Дэлхийн хамгийн эртний гэгээн хайрын баяр
2022-08-03 17:18:02
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүрийн билгийн тооллын долдугаар сарын 7-нд хятадууд уламжлалт “Чиши” баяр буюу Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэг. Зөвхөн Хятадад төдийгүй Азийн бусад улсуудад ч өргөн дэлгэр тэмдэглэдэг энэхүү баяр нь 2000 гаруй жилийн түүхтэй, хамгийн эртний Хайрын баяр гэдгээрээ онцлогтой. Үхэрчин хүү, нэхмэлчин охины домгоос үүдэлтэй. Эрт цагт нэг ядуу хүү эцэг эхийгээ бие барахад ахтайгаа хамт аж төрөх болжээ. Бэргэн эгч нь их харгис хатуу зантай хүн байсан тул хүүд өвдөл цөвдөлхөн идүүлж, саравчинд хонуулдаг байж. Хүү өглөө бүр үхрээ бэлчээж, орой нар жаргахад л ирнэ. Ингэж явсаар хүү хөллөгөөний шартайгаа ихэд дасжээ. Хүү хамаг зовлон гуниглалаа ганцхан үхэртээ л дуулдаг байжээ. Үхэр өөдөөс нь ширтэх нь хүүгийн дуулахыг ойлгож байгаа мэт. Үхэрчин хүүг том болоход ах нь тэрхүү үхрийг өгөөд дуртай зүг рүүгээ яв гэв. Хүү эхлээд уулын хөндий өгсөж, ой шугуйг гатлан явсаар шөнө болов. Улмаар өөртөө нэг овоохой барьж жаахан газар хагалаад тариа тарьжээ. Гэтэл нэг өдөр үхэр нь гэнэт хүний хэлээр ярив гэнэ.“Маргааш бүрэнхий болоход баруун уулын цаана байгаа нууранд оч. Тэнд тэнгэрээс дагинууд ирж усанд орно. Чи тайлсан хувцаснаас улааныг нь аваарай. Түүний эзэн нь чиний заяаны хань юм” гэв. Хүү нөгөө газар нь очтол хүүхнүүд усанд орж байв. Тэдний хувцас дотроос хүү улаан хувцсыг нь аваад нуугдав. Тэд “орой боллоо, одоо явъя. Бурхан буурал ээж загнана” гэцгээжээ. Гэтэл нэг нь “Миний хувцас алга” гэжээ. Хүү гарч ирээд хувцсыг нь өгөөд зовлонгоо ярив. Дагина “Би бурхан буурал ээжийн зээ нь билээ. Намайг Нэхмэлчин гэдэг. Тэнгэрийн орныг хүмүүс жаргалтай гэж боддог байх. Гэвч тэнд чөлөө зав гэж байхгүй. Би чамтай үлдье” гээд үлджээ. Тэгээд хоёулаа овоохойдоо элгэмсэг сайхан амьдрах болов. Тэд хоёр ч хүүхэдтэй болжээ. Нэг өдөр үхэр уйлж байжээ. Юу болсныг асуувал “Миний үхэх цаг иржээ. Ширийг минь аваарай. Чамд тус болно” гэжээ. Тэр үед Бурхан ээж нь хилэгнэж, бүх дагинуудаа харанхуйн оронд насаар нь цөлөөд, зээгээ аваачихаар тэнгэрээс бууж ирэв. Ээж нь дагиныг аваачих гэж гараас нь чирэхэд дагина “Миний хүү аавдаа хурдан дуулга” гэж хэлж амжжээ. Үхэрчин эр гайхаш тасран сууж байтал үхрийн шир санаанд нь оров. Тэрээр ширээ нөмрөөд хоёр хүүгээ үүрээд эмгэнийг гүйцтэл, эмгэн мөнгөн самаа шидэхэд их том мөрөн гол үүсжээ. Тэгээд үхэрчин, нэхмэлчин хоёр маань хоёул их мөрний хоёр талаас бие биенээ харж хайрлахаас өөр аргагүй болов. Тэр мөнгөн гол нь даруй тэнгэрийн заадас болсон гэнэ. Тэгээд жил болгоны билгийн тооллын долдугаар сарын 7-нд мөнгөн гол дээгүүр шаазгайн гүүр тавигдаж, үхэрчин хүү, нэхмэлчин охин жилдээ ганц удаа уулздаг болж гэнээ... Үлгэр ингэж төгсөх бөгөөд Хайрын баяраар энэхүү үлгэрийн төсөөллийг бодит байдал болгон урласан эд зүйлс ихээр зарагдахын дээр үйлчилгээний байгууллагууд шаазгайн гүүрээр макет урлан дэлгүүр хоршоогоо чимэглэдэг билээ.