Лисичанск хотыг бүрэн бүсэлсэн гэж мэдэгдэв
2022-07-03 15:45:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 2-ны өдөр ТАСС агентлаг Луганскийн зэвсэгт хүчний гаргасан мэдээллээс иш татан мэдээлэхдээ, Оросын арми болон Луганскийн зэвсэгт хүчин Лисичанск хотын эргэн тойрон дахь бүх стратегийн командлалын өндөрлөгүүдийг хяналтдаа авч, хотыг бүхэлд нь бүсэлсэн гэжээ.

Үүнээс гадна Оросын арми болон Луганскийн зэвсэгт хүчин ойрын хэдэн хоногт Лисичанск хотыг бүрэн хяналтдаа авна гэж Луганскийн дотоод хэргийн газрын даргын туслах мэдэгдэв.

Украины Төрийн мэдээллийн агентлагийн 7-р сарын 2-ны өдөр мэдээлснээр, Украины Батлан хамгаалах яам мөн өдөр, Украины зэвсэгт хүчин Германы PzH-2000 өөрөө явагч гаубицыг хүлээн авсан бөгөөд Украины зүүн нутгийн фронтод ашигласан гэжээ. Украины Батлан хамгаалах яам мөн үүнтэй холбоотой видеог нийтэлсэн байна.

5-р сарын 6-нд Германы Батлан хамгаалахын сайд Ламбрехт Украинд долоон PzH-2000 өөрөө явагч гаубицыг нийлүүлэхийн зэрэгцээ Украины армийг сургалтад хамруулахаа мэдэгдсэн юм. Украины Зэвсэгт хүчний их бууны болон техникийн бие бүрэлдэхүүн 5-р сарын 10-нд Германд хүрч, PzH-2000 өөрөө явагч гаубицын дадлага хийж эхэлсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, PzH-2000 өөрөө явагч гаубиц нь хурдан бууддаг, өндөр нарийвчлалтай гэдгээрээ онцлог бөгөөд алсын зайн бай руу эрчимтэй довтолж чаддаг.