Хэрэглээг эрчимжүүлэх зорилгоор 100 сая юанийн талон тараав
2022-07-22 16:41:17
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотын захиргаанаас гуанз ресторанаар үйлчлүүлэх 100 сая юанийн талоныг 7-р сарын 18-наас эхлэн хэрэглэгчдэд олгож эхлэв. Талоноор үйлчлүүлэх газрууд нь өргөн сонголттой бөгөөд Бээжин хотын нийтийн хоолны 70 мянга гаруй рестораныг хамарчээ. Эдийн засаг нийгмийн хөгжлийн эргэлтийг сэргээж, хэрэглээг өргөтгөхийн тулд  хотын захиргаанаас авч хэрэгжүүлж буй гурван чухал арга хэмжээний нэг нь энэ юм. 

Иргэдийн хэрэглээ хийгээд улс орны эдийн засгийн үзүүлэлт нэг шугаман дээр харилцан хамааралтай оршдог. Олон жилийн хүчин чармайлтаар хэрэглээ нь өдгөө Бээжин хотын эдийн засгийн өсөлтөд 70 хувийн ашиг нэмэр оруулах болсон. Хэдийгээр цар тахал нөлөөлсөн ч гэсэн Бээжингийн "нийслэлийн хэрэглээний" цар хүрээ өргөжсөөр, хэрэглээний бүтэц шинэчлэгдэж буй ерөнхий чиг хандлага ажиглагдсаар байгаа юм. Хэсэгхэн хугацаанд түр буураад байсан хэрэглээний идэвхийг дахин сэргээснээр иргэдийн хэрэглээ улсын эдийн засгийн эргэлтэд цаашид асар их үүрэг гүйцэтгэх болно.

Сүүлийн үе цар тахлыг хазаарлаж, үйлдвэрлэл, бизнес, зах зээл хэвийн горимдоо орохтой зэрэгцэн Бээжингийн захиргаанаас хотын алслагдсан дүүргүүдээр аялах, үдшийн зугаа цэнгээний арга хэмжээ зохиох, үүлэн үзэсгэлэн ажиллуулах, үүлэн концерт дэглэх зэрэг арга хэмжээ авч, хэрэглээний орон зайг тэлсээр байна. Үүний зэрэгцээ хэрэглээний талон тараасан нь зах зээлийг сэргээхэд түлхэц өгөх юм.

Судалгаагаар 1 юанийн талон нь 3.5 юанийн хэрэглээг нэмж шаарддаг юм байна. Бээжин хотын 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад тухайн үед 39 сая юанийн хэрэглээний талон тараасан нь 13 тэрбум 520 сая юанийн ашиг орлого авчирч, зах зээлийг 14.8 дахин дайчилсан байна. Иймээс энэ удаа тарааж буй хэрэглээний талон ч гэсэн иргэдийн гар дээрх мөнгийг зах зээлийн эргэлтэд оруулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж.
Хэрэглээг дайчлах бодлого үр дүнгээ өгч эхлэх нь гацаагүй боловч цар тахлын эрсдэл мөн л оршсоор байгаа билээ. Бээжин хотод ч мэр сэр тохиолдол бүртгэгдсээр байна. Иймээс зах зээлээ эрчимжүүлэхийн хажуугаар бас халдвар хамгаалалтын ажлаа сайтар хийж, сонор сэрэмжтэй байх нь илүүдэхгүй биз ээ.