Дижитал технологи нь аж ахуйн нэгжүүд гадагшаа гарахад тусалж байна
2022-03-30 10:05:54
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахлын нөлөөгөөр, сүүлийн хоёр жилд дэлхийн ложистикийн өөрийн өртөг нэмэгдэж, чингэлэг олоход бэрх, хилийн чанад дахь боомтуудын түгжрэл зэрэг асуудлууд үе үе тохиох болсон нь дэлхийн ложистикийн системд ноцтой хохирол учруулжээ. Ийм нөхцөл байдалд, хил дамнасан цахим худалдаа эрчтэй хөгжиж байна. Олон улсын дижитал нийлүүлэлтийн эрин үе хурдтай хөгжихийн хэрээр Хятад улс олон улсын дүрэм журам боловсруулахад идэвхтэй оролцож, дэлхийн аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой хөгжилд түлхэц өгсөөр байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. 

Эх, нялхсын бүтээгдэхүүнээс гоо сайханы, хоол хүнс, спортын бүтээгдэхүүн, цаашлаад гэрийн тэжээвэр амьтдын бүтээгдэхүүн гээд...... Сүүлийн жилүүдэд интернет технологи тасралтгүй хөгжихийг дагалдан байнга ахиц дэвшил гарч байгаа бөгөөд ложистик, гар утасны төлбөр тооцоо ч эрчтэй хөгжиж байна. Хил дамнасан цахим худалдаа нь эргэлтийн холбоос багатай, нийлүүлэлтийн гинжин хэлхээний үр ашиг өндөр, бараа бүтээгдэхүүнээ гадаадын импортлогчдод шууд борлуулах зэрэг давуу талтай байдгаас зах зээлийг маш түргэн эзэлж чаддаг.

Хятадын Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятад улсын хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ 1.98 их наяд юань буюу 15%-иар нэмэгдсэн бол үүнд экспорт 1.44 их наяд юань буюу 24.5%-иар өсчээ. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Америк, Европ судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Жан Мөнань хэлэхдээ, эрчтэй хөгжиж буй зах зээл нь үндэсний макро бодлогын үр ашиг, бизнесийн загварын инновациас салшгүй юм гэжээ.

“Гадаад нөхцөл байдлын хувьд, сүүлийн жилүүдэд бид Шинэ Зеланд, Бразил, Итали зэрэг орнуудтай олон талт болон хоёр талт цахим худалдааны хамтын ажиллагааны механизмыг тогтоосон. Ерөнхийдөө эргэн тойрны бүс нутгуудын хил дамнасан цахим худалдаанаас дэлхийн улам олон газар нутаг руу үйл ажиллагаагаа тэлсэн юм. Торгоны замын цахим худалдаа нь "Бүс ба зам" болон Хятадын гадаад худалдааг хөгжүүлэх чухал хөдөлгүүр хүчин боллоо. Ялангуяа энэ оны 1-р сараас бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хэлэлцээр дэх Ази, Номхон далайн эдийн засаг, худалдааны интеграцчлалын бодлогын тохируулга, тухайлбал, үйлдвэрлэсэн газрын үүсэл гарлын дүрэм, цахим худалдаа, тэр дундаа цахим гэрчилгээ болон гарын үсэг зэрэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна."

Одоогийн байдлаар дижитал платформууд том өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг технологиудыг ашиглан гадаад худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээний олон талын мэдээллийг нэгтгэж буй нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн ухаалаг үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад тус болсон төдийгүй үйлдвэрлэлийн өөрийн өртгийг ч ихээр буруулж байна. Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн орлогч захирал, Судалгааны зөвлөлийн дарга Ван И-мин хэлэхдээ: Дижитал ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний индэр нь олон улсын худалдааны хөгжлийн шинэ чиг хандлагыг илэрхийлээд зогсохгүй Хятад улсын гадаад худалдааг өндөр чанартай хөгжүүлэх чухал хөдөлгөгч хүч болсон гэжээ.

"Урт хугацааны турш Хятад улс дотоодын ложистикийн тогтолцоог бий болгосон нь олон улсын ложистикийн тогтолцооны дутагдалтай талыг нөхөж чадсан юм. Одоогоор цар тахал, Орос, Украины мөргөлдөөн даамжирч, олон улсын ачаа тээврийн сувгийн эрсдэл нэмэгдэн, олон улсын тээвэрлэлтийн хүчин чадал тулгамдсан байдалд орсноор усан тээврийн үнэ ч тасралтгүй нэмэгдсээр байна. Дижитал ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний платформ нь эдийн засгийн давуу, хүчирхэг нөөцийн зохион байгуулалтын чадавхыг бүрэн гүйцэтгэж, тээврийн төрөл бүрийн арга барилыг нэгтгэн, олон талт тээвэр, бие даасан үйлчилгээг хэрэгжүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн шийдвэрлэхэд бэрхшээлтэй ложистикийн илгээмж, үнэ ханшийн асуудлыг зохицуулах боломжтой болжээ.”

Дижитал худалдаа хурдтай хөгжихийг дагаад даяаршил ч гүнзгий ахиц дэвшил гаргасаар байна. Олон улсын улс төр, эдийн засгийн дэг журамд донсолгоо үүсээд байгаа эгзэгтэй үед Хятадын дижитал эдийн засгийг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн орлогч захирал Жү Гуан-яо үзэж байна. Өнгөрсөн оны 11-р сард Хятад улс “Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т нэгдэх хүсэлтээ албан ёсоор дэвшүүлсэн. Энэ нь ирээдүйд дэлхийн дижитал эдийн засгийн стандартчилсан дүрэм журмыг бий болгоход үлгэр жишээ хангах болно гэж тэрээр үзжээ.

"Даяаршлын үед дижитал эдийн засаг нь үндэстэн дамнасан үйл ажиллагаа, ялангуяа том хэлбэрийн платформууд болон томоохон цахим худалдааг бий болгодгоороо түүний үйл ажиллагаа бол дэлхийн хэмжээний, хил дамнасан үйл ажиллагаа юм. Хууль эрх зүй, дүрэм журмын хамгаалалт нь бий бүхий дижитал эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд маш чухал юм. Үнэн хэрэгтээ энэ нь хөгжил, аюулгүй байдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хувийн нууцыг хамгаалах, хил дамнасан мэдээллийн урсгалын асуудлыг хэрхэн тэнцвэртэй байлгахад холбоотой бөгөөд дотоодын бодлогын шаардлагыг хэрхэн зохицуулахыг багтаасан олон улсын дүрэм журмын асуудлуудтай холбоотой юм. Эдгээр чиглэлээр бид шинэ нөхцөл байдалд дэлхийн дижитал эдийн засгийг хөгжүүлэх дэг журмыг бий болгоход туслах дүрэм журам боловсруулах шаардлагатай байна. " \Ренчинсоо\