Италийн По голын сав газарт ноцтой ган болов
2022-07-06 18:03:29
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн хэсэг хугацаанд хур тунадас багассан, цаг агаар халсан тул Италийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чухал бүсийн нэг болох По мөрний сав газарт сүүлийн 70 жилд тохиогоогүй ноцтой ган болжээ. Тухайн нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ихээр буурч, их төлөв 3 тэрбум еврогийн эдийн засгийн гарз хохирол учруулсан байна.

Ноднин өвөл уулархаг бүсээр буусан хур тунадас өмнөх өмнөх жилүүдийн тал хувьд ч хүрээгүй, энэ онд По мөрний сав газарт 120 гаруй хоног хур бороо ороонгүй тул Италийн хамгийн урт гол мөрөн По мөрөн хийгээд Тичино энэ хоёр мөрний эх авсан Альпийн уулархаг бүсийн голын усны түвшин багасаж, ил гарсан голын ёроол, хөвөөний элс шороо хуурайшсан байна.

Хур тунадас дутагдсан төдийгүй сар шахам үргэлжилсэн хэт халсан цаг агаар нь По голын сав газарт ган үүссэн бас нэгэн шалтгаан болов. Үүний улмаас По голын усны түвшин ердийн үеэс 3.3 метрээр буурч, урсгал 80%-иар багассан нь сүүлийн 70 жилд тохиогоогүй байна. По мөрний сав газар бол Италийн хөдөө аж ахуйн үйлвэрлэлийн хамгийн чухал бүсийн нэг. Тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамгийн томоохон нийгэмлэг болох Италийн фермерүүдийн үндэсний холбооны Эдийн засгийн асуудал хариуцсан албан тушаалтан Лорензо Баззана хэлэхдээ, ноцтой ган эндэхийн хөдөө аж ахуйд хүндхэн гарз хохирол учруулав гэсэн байна. Тэрээр хэлэхдээ, "Одоог хүртэлх байдлаар, ган нь 3 тэрбум евро орчим гарз хохирол учруулсан гэж бид таамаглаж байна. Тэжээл, арвай, улаан буудай зэрэг одоо хурааж буй таримлуудын хураалт багассан. Үүнээс гадна бусад үр тариа, жимс жимсгэний үйлдвэрлэл ч өөдрөг бус байна. Учир нь эдгээр таримлуудын хураалт ч багасах юм" гэжээ.

Европын усан тутаргын бараг тал хувийг нь Итали улс үйлдвэрлэдэг. Усны нөөц баялаг, усжуулахад дөхөм хямбар байдаг тул По мөрний сав газарт Италийн усан тутаргын тариалалтын талбайн 98% хувь нь төвлөрсөн байдаг. Гианлуйги Такчини Ломбарди бүсийн Павиа хотоос холгүй орших По мөрний хөвөөнд 82 га талбайд төрөл бүрийн хөдөө аж ахуйн таримал тариалдаг. Ноднин өвөл буусан хур тунадас бага тул тэрбээр энэ онд усан тутаргын тариалалтаа багасгаж, ноднин 40 га-д тариалсан бол энэ жил ердөө 22 га-д тариалжээ. 70 жилд тохиогоогүй ноцтой гангийн улмаас түүний үйлдвэрлэл нь тал хувиар хумигдаж болзошгүй байна. Тэрээр хэлэхдээ, " Хохирлыг тогтоон барьж болох эсэхийг би мэдэхгүй байна. Учир нь энэ үед бол сайн сайхан хураалтын улирал байдаг байсан. Гэтэл энд одоо ус дутагдаж, тариалангийн таримал богинохон байсаар юм. Ус бол байгаль амьдралын эх ундрал юм" гэжээ.

Саяхан Ломбарди бүсийн захиргаа тус бүсэд онц байдал зарлаж, ус хэмнэн хэрэглэхийг оршин суугчдад шаардан, ус хэмнэх арга хэмжээний хэрэгжилтэд холбогдох салбар хяналт тавьж, хөдөө аж ахуйн усжуулалтад хэрэглэх усыг хамгийн түрүүнд баталгаажуулна гэсэн байна. Италийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хорогдол хэрэв 30%-иас давахад хүрвэл Италийн засгийн газар эрс тэс цаг агаарын онц байдал зарлана гэжээ. Гэхдээ, Италийн фермерүүдийн үндэсний холбооны Эдийн засгийн асуудал хариуцсан албан тушаалтан Лорензо Баззанагийн үзэж байгаагаар, ган үргэлжилсээр буй нөхцөл байдалд хөдөө аж ахуйн таримлын үйлдвэрлэлийг хорогдуулахгүй байна гэдэг бол маш хүндрэлтэй, сэргийлэх ажлыг илүү хийхээс өөр арагүй гэсэн юм. Тэрээр хэлэхдээ, "Зохих үйл ажиллагаа авахыг бид засгийн газарт шаардсан. Хэдэн жилийн өмнө бид нэн олон усан сан байгуулах, иймэрхүү нөхцөл байдал үүсэхээс зайлсхийх тухай “Цөөрмийн төлөвлөгөө” гэх төлөвлөгөөг дэвшүүлж байсан. Үүнээс гадна, гамшигт хамгийн ноцтой өртсөн, усжуулалтын эх үүсвэр олох боломжгүй байгаа хөдөө аж ахуйн компаниудад туслалцаа үзүүлэхийг бид засгийн газарт хүсэж байна" гэжээ.

Италийн олон газрыг хамарсан одоогийн халуун хуурай цаг агаар 7-р сарын 5, эсвэл 6-ныг хүртэл үргэлжилнэ гэж цаг уурын салбарынхан таамаглажээ. Гианлуйги Такчини сурвалжлагчид хэлэхдээ, тэрбээр усан тутаргаа 8 хоног тутамд усалдаг байсан бол харин одоо 18-20 хоногт нэг удаа услаж байна. Наранцэцэг, шар буурцаг зэрэг ганд тэсвэртэй таримал тарьж хохирлоо бага боловч нөхөх хэрэгтэй байна. Энэ улирлын усан тутаргын эцэсийн хураалт хэдий чинээ хорогдох нь 7-р сард хангалттай хур тунадас буух эсэхээс шалтгаална гэлээ. Тэрээр хэлэхдээ, "Би насаар 50-ыг давлаа. Энэ насандаа ийм ноцтой ганг үзээгүй юм байна. Энэ жил долоон сарын туршид хур бороо ороогүй ийм ноцтой ган боллоо, үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Бид тариалж, ургац хураалт авдаг нь эдгээр хүнсийг Италичуудынхаа өдөр тутмын хэрэглээнд нь хүргэж, хүмүүсийг идэх юмтай байлгахын төлөө юм. Хэрэв нэг долоо хоногийн дараа бид тариалангаасаа мөхлөг хураалт ч олохгүй, тарьсан зүйлс газартаа хатахад хүрвэл үнэхээр сэтгэл эмтэрмээр явдал болох юм" гэжээ.

Уртнасан