Шри Ланка дампуурсан нь Хятадтай ямар ч холбоогүй
2022-07-29 16:51:22
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 7-р сарын 6-нд Шри Ланка улсын ерөнхийлөгч тус улс дампуурсныг зарласан юм. Энэтхэгийн далай дээрх гэрэлт сувд гэж алдаршсан Шри Ланка улс яагаад ийнхүү гэнэт дампуурсан талаар  хүмүүс янз янзаар ярьж бичиж байна.

Энэтхэг улсын өмнө талд орших Шри Ланка улс 2009 оноос өмнө урт хугацаа дотоодын дайнд автаж эдийн засаг нь сул дорой байсаар ирсэн юм. 2009 онд мөргөлдөгч талууд хэлэлцээний ширээний ард сууж иргэний дайнаа дуусгаснаас хойш тус улсын ДНБ нэг үе сэргэн хөгжиж 2019 он гэхэд иргэн тутамд оногдох ДНБ нь 4225 ам долларт хүрч байв. Гэтэл зуун жил тохиолдоогүй дэлхийн эдийн засгийн огцом савлагаанд өртөж, инфляц нь тэнгэрт хадаж, хүнсний бараа, бензин шатахуун, эм бэлдмэл хомстож, иргэдийн дургүйцэл дээд цэгтээ тулж улмаар ийнхүү дампуурлаа зарласан юм.

Шри Ланка улс яагаад эдийн засаг нь тийм түргэн хөгжиж байсан мөртлөө гуравхан жилийн дотор дампуурахдаа тулсан бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнд хүмүүс янз бүрийн тайлбар өгч буй ч, улс төржих дуртай зарим нь Шри Ланкын дампуурал Хятадын өрийн зангаас боллоо гэж гүжирдэж байна. Бас зарим нь Монгол улс хоёр дахь Шри Ланка болох гэж байна гэх мэтээр цуурах болов. Үнэн хэрэг дээрээ Шри Ланка ганцхан Хятад улсаас зээл аваагүй. Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн сан, Япон, Америк, Хятад, БНСУ гээд бусдад хэдэн цаас өгчих тэнхээтэй бүх улс орон, олон улсын байгууллагаас зээл авсан юм. Тэдгээрийн дотроос зөвхөн Хятад улсыг онцлон сугалж аваад хэл ам таталж буйг дайсагнасан үйлдэл гэж үзэхээс аргагүй.

Тэгвэл Шри Ланкын дампуурлыг улс төржилтгүй, бодитоор авч үзье. Хамгийн түрүүнд 2019 онд тус улсад болсон террорист халдлага тэдний хамгийн өгөөжтэй салбар болох аялал жуулчлалын салбарт 1 тэрбум ам долларын алдагдал учруулж, тэр чигт нь элгээр нь хэвтүүлсэн билээ. Түүнийг залгаад дэлхийн дахиныг хамарсан цар тахал Шри Ланкаг тойроогүй. Орос Украины мөргөлдөөний улмаас болж дэлхий нийтэд нүүрлээд буй эдийн засгийн уналт Шри Ланка улсыг дампуурлын ангал уруу түлхсэн гэж хэлж ч  болохоор байгаа юм.

Үүнээс гадна энэ оны эхээр Энэтхэгийн далайн эргийн орнуудад олон жил тохиолдоогүй ган гачиг болсноос тутарга тариалалт болон хүнсний ногооны салбар ургац алдаж, байгалийн энэ гачаалаас усан цахилгаан станцууд цахилгаанаа гаргаж чадахгүйд хүрч, хөдөө аж ахуйн салбар уналтад орсон байна. Бангладешийн нэхмэлийн салбар түргэн хөгжиж Шри Ланка улсын цорын ганц өрсөлдөх чадвартай салбарын орон зайг шахсан нь тус улсыг бүдэрсэн дээр нь нударсан хэрэг болсон юм.

Америкийг чиглэсэн хөрөнгийн урсгал Шри Ланка улсын тоотой хэдхэн валютын нөөцийг хоосолсны дээр тус улсын дотооддоо хэрэгжүүлсэн хэмжээ хязгааргүй халамжийн бодлого, бэл бэнчингүй байтлаа органик хүнсний ногоо хөгжүүлэх гэж хэт туйлширсан зэрэг нь тус улсыг эмгэнэлт байдалд хөтөлсөн гэж хэлж болно. Энэ бүхнийг харгалзахгүйгээр юм л болвол нүдээ аньчихаад бүх бурууг Хятад уруу тохоод байдаг нь инээдтэй санагдаж буй юм. Тэгж яривал Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд Шри Ланка улсыг дампуурал уруу түлхэх биш, харин ч хямралын дараа халуун гараа сунгаж, чадахын чинээгээрээ дэмжиж тусалж буй юм. Эдгээр дэмжлэг тусламжийн ачаар тус улсын байдал аажмаар тогтворжиж, шинэ засгийн газар нь ажлаа эхлүүлж, ОУВС-тай яаралтай хэлэлцээ хийж, шинэ зээл авч эдийн засгаа сэргээн хөгжүүлэх арга замаа хайж эхлээд байна. Ийнхүү хонгилын үзүүрт гэрэл тусаж мэдэхээр нөхцөл байдал үүслээ. Эдгээр үйл явдал эрхбиш хүмүүст нэгийг бодогдуулах буй заа.