“Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” хэмээх зурагт ном хэвлэгдэн гарлаа
2022-02-02 09:21:27
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн 2022 оны Өвлийн Олимп, Паралимпийн наадам эхлэх гэж буй үеэр, МУ-ын Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн редакторлан хэвлүүлсэн “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” хэмээх гэрэл зургийн цомог номын нээлтийн ёслол 1 дүгээр сарын 31-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. МУ-д анх хэвлэгдэн гарч буй Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын салбарын харилцааны түүхийг системтэй хураангуйлан өгүүлсэн уг ном нь Бээжингийн Өвлийн Олимп, Паралимп-д өргөн барьсан нэгэн чухал бэлэг юм.

Зохиогч нь түүх, архивын ховор нандин баримт материалуудыг ашиглаж, Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын салбарын харилцааны түүхийг олон талаас судалсан үндсэн дээр уг номыг туурвисан юм. Уг номд Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан 360 шахам ширхэг ховор нандин гэрэл зураг болон шинэ үеийн гэрэл зураг багтан орсон ба монгол, хятад хоёр хэлээр товч тайлбар сэлт хавсаргажээ.

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Цай Вэньрүй уг номын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ, уг гэрэл зургийн цомог Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойш хөгжүүлж ирсэн биеийн тамир, спортын харилцаа, хамтын ажиллагааны талаарх олон тооны шинэ хуучин гэрэл зураг болон архивын түүхэн материалыг өргөнөөр ашигласан нь биеийн тамир, спортын гайхамшгийг илтгэж, мөн хоёр улсын тус салбарын хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээг хамран хөгжих боломжтойг харуулж байна гэлээ.

МУ-аас БНАХУ-д суугаа элчин сайд Т.Бадрал баярын үгэндээ, Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү хоёр улсын биеийн тамир, спортын харилцааны түүхийг архивын баримт судалгаанд үндэслэн судалж, 360 орчим түүхэн болон шинэ үеийн гэрэл зургаас бүрдсэн монгол, хятад хэлний тайлбар бүхий “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” хэмээх гэрэл зургийн цомгийг эмхтгэж, бид бүхэнд хүргэж байгаад баяртай байна. XX зууны дунд үеэс өнөөг хүртэл хоёр орны биеийн тамир, спортын нөхөрсөг хамтын ажиллагаа, Олимпийн найрамдал, нөхөрлөлийн талаар болон хоёр улсын харилцааны түүхийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд энэхүү бүтээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

Х.Баатархүүгийн энэ гэрэл зургийн цомог ном нь хүмүүст Монгол, Хятад хоёр орны биеийн тамир, спортын салбарын найрсаг солилцоо, хамтын ажиллагааны талаарх мэдлэг хүртээхэд чухал ач холбогдолтой төдийгүй, түүх судлалд ч зохих үнэ цэнэтэй бүтээл боллоо гэж МУ-ын биеийн тамир, спортын салбарынхан болон эрдэмтэн судлаачид үзэж байна. /Сэтгүүлч О. Дарамбазар/