“Дорнын хүлс эртний хүрэл зэмсгийн үзэсгэлэн” болж байна
2022-08-01 16:48:16
Share
Share this with Close
youtube WeChat

2022 он нь БНХАУ болон БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жил, БНХАУ болон Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд гурван орны харилцааны хөгжилд чухал үе тохиож байна. Хятадын үндэсний музей байгуулагдсан 110 жилийн ойг тохиолдуулан Хятадын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний төв музей, Японы Токиогийн үндэсний музей хамтран 7-р сарын 26-с 10-р сарын 9-ны өдөр болтол “Дорнын хүлс-БНХАУ, БНАСУ, Японы эртний хүрэл зэмсгийн үзэсгэлэн”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Хятад, БНСУ, Японы үндэсний музейн нийт 50 орчим түүхэн дурсгалт хүрэл эдлэл хамрагдаж, гурван орны өвөрмөц соёлын уламжлал, технологи, урлагийн онцлогийг бүрэн дүүрэн харуулахыг зорьжээ.

Хятадын хүрэл эдлэлийн үнэ цэнэ, утга агуулга нь гайхалтай уран хийц, гоёмсог хэлбэр дүрсдээ байгаад зогсохгүй улс төр, зэрэг зиндаа, ёс зүй, соёл, шүтлэг, гоо зүйн баялаг агуулгыг шингээж байдгаараа онцлог юм. Ёслолын хүрэл хөгжлийн зэмсэг нь Хятадын соёлын суурь байж, дэлхийн бусад орнуудын хүрэл зэмсгийн соёлд гүн гүнзгий нөлөөтэй байж, хүн төрөлхтний эртний соёл иргэншилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Үзэсгэлэнгийн “Хятадын эртний хүрэл зэмсгийн соёл” гэх хэсэгт Хятадын Аньхүй мужийн Шөү Шяний Сайхөүгийн булшнаас олдсон хүрэл эдлэлийг дэлгэн үзүүлж байна. Чүньчөү гүрний сүүлч үеийн хааны онгон болох Шөү Шяний Сайхөүгийн булшнаас хоолны сав суулга, архины лонх, хөгжлийн зэмсэг, зэвсэг зэрэг олон төрлийн хүрэл эдлэл нийт 486 ширхэг олдсон бөгөөд урлагийн өндөр төвшний уран гойд хийцтэй, зарим нь урт бичээстэй байж, түүхэн үнэ цэнэ өндөр байдаг.

БНСУ-ын хүрэл зэвсгийн үеийн хүрэл эдлэлүүдэд сэлэм гол байрыг эзэлж, олон товчлуур бүхий хүрэл толь, төрөл бүрийн хүрэл хонх зэрэг нь ч Солонгосын хүрэл зэмсгийн соёлын чухал онцлог шинж болох юм. Эртний Солонгосын нийгэмд хүрэл сэлэм нь улс төрийн ноёрхлыг илэрхийлдэг байсан бол хүрэл толь, хонх нь мөн ч зэрэг зиндааны илэрхийлэл байдаг. Эдгээр хүрэл эдлэлүүд эртний булш бунхнаас нэгэн дор олддог байсан нь тухайн нийгэмд төрийн эрх мэдэл, сүсэг бишрэл нь нэгэн цогц байсныг харуулж байгаа юм. Буддын шашин дэлгэрч байсан Гүрёо эрин үед улс орны амар тайван, ард түмний аз жаргалт амьдралыг даатган залбирахын тулд бурхны хөрөг, бойпор, лааны тавиур зэргийг хүрлээр хийдэг болжээ. Энэ үеийн урчуул хүрэл зэмсэгт мөнгөн утас шигтгэх технологийг нарийн эзэмшиж өөрийн соёлын онцлогийг ил тод харуулж чаджээ. Үзэсгэлэнгийн “БНСУ-ын эртний хүрэл зэмсгийн соёл” -ын хэсэгт Солонгосын хүрэл зэмсгийн соёлын үүсэл хөгжлийг харуулахын тулд Лакаар бүрсэн хүрэл сэлэм, өнөөг хүртэл олдсон хамгийн эртний Горёгийн үеийн буддын шашны дүүжин хүрэл хонх, Горёогийн үеийн хамгийн том хүрэл бойпор, хамгийн эртний мөнгөн шигтгээтэй хүрэл сав зэргийг багтаажээ.

Японы эртний хүрэл зэмсгийн соёл нь Хятад болон Солонгосын хойгийн нөлөөг хүртсэн хэдий ч авах гээхийн ухаанаар хандаж, өөрийн гэсэн онцлогийг бий болгон хөгжсөн юм. Үзэсгэлэнгийн “Японы эртний хүрэл зэмсгийн соёл” хэсэгт Японы хүрэл эдлэлийн үүсэл хөгжлийн түүхэн ул мөр, Хятад, Солонгосын хойгтой хийсэн харилцаа, нөлөөг харуулахыг зорин, өргөн хүрэл жад, луун толь, хонхтой хүрэл бугуйвч зэргийг багтаажээ.

Азийн хөрш гурван орны хүрэл зэмсгийн соёл, түүний онцлог шинж, үүсэл хөгжлийн түүхийг нэгэн дор харуулж, Хятад, БНСУ, Япон гурван орны түүх соёлыг танин мэдэхэд нэгэн онцгой өнцгийг бий болгож буйгаараа энэ үзэсгэлэн онцгой юм. Гурван улсын хүрэл зэмсэг нь гурван орны түүх соёл, урлаг, харилцаа холбоог харуулаад зогсохгүй эртний түүхэн дурсгалт өвийг хамгаалах, судлах ажилд ч ихээхэн хувь нэмэр оруулах болно.