Тариалалтын эрдэм технологи эзэмшсэн Янь Шу-янь
2022-07-06 18:29:52
Share
Share this with Close
youtube WeChat

Савласан уусмалыг тээх, нисэх, шүрших үйл явц дараалалаар дроныг нэгэн эмэгтэй тун чадварлагаар удирдан ажиллуулахад хөдөө аж ахуйн таримлыг арчлан хамгаалах зориулалттай дрон “зөгий” мэт дуу гарган дэгдэн нисэж, усан тутаргын олон хэсэг талбайнуудаар аажимхан нисэн өнгөрч, автоматаар шүршиж эхэлдэг. Дрон ажилуулагч энэ эмэгтэй бол Хятад улсын баруун өмнөд хэсгийн Чунчин хотын Юншин тосгоны үр тариа тариалагч томоохон өрх Янь Шу-янь юм. Тэрбээр 106 га тариалангийн талбайг даачлан авч, орчин үеийн шинжлэх ухаан технологийг ашиглаж, машин механик хэрэглэн тариалж, хөдөө аж ахуйн тариалалтаар баяжин чинээлэгжих хүсэл зорилттой тэмүүлж байгаа юм.

1983 онд төрсөн Янь Шу-янь олон жилийн туршид өөр газарт очиж хөдөлмөр эрхэлж байжээ. 2018 онд нутаг буцаж төрөл төрөгсдөө эргэхээр ирсэн Янь Шу-янь тосгон нь урьд өмнөхөөсөө өөрчлөгдсөнийг харж, түүнчлэн улсаас хөдөө аж ахуйд үр өгөөж хүртээх, хөдөө аж ахуйг дэмжих багц бодлогууд гаргасныг сонсож, тэрбээр “хөдөө аж ахуй эрхлэхэд орлого бүтээх боломжтой, ирээдүйтэй” гэдгийг тодорхой мэдсэн байна. Өөр газар олон жил ажил хөдөлмөр хийж явсан тэрбээр нөхөртэйгөө удаа дараа зөвшилцсөний эцэст нутаг буцаж үйлс бүтээн, шинэ үеийн тариаланчид болохоор шийдсэн байв.

Тун ч удсангүй нөхөр гэргий хоёр 20 га талбайг даачлан тариалах гэрээнд гарын үсэг зурж, усан тутарга тарьжээ. Анх эхлэхэд хөдөлмөр хүч олдохгүй, эзгүй газрын өндөр өвс ургамалууд нь салхи нэвтрэхээргүй шигүү байсан тул тэд өдөр бүр тариалангийн талбайгаа арчилдаг байв. Сорго үрлэхэд Янь Шу-янь 40 кг төхөөрөмжийг үүрч өглөөнөөс үдшийн бүрий болтол үр цацадаг байв. Тариалангийн ажил ид яарах үед тэр арван хэдэн цагаар залгаагаар ажиллаж, машиндаа арав гаруй хоног байрладаг байжээ. Нөхөр гэргий хоёр нямбай сайтар арчлан тариалсны эцэст сайн хураалт авч, тухайн жилдээ 200 мянган юанийн орлого олж, авсан зээлийнхээ хагасыг нь барагдуулжээ. Орлого олсон Янь Шу-янь орлогоо дахинаар нэмэгдүүлж болох итгэл төрсөн байна.

Орчин үеийн хөдөө аж ахуй тасралтгүй хөгжиж буйг нүдээр харсан Янь Шу-янь нөхрийнхөө хамт нэг ширхэг нь 100 мянга гаруй юанийн үнэтэй тариалангийн машин худалдан авч, машин механик хэрэглэн тариалахыг эхлэн туршжээ. Бага сургууль төгссөн мэдлэгтэй Янь Шу-янь нөхөртэйгөө олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, олон хүнээс лавлан асууж, сурч, тариалах хэр түвшнээ тасралтгүй сайжруулжээ. Алгуур аажимдаа Янь Шу-янь трактор, комбайн, газар хагалагч, үрлэгч машин жолоодож чадах болсон төдийгүй ургамал хамгааллын дрон ашиглан үрлэх, бордох, уусмал шүрших, тэр байтугай машин механикт дөхөм завсар хийчихдэг ч болж, жинхэнэ шинэ үеийн тариачин эмэгтэй болжээ. 

Аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээгээ өргөжүүлэхийн тулд Янь Шу-янь, нөхрийнхөө хамт хоршоолол байгуулж, тэд ойр зэргэлдээх 4 тосгоны газар тариалангаар очиж, ойролцоох тосгонуудын 80 шахам илүүдэл хөдөлмөр хүчийг хоршоололынхоо ажилд авч, тэдний доторх газар тариалангийн менежментийн ажилтнууд нь баазад гурав дөрвөн сар ажиллаад 10 мянга гаруй юанийн орлого олжээ.

“Улсын сайн бодлого байсны ачаар ажил хөдөлмөрөө орхилгүй баримталж өдийд хүрлээ, бид сайн ухамсартай тариаланчид байх ёстой. Чанарлаг үр тариа тариалан, чанарлаг үр тариа нийлүүлж, түүнчлэн тосгоны иргэдээ дагуулан хамтдаа баяжин чинээлэгжих ёстой” гэж Янь Шу-янь хэлсэн байна. Цаашид тэрбээр үргэлжлүүлэн сурч, хөдөө аж ахуйн тэргүүний технологийг ашиглан, үр тарианы үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ үр тарианы чанарыг ч дээшлүүлж, өөрийн гэсэн брэндээ бүтээх төлөвлөгөөтэй байна. 

Уртнасан