Орос, Украины мөргөлдөөн Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөх үү?
2022-07-31 21:45:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орос-Украины мөргөлдөөн үүссэнээс хойш зарим улс орнууд Оросын эсрэг олон хориг арга хэмжээ авснаар дэлхийн эрчим хүчний зах зээлд асар их сөрөг үр дагавар авчирсан юм. Тэгвэл энэ нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөх үү? Хятад улс ямар бэлтгэл хийх шаардлагатай тухай Хятадын үндэсний эрчим хүчний газрын холбогдох албаны хүн танилцуулжээ. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

27-нд Хятадын Үндэсний эрчим хүчний газрын дарга Жан Жяньхуа Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, ээдрээ будлиантай олон улсын нөхцөл байдал жич дотоодын өөрчлөлт, хөгжлийг тогтвортой явгадуулах хүндхэн ачаалал дор Хятад улс нээлттэй нөхцөлд эрчим хүчний аюулгүй байдлыг ханган, дотоодын эрчим хүчний хангамжийн баталгааг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжил, иргэдийн амьжиргааны хэрэгцээг тууштай дэмжиж байна гэжээ.

Жан Жяньхуа хэлэхдээ, 2018 оноос Хятад улс байгалийн хийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт болон хадгалалтын нэгдсэн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэснээр байгалийн хий хадгалж нөөцлөх хүчин чадамж ихээр дээшилж, сүүлийн гурван жил гаруй хугацаанд хадгаламж хоёр дахинаар нэмэгдсэн байна. Одоохон Хятадын гүний агуулахын хий нөөцлөх ажил саадгүй явагдаж байгаа тул хүйтний улирал эхлэхээс өмнө хадгаламжаа бүрэн бүрдүүлэх боломжтой. Урт хугацааны хувьд, "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний эцэс гэхэд Хятадын байгалийн хий нөөцлөх хүчин чадамж 2021 оны үндсэн дээр дахиад хоёр дахинаар нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.

“Дараагийн алхамд бид дотооддоо тулгуурласан, олон ургалч баталгаатай, нөөц хангамжийг нэмэгдүүлсэн, үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоог цааш нь боловсронгуй болгож, тогтвортой ханган нийлүүлэлт, эрсдэлээс сэргийлэх үр дүнтэй удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх болно. Олон улсын хамтын ажиллагааны хувьд, зөвшилцөл, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаар холбогдох эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч талуудтай уялдаа холбоогоо эрчимжүүлж, зүүн хойд, баруун хойд, баруун өмнөд болон далайн эрэг дагуух газрын тос, байгалийн хийн импортын дөрвөн том маршрутын аюулгүй үйл ажиллагааг баталж, улмаар олон улсын эрчим хүчний зах зээлийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа дэмжихээр хичээн ажиллах болно.”

Тоо баримтаас харахад, 2022 оны эхний хагаст Хятад улс 250 сая тонн нефть, 74.4 тэрбум шоо метр байгалийн хий, 115 сая тонн нүүрс, 2.96 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортолсон нь дотоодын эрчим хүчний хангамжийг хангахад идэвхтэй үүрэг гүйцэтгэжээ. 

Хятадын Эрчим хүчний үндэсний газрын Шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ли Чуанжүнь: Украины хямрал дэлхийн эрчим хүчний зах зээлд асар их сөрөг үр дагавар үзүүлсэн бөгөөд дэлхийн эрчим хүчний өөрчлөлтөд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ үүнээс болж дэлхийн эрчим хүчний ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлт шинэчлэлийн ерөнхий чиг хандлага өөрчлөгдөхгүй. Өнөөгийн байдлаар шинэ эрчим хүч нь улс орнуудын харилцан өрсөлдөх, хөрөнгө оруулалт хийх гол салбар болж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс шинэ эрчим хүчний салбарт тодорхой амжилт гаргаад байна.

 "Эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал, техникийн түвшин, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чадамж зэрэг нь бүгд дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн. Хятад улсын фотоволтайк зэрэг шинэ эрчим хүчний салбарын олон улсын дэх өрсөлдөх чадавх илт дээшилсэн. Тоо баримтын дагуу, 2022 оны эхний хагаст хилийн чанад дахь фотоволтайкийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их хэвээр бөгөөд тоо хэмжээ, үнэ ханш нь ч дагалдан өссөн байна. Түүнчлэн оны эхний хагаст фотоволтайк бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 25.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөлсөн оны мөн үеэс 113.1%-р нэмэгдсэн байна. "

Дэлхийн эрчим хүчний хангамж доголдолд орсон нөхцөлд ч Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн оргил үеийг угтах төлөвлөгөөгөө биелүүлэхэд бүрэн итгэлтэй байна гэж Жан Жяньхуа хэллээ. 

"Өнгөрсөн жил дэлхийн эрчим хүчний хангамжийн дутагдал, Европын олон орнууд дахин нүүрс ашиглаж эхэлсэн зэрэг нөхцөлд ч Хятадын уламжлалт бус эрчим хүчний хөгжил тогтвортой байж, нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь хэмжээ 0.7 нэгжээр өссөн байна. Одооноос 2030 он хүртэл уламжлалт бус эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь хэмжээ жилд дунджаар 1 нэгжээр өсөхөөр тооцоолбол 2030 он гэхэд нүүрстөрөгчийн оргил үеийг угтах төлөвлөгөөг амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна."