АНУ-д шалтгаан нь тодорхойгүй элэгний үрэвслээр 5 хүүхэд нас баржээ
2022-05-07 14:07:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 6-нд мэдээлснээр, Америкт шалтгаан нь тодорхойгүй хүүхдийн элэгний цочмог үрэвслийн нийт 109 тохиолдол бүртгэгдсэнээс 5 нь нас баржээ. Тус агентлаг эдгээр тохиолдлын шалтгааныг судалж байгаа бөгөөд хүүхдийн элэгний үрэвслийн тохиолдлууд нь Ковид-19-ийн халдвар авах эсвэл Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэнтэй холбоотой гэснийг нотлох баримт байхгүй байна.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд, шалтгаан нь тодорхойгүй хүүхдийн элэгний үрэвслийн эдгээр тохиолдлууд АНУ-ын 25 муж улс, бүс нутгийг хамарсан бөгөөд өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь эмнэлэгт хэвтэж, 14 хувь нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэв. Мөн өвчтөнүүдийн талаас илүү хувь нь аденовирүсийн халдвартай байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын дэд захирал Жей Батлер хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хүүхдүүдэд хүнд хэлбэрийн элэгний үрэвсэл маш ховор тохиолддог. Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон муж улсын эрүүл мэндийн газар шинжилгээ хийж байгаа бөгөөд уг өвчин юунаас үүдэлтэй, эсвэл хоорондоо ямар холбоотой эсэх нь хараахан батлагдаагүй байна. Эдгээр тохиолдлуудад вируст элэгний үрэвслийн зарим нийтлэг шалтгааныг илрүүлээгүй.

Сүүлийн үед дэлхийн олон оронд шалтгаан нь тодорхойгүй хүүхдийн элэгний үрэвслийн тохиолдол бүртгэгдэж байна. ДЭМБ-ын мэдээлснээр 5-р сарын 1-ний байдлаар дэлхийн 20 улс орны 228 тохиолдлыг бүртгэгдсэн юм.