үлгэр жишиг, сургалтын нэгдсэн төвийг байгуулж, Хятад улсын байгууллага нэгж хийгээд компаниуд Африк тивд Хятад-Африкийн хөдөө аж ахуйн хөгжил болон ядуурлыг бууруулах үлгэр жишиг тосгон байгуулахыг урамшуулан дэмжих бөгөөд Африк тив дэх Хятад улсын компаниудын нийгмийн үүрэг хариуцлагын холбооны санаачилсан үйл ажиллагааг дэмжинэ гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад Африк хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн Хятад Африкийн хамтын ажиллагааны форум лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрч, Хятад Африкийн 2.7 тэрбум хүн амын асар их хүчин чадварыг төвлөрүүлэн, өндөр түвшин бүхий Хятад Африкийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахыг урагшлуулна гэдэгт би эргэлзэхгүй байна гэв.