"Ковид-19" нь "Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал" хэвээр байна
2022-04-14 16:16:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сүүлийн үед дэлхийн хэмжээнд "Ковид-19" халдвараар өвчилсөн шинэ тохиолдол болон нас баралт буурсаар байгаа хэдий ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 13-ны өдөр, "Ковид-19" нь "олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал" хэвээр байна, аль ч үед хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг улс орнуудад зөвлөв.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Нэг сайн мэдээг хуваалцмаар байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд "Ковид-19" халдвараар нас баралт халдварын эхний үе шатнаас хойших хамгийн доод цэгт хүрсэн" гэжээ.

ДЭМБ-аас гаргасан цар тахлын талаарх долоо хоног тутмын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, 4-р сарын 4-өөс 10-ны хооронд дэлхий даяар халдварын тохиолдол болон нас баралтын тоо гурав дахь долоо хоног дараалан буурсан байна. 7 сая гаруй шинээр батлагдсан тохиолдол, нас баралтын 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 24%, 18% хувиар тус тус буурчээ.

Гэхдээ Тедрос мөн сануулж хэлэхдээ: "Зарим улсад тохиолдлын огцом өсөлт ажиглагдаж байгаа нь эмнэлгүүдэд дарамт учруулж байна. Халдварыг оношлох шинжилгээний тоо илэрхий буурч байгаа тул халдварын хандлагыг хянах чадварт нөлөөлж байна. " ДЭМБ вирус хэрхэн хувирч байгааг хянахын тулд коронавирусийн дээжийн 5-аас доошгүй хувийг дараалалд оруулахыг бүх улс орнуудад уриалж байна.