Эрик Ван Ренен бол Нидерландын бизнесмэн юм. 2006 онд тэрээр Хятадад бизнес эрхлэх боломж хайж, Гуандун мужийн Жянмэнь хотод суурьшсан байна. Ван Ренены хобби бол обой тоглох. Жянмэньд ирснийхээ дараа тэрээр тус хотын симфони найрал хөгжмийн хамтлагт орж, өөрийн авьяас чадвараа үргэлжлүүлэн харуулж, хөгжмийг соёлын солилцоог дэмжих холбоос болгон ашиглахыг хүссэн байна.
Ван Ренен Нидерландад хөгжмийн гэр бүлд төржээ, түүний өвөө болон аав нь бүгд хөгжимчин байсан бөгөөд гэрт нь янз бүрийн хөгжмийн зэмсэг дүүрэн байжээ. Фан Ренен 5 настайгаасаа хөгжим сурч эхэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: “би 5 настай байх үед, манай хөгжмийн сургуульд жил бүр хөгжмийн арга хэмжээ болдог байв. Тэрхүү арга хэмжээнд бүх багш нар зарим сурагчдад хөгжмийн зэмсгээ авчирч өгөн хичээл заадаг учраас хөгжим тоглохыг шууд сонсож, үзэж, бас янз бүрийн хөгжмийн зэмсгийг туршиж үзэх боломжтой байдаг. Обойг анх олж хараад, дууг нь сонсоод л шууд л миний хамгийн дуртай хөгжмийн зэмсэг юм байна гэж бодсон, түүний эхшиг дуу үнэхээр сайхан сонсогдож байсан” гэжээ.
Тэр цагаас хойш Ван Ренен болон обой хоёр салшгүй хувь барилдлагатай болж, мэргэжлийн түвшинд суралцах замдаа орсон байна. Хөгжмийн дээд сургуулийг төгссөний дараа Ван Ренен мэргэжлийн хөгжимчин болж, найрал хөгжмийн хамтлагаа даган дэлхийн олон газраар тоглох болжээ. Дараа нь бизнес эрхлэхдээ ч энэ хөгжмийн зэмсэгт дурласан сэтгэлээ орхиогүй юм.
2006 онд Ван Ренен ажлын шалтгаанаар, Хятадын Гуандун мужийн Жянмэнь хотод ирж суурьшсан байна. Санамсаргүй тохиолдлоор Ван Ренен нутгийн симфони найрал хөгжмийн хамтлаг обойчдыг элсүүлж байгааг мэдээд тэр даруйд нь тус хамтлагт элсэхээр бүртгүүлжээ. Тэрээр байнгын бэлтгэл сургуулилтаа хийхийг баримталж, найрал хөгжмийн тоглолтод оролцдог байна. Энэхүү найрал хөгжмийн хамтлагт Ван Ренен хөгжим өөрт нь авчирсан сайн сайхныг дахин олж авсан байна.
Тэрээр хэлэхдээ: “Жянмэний симфони найрал хөгжмийн хамтлагт хөгжимчин байх нь маш сонирхолтой явдал юм, энэ нь хөгжим хамтран бүтээхийн сайн сайхан зүйл болно. Миний хятад хэл тийм ч сайн биш, би түүнээсээ болж их ичдэг юм, гэхдээ хөгжмийн хувьд би хамтлагийн бусад хөгжимчидтэй нийтлэг хэлтэй байдаг. Тиймээс бид ярихгүй байсан ч гэсэн харилцан ойлголцож чаддаг” гэжээ.
Ван Ренен хэлэхдээ: хэдийгээр Жянмэний хөгжмийн хөгжил анхлан шатандаа байгаа хэдий ч түүнд оролцож, орон нутгийн хөгжмийн салбарт өөрийн хүчээ нэмж байгаадаа би маш их баяртай байна гэжээ.
Өдгөө Ван Ренен Жянмэнь хотод 16 жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд энд гэр бүлээ байгуулж, илүү тогтвортой ажил мэргэжилтэй болсон байна. Орон нутгийн соёлд гүн гүнзгий нөлөөлөгдсөн Ван Ренен Жянмэний өвөрмөц гаралт Шинхуй хэмээх жүржийн хальс цуглуулах болсон байна. Тэрээр хятад хоолонд дуртай бөгөөд нэн ч өөрөө хятад хоол хийхийг илүүд үздэг байна. Энгийн цагтаа тэрээр ихэвчлэн гурав, таван найзаа урин гадагш зугаалж, Хятадын Жянмэнь нутгийн сэтгэл татам өвөрмөц байдлыг мэдэрч явдаг ажээ.
Тэрээр хэлэхдээ: “би энэ хотын байгаль орчинд дуртай, Даши Кэн цэцэрлэг, Дүнхү цэцэрлэг гэх мэт, Хилийн чанад дахь хятадуудын гүн гүнзгий түүх энд бий, бидний харж байгаачлан Кайпин Дяолоу том барилгыг хилийн чанадад байгаа хятадууд сэргээн барьсан юм, түүнчлэн энэ хот дэлхийтэй маш нягт холбоотой гэдгийг надад мэдрүүлсэн юм” гэжээ.
Ван Ренен эхнэрийнхээ хамт Жянмэнь хотод гэр ахуйн барааны компани ажиллуулдаг. Тэрээр хэлэхдээ: Жянмэнь хот нь Жүжян мөрний гурвалжин хойгийн бүсэд байрладаг, байршлын давуу талтай бөгөөд зам тээвэр ихээхэн хөгжсөн байдаг, Гуанжоу, Шэньжэнь эсвэл Гуандун мужийн бусад хэсэгт очиход маш дөхөм байдаг. Гуандун Хонконг Макаогийн их булангийн бүтээн байгуулалт ахиж, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” хэрэгжиж эхэлснээр, Жянмэнь хот хөгжлийн маш өргөн дэлгэр хэтийн төлөвтэй байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Жянмэнь хот нь Гуандун, Жүжян мөрний гурвалжин хойгийн бүстэй маш сайн харилцаа холбоотой байдаг. Бид эндээс олон ханган нийлүүлэгчийг олох боломжтой бөгөөд энэ нь бидний бизнес үйлдвэрлэлд маш их ашиг тустай байдаг. Мөн энд зам тээвэр дөт дөхөм байдаг, одоо төмөр зам нь илүү сайн болсон тул энэ газарт ирж суурьшсан нь үнэхээр сайн сонголт болсон юм” гэжээ.